“Өдрийн сонин”. Монголын үндэсний өдөр тутмын сонин, хамгийн олон хувиар хэвлэгддэг нөлөө бүхий томоохон хэвлэл юм. 2000, 2002, 2003 оны шилдэг сонин, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”.

Өдрийн сонин
ТөрөлӨдөр тутмын сонин
ХэмжээА2
ЭрхлэгчЖ.Мягмарсүрэн
Үүсгэн байгуулагдсан2009 он (2009)
Хэлмонгол хэл
Төв байрСБД, 8-р хороо, СТӨргөө, Амарын гуд, Театрын музей, 3 давх, (Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хойно) УБ 14200
Улс Монгол
Хэвлэсэн тоо3,432,000 (2016 оны байдлаар)
Улсын бүртгэл №816
Цахим сүлжээwww.dnn.mn

Монгол улсад сонины захиалагчдын тоогоор өдөр тутмын 7 сонины дотор нэгдүгээр байранд, Монголын нийт сонин дотор “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонины дараа ордог.

Тус сонин 1999 оны 3 дугаар сарын 10-наас “Өдрийн сонин” нэртэй гарч эхэлсэн боловч ийм нэртэй болохоос өмнө хэд хэдэн нэрийг сольжээ. 1998 оны 8 дугаар сард “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” МУ-ын хууль батлагдаж, уг хуулийг 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын дагуу хуучин гарч байсан “Ардын эрх” сонин татан буугдаж, 1998 оны 12 дугаар сарын 23-нд “Ардын үндэсний эрх” нэртэйгээр гарчээ. Эхний 2 дугаарын дараа сонин нэрээ өөрчилж “Үндэсний эрх” нэртэй болжээ. Гэвч УИХ-ын тогтоолд “татан буугдсан сонины нэрийг 5 жилийн дотор хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн учир 2 дугаар сарын 16-ны 38 дахь дугаараас эхлэн “Өдрийн толь” болж нэрээ өөрчилсөн. Дахин маргаан үүсч, бусад сонин хэвлэлийнхэн “Өдрийн толь” сониныг шүүхэд өгснөөр шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлээс хассан учир нэрээ дахин өөрчилж “Өдрийн сонин” болсон юм. Энэ нэрээр өнөөдөр хүртэл тогтвортой гарч байна.

Долоо хоногт 6 удаа 8-16 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, нийт материалын 40 хувийг реклам зар сурталчилгаа эзэлдэг. Бүтэц зохион байгуулалтын хувьд дэлхийн улс орны ихэнх сонин хэвлэлийн жишгээр албадын зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Улс төр, гадаад мэдээллийн алба, Нийгэм, соёл, танин мэдэхүйн мэдээллийн алба, Тоймчдын алба, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн алба, Зар сурталчилгааны алба, Дизайн гэрэл зураг, Компьютерийн төв гэсэн үндсэн 6 нэгжтэй. http://www.dn.mongolmedia.com гэсэн интернет хувилбартай.

Минутанд 200 сонин хэвлэн гаргах хүчин чадалтай өөрийн хэвлэх үйлдвэртэй. Мэдээ материалуудыг “Улс төр”, “Баримт, үйл явдал”, “Дэлхийн мэдээ”, “Энэ тухай” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг, мэдээллийн сэдвийн хүрээ өргөн, багтаамж сайтай, бичлэгийн бүх төрөл, зүйлийг ашиглахыг эрмэлздэг чанаратай цөөхөн сонины нэг. Уншигчдад ямар нэг бэлэг урамшил амладаггүй, олон нийтэд шуурхай, үнэн бодитой, товч тодорхой мэдээлэл өгч соён гэгээрүүлэхийг зорилгоо болгодгоороо онцлогтой.

Тус сонинд Ш.Цэрэнпил, Б.Ганчимэг, Ш.Сүхбаатар, Б.Цэнддоо, Б.Золбаяр зэрэг авьяаслаг сэтгүүлчдийн баг ажилладаг.

Ерөнхий эрхлэгч нь Ж.Мягмарсүрэн, Нэгдүгээр орлогч эрхлэгч Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.Сандагдорж, Орлогч эрхлэгч М.Баянбулаг, Тамгын газрын дарга Б.Нямдорж, Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, Зөвлөх менежер Т.Дашням, Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн алба П.Хашчулуун, Эрэн сурвалжлах, нийгэм соёлын алба Н.Гантулга, Дизайн компьютерийн төв Я.Баярбаатар нар бөгөөд цахим “Өдрийн сонин”, DNN.mn веб сайтын Орлогч захирал Д.Гансаруул, Зар сурталчилгааны алба Б.Энхболд, Хэвлэх үйлдвэрийн дарга Д.Мягмардорж, Санхүү аж ахуйн албаны дарга Б.Энхбат гэсэн ерөнхий бүтэцтэйгээр байна. “Өдрийн сонин” нь өдгөө 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй редакци, компьютерийн төв, реклам зар сурталчилгаа, санхүү аж ахуй, үйлдвэр зэрэг алба хэлтэс нэгжид хуваагдан ажиллаж байна.

dailynews@mongol.net - цахим шуудангийн хаягтай. Улсын бүртгэлийн дугаар 816.