Өлзийн Бадрах (1895-1937) нь Монгол Улсын төрийн сайд, улс төрийн зүтгэлтэн. 1924 онд БНМАУ-ын анхдугаар хуралд сонгогдож, Сангийн сайдын албан тушаалд томилогджээ. 1925-1932 онуудад МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар мөн сонгогдон ажилласан, 1932-1934 онд Эрүүлийг хамгаалах яамны сайдаар томилогдон ажиллаж байгаад 1934 онд хилс хэргээр ЗХУ-д цөлөгдөж, 1937 онд цаазлагдсан байна.

Өлзийн Бадрах

НамтарЗасварлах

Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуу буюу одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт 1895 онд төржээ. Гэрээр боловсрол олж хошуу тамгын газар бичээч, суман занги, хошууны тамгын газар мэйрэнгийн алба хашиж байжээ.1924-25 онд БНМАУ-ын Сангийн Яамны "анхны" сайд, 1925-27 онд МАХН-ын Төв Хорооны зохиолын хэлтсийн эрхлэгч, үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр тус тус ажиллаж байв. МАХН-ын "Баруунтан"ы эсрэг сөрөг хүчин болох "Зүүнтэн" нарын "Хөдөөгийн бүлэг”-ийн 2 удирдагчийн нэгэн болж удирдах болжээ. 1928 онд зүүнтнүүд засгийн эрхэнд гарахад Бадрах МАХН-ын Төв Хорооны үзэл суртал, эрүүлийг хамгаалаах, цэрэг батлан хамгаалах хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдож, Монгол оронд нийгэм журмыг хурдавчлан байгуулах хэргийг удирдан оролцожээ. Коминтернээс явуулж хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлого хямарсан нь 1932 онд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн даргын албаас буухад хүргэжээ. Тэрбээр 1932-1934 онуудад П.Гэндэний "Шинэ эргэлт"-ийн бодлогод хүчин зүтгэж, БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны 2 дахь сайдаар ажиллаж байгаад П.Гэндэн, Дотоодыг Хамгаалах Газрын дарга асан Намсрай нарын шахалтаар "Лхүмбийн хэрэг" гэгдэх зохиомол хилс хэрэгт "гүтгэгдэн" холбогдож, Зөвлөлтөд улс төрийн цөллөгт явжээ. 1934-1937 онуудад Москва хотноо цөллөгт байх үедээ Коминтерн буюу Коммунист Интернационалын Гүйцэтгэх Хорооны "Гадаад Ажилчин" олон улсын коммунист, социалист болон ажилчны хөдөлгөөний улс төрийн хэвлэлийн газарт орчуулагч, редактороор ажиллаж байжээ. 1937 онд Коминтерны Гүйцэтгэх Хорооны бусад ажилтан албан хаагчид Н.Бухарин нарын гэх зэрэг зүтгэлтнүүдийн хамтаар ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссариатынханд баривчлагдаж, улмаар мөн үед "Гэндэн-Дэмидийн" гэх зохиомол хавтаст хэрэгт хилсээр баривчлагдаж, 1941 оныг хүртэл Москва хотын Лефортово хэмээх улс төрийн хэрэгтнүүдийн шоронд хоригджээ. Бадрах 1941 онд БНМАУ-ын нам, төр, цэрэг, олон нийтийн зүтгэлтнүүдийн хамтаар Москва хотын дэргэдэх Бутово гэдэг газар буудуулах ялаар шийтгэгдсэн ажээ. 1963 онд түүнийг ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллеги болон БНМАУ-ын Дээд шүүхээс тус тус цагаатгажээ.

Гэр бүлЗасварлах

БНМАУ-ын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч, зураач Б.Сумхүү Ө.Бадрахын отгон хүү юм. Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ.