1-р сургууль (Өмнөговь аймаг)
Монгол улсын олон жилийн түүхтэй сургуулийн нэг Өмнөговь нэгдүгээр бүрэн дунд сургууль юм
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ууган сургууль түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус аймгийн Даланзадгад сумын 1-р бүрэн дунд сургууль нь 1927 онд Баяндалай сумын нутаг “Цагаан дэрс” гэдэг газар Танхимын сургууль нэртэйгээр 25 сурагч 2 багштайгаар байгуулж байжээ.
Уг сургууль нь манай улсын ууган сургуулиудын нэг юм. 1931 онд Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд нүүн ирж бага сургууль болж, 1942 онд бүрэн бус дунд сургууль, 1951 онд 10 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжиж, 1954 онд анхны 10-р ангиа төгсгөсөн байна.
10 жилийн дунд сургууль болж ажилласнаас хойш тус сургуулийн сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж багш, ажилтны хүний нөөцийн хангамж сайжирсаар байна. Түүнчлэн амжилт бүтээлээр манлайлж 2016 онд улсын тэргүүний сургууль болсон бол 2017 онд төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулж түүхт 90 жилтэйгээ золгож байгаа юм.
Төрийн дээд шагнал Алтан гадас одонт Нэгдүгээр сургууль 90 жилийн түүхэн босгон дээрээ 9000 гаруй төгсөгчдийг ажил амьдралын алтан босгоор хөтлөн оруулжээ. Одоогоор аймагтаа хамгийн олон хүүхэдтэй буюу 1700 гаруй сурагч, 100 гаруй багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулиас төр нийгмийн зүтгэлтэн, төрийн түшээд, үе үеийн алдар гавьяатнууд олноор төрөн гарсан байна. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан, уулын спортоор монголчуудаа дагуулан манлайлж буй уулчин Г.Өсөхбаяр нар уг сургуульд сурч байжээ.