Өршөөл
Өршөөл үзүүлэх (хууль эрх зүйн ойлголт) гэдэг нь ялтанг оногдуулсан эсвэл дараа нь оноож болох ялаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн дээд эрх мэдэл бүхий хуулийн этгээдийн (ихэвчлэн төрийн тэргүүн) үйлдэл юм. Өршөөлийн хуулиар урьд өмнө ял эдэлж байсан хүмүүсийн ял шийтгэлийг хасч болдог. Өршөөл үзүүлэх тухай акт нь тодорхой нэг хүн эсвэл хэсэг тодорхой хүмүүст хамааралтай байдаг.
Уучлал өршөөл бол төрийн эрх мэдэл, шударга ёсны тогтолцоотой нэгэн зэрэг бий болсон эрүүгийн хуулийн хамгийн эртний зүйлүүдийн нэг юм. Үүнийг олон мянган жилийн туршид Хаад өргөн хэрэглэж ирсэн. Өршөөл үзүүлэх эрхийг Хаад ихэвчлэн хэт өргөн хэрэглэдэг байсан тул энэ нь ихэвчлэн шүүхтэй ойр холбоотой гэмт хэрэгтнүүд их ашигладаг байв. Тиймээс гэгээрлийн эрин үед өршөөл үзүүлэх эрхийг олон алдарт сэтгэгчид (жишээлбэл, Кант, Вольтер) шүүмжилдэг байжээ.
Эдгээр үзэл бодол нь анхны хөрөнгөтний эрүүгийн хуулийг (Францын 1791 оны Эрүүгийн хууль) батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнд өршөөл үзүүлэх институтийг иргэдийн тэгш эрхийн зарчимд харшлахгүй гэж үздэг байжээ.
Гол төлөв тухайн улсын Үндсэн хуулиар төрийн тэргүүн нь өршөөл үзүүлэх эрхийг эзэмшдэг боловч зарим Холбооны улсуудад холбооны субьектийн (бүс нутгийн, мужийн) тэргүүн (жишээлбэл, АНУ -д дор дурдсан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд) эзэмшдэг. муж улсын харьяалал, холбогдох мужийн захирагч өршөөл үзүүлэх эрхтэй байдаг байна). Швейцар Улсад Үндсэн хуулийнхаа дагуу Өршөөлийг зөвхөн тус улсын парламент шийдвэрлэж үзүүлдэг байна.
Монгол Улсад
засварлахӨршөөл үзүүлэх эрх Эртний Хүннү бөгөөд Их Монгол улсын үед гарч ирсэн бөгөөд Манжийн дарангуйлалд болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (гол төлөв Улс байгуулагдсан тэгш ойгоор) үед ч мөн хэрэглэж байсан байна.
Монгол Улсын өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдана хэмээн заасан байдаг.
Монгол Улсад 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш "Өршөөл үзүүлэх тухай" 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль" баталж байжээ.
Хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 2-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ баталжээ. Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн дагуу 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэнэ. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 39 мянга гаруй этгээд хамрагдсан байна.
Энэ удаагийн Өршөөлийн хууль батлах даа Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/ , Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг өршөөлд хамруулаагүй байна. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа олон зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна.