Airbus (англи хэлээр Э́йрбас; франц хэлээр Эрбю́с гэж дууддаг) 1960-аад оны сүүлээр европын хэд хэдэн нисэх онгоц үйлдвэрлэгч нар нэгдэж байгуулагдсан дэлхийн том нисэх онгоц үйлдвэрлэгч компаниудын нэг. Airbus маркийн нэр дор иргэний, ачаа тээврийн, цэргийн тээврийн нисэх онгоц үйлдвэрлэж байна.

Airbus А380

1960-аад оны эхэнд нисэх онгоцны зах зээл дээр америкийн Boeing, McDonnell Douglas, Lockheed зэрэг компаниуд тэргүүлж байсан бөгөөд европын нисэх онгоц үйлдвэрлэгч нар өрсөлдөхүйц онгоц зохион бүтээх хангалттай хөрөнгөгүй байжээ. Ингээд 1965 онд Франц, ХБНГУ, Их Британий тус салбарын тэргүүлэх компаниуд цугларч 300 хүний суудалтай, дунд зайнд нисэх чадалтай иргэний тээврийн нисэх онгоц зохион бүтээх төсөл эхлүүлжээ. Удалгүй Их Британи уг төслөөс гарч франц, германы компаниуд 1969 оны 5-р сард Хэлэлцээр байгуулсаны үндсэн дээр 1970 оны 12-р сард Францын Тулуз хотын орчим төвтэй "G.I.E. Airbus Industrie" консорциум байгуулжээ. Зохион байгуулалтын хувьд "groupement d’intérêt économique" (G.I.E., эдийн засгийн ашиг сонирхолын групп) хэлбэртэй байжээ.

1971 онд энэхүү консорциумд испаний "Construcciones Aeronauticas S.A. (CASA)" 4%, 1979 онд британий "Hawker Siddeley" 20 %-тай нэгдэн оржээ. Онгоцны бүхээгний дийлэнх хувийг ХБНГУ-д, сүүл нь Испанид, далавч нь Их Британид хийж эцсийн угсралтын ажил болон дотоод засал Францад хий болжээ; Анх "Rolls-Royce plc"- ийн хөдөлгүүр ашиглах байсан боловч төлөвлөгөөнөөс хоцорч байсан тул "General Electric"-ийн мотор суулгасан байна.

1972 оны 10-р сарын 28-нд А300 онгоцны нислэг үйлдсэн байна. Тогтмол нислэгийг 1974 оны 5-р сард "Air France" компани үйлдэж эхэлсэн байна. 1975 он гэхэд уг онгоцны захиалга 40 ширхэгт хүрч зах зээл дээр сонирхол татсан гол үзүүлэлт бол шатахуун бага зарцуулалт байсан юм. Сүүлд америкийн "Eastern Air Lines" компани шууд 4 ширхэг A300 худалдан авмагц бусад компаниуд улам ихээр сонирхож эхлэсэн түүхтэй.

1978 оны 7-р сард арай бага оворын А310 нисэх онгоцны зохион бүтээх ажил эхэлж анхны нислэгээ 1982 оны 4-р сард хийж "Lufthansa" анхны худалдан авагч болжээ. 1980 он гэхэд Airbus дэлхийд онгоц үйлдвэрлэлээрээ "Boeing" компаний араас хоёрдугаарт орох болжээ. 1984 онд А320 онгоц үйлдвэрлэж эхэлжээ (электрон зайны удирдах системтэй иргэний агаарын тээврийн онгоц бөгөөд "Boeing 737" онгоцны гол өрсөлдөгч болсон).

1990-ээд оны эхээр өмнөх загваруудаас илүү олон зорчигчийн суудалтай илүү хол нисэх хүчин чадалтай А330 болон А340 нисэх онгоцны загваруудыг үйлдвэрлэж эхлэв.

1997 онд хувийн "Airbus Corporate Jetliner" онгоцнууд бий болж эхэлсэн бөгөөд 1999 оноос цэргийн тээврийн "Airbus Military" онгоц үйлдвэрлэж эхэлсэн.

2007 онд А380 загварын хамгийн том онгоцны үйлдвэрлэл эхэлж (853 зорчигчийн багтаамжтай) анхны онгоцоо "Singapore Airlines" компанид 2007 оны 10-р сарын 15-нд нийлүүлсэн байна.

Airbus Монголд

засварлах

1998 онд МИАТ компани Эйрбас 310-300 онгоцыг анх түрээслэн авч нислэгтээ ашиглаж байсан.

Монгол Улс 2022 оны 12-р сарын 2-нд иргэний агаарын тээвэрт “Airbus” онгоцтой болов. Тодруулбал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд “Airbus А320-200” загварын зорчигч тээврийн агаарын хөлөг газардав. Тус онгоцыг иргэний агаарын тээврийн “Монголиан Эйрвэйс” компани хүлээн авсан. "Монголд зочлох жил"-ийн өмнө ийнхүү иргэний агаарын тээврийн тэргүүлэх зэргийн, дэлхийн хамгийн найдвартай “Airbus” онгоцоор агаарын тээврийн шинэчлэлээ хийв.

“Airbus А320-200” агаарын хөлөг зорчигч тээврийн зориулалтаар Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэж байна.