17 чингэлэг спиртын хэрэг

1997 онд Монгол улсын хилээр 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч нэрээр нийтдээ 340 тонн спирт болох нь тогтоогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэжээ. Энэхүү хэрэгт "Женко" группын ах дүү Х.Баттулга, Х.Баттуул, УИХ-ын экс гишүүн Ш.Сайхансамбуу, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ зэрэг олон хүнийг шалгасан байна. Хэргийг шалгах явцад тэрхүү асар их спиртыг ус болгон хэргийн баримтыг хуурамчаар үйлдэн хэргийг завхруулан мартуулсан түүхтэй. 1997 оны аравдугаар сарын 5-ны шөнө тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Билэгсайханы хувийн “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд байсан 17 чингэлэг спирт гэнэт алдагдсанаар энэ түүх эхэлдэг. Тэрхүү 17 чингэлэг спиртийг жижиглэнд шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил архи болох байсан гэдэг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн мансуурлын “хэрэгцээг” хангаж чадах хэмжээний спирт байсан гэсэн үг.

Тухайн үед ийм их хэмжээтэй спиртийг гааль, хил, цагдаа бүгд хуйвалдсан, урьдчилан бэлтгэсэн тохиолдолд л оруулж ирж чадах байсан. Орж ирсэн 17 чингэлэг спиртийг ариутгалын бодисоор сольж гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг Монгол телевизийн сэтгүүлчид хальсанд буулгасан нь дээрх хэргийн дуулианыг хоёрдугаар шатанд өрнүүлэх болсон. 17 чингэлэг спиртийн эзэн нь “Женко” компанийн захирал Х.Баттулгын ах эдүгээ “Талх чихэр” хувьцаат компанийн захирал Х.Баттуул байсан гэлцдэг.

Тэр 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор алга болгоод зогсохгүй хүн хөлсөлж Монгол телевизээс баримт болох хуурцгийг хулгайлуулсан нь барууны адал явдалтай киноны сюжетаас ч давж гарсан. Эцэст нь хэн ч үл мэдэх хоёр залуу хэргийг үүрснээр энэ адал явдал намжсан билээ.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхаарлыг хүртэл татсан уг хэрэгт хуулийнхан яагаад ийм өгөөмөр сэтгэл гаргасныг ойлгох хүн байдаггүй гэлцдэг. Энэ хэргийг Монгол улсын төр засгийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, бизнесийн компанийн эзэд бүлэглэн үйлдсэн бөгөөд мөн тэд нар хуйвалдан энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.