Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр
Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр- Өвөрхангай аймгийн Соёл урлагийн байгууллага.
Түүх
засварлах1932 онд “Улаан гэр” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, хоёр орон тоотой (Наянтайн Орги) ажиллаж эхэлсэн тус байгууллага жил тутамд бүтэц, орон тоогоо нэмэгдүүлэн урын сангаа арвижуулж, улмаар 1957 онд Соёлын ордон болон өргөжсөн байна. 1985 онд МАХН-ын Төв хорооны 166 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр хэмээх албан ёсны нэршилтэй болсон.
Д.Намсрайн “Алтан түлхүүр” драмын жүжиг, “Аз жаргал” концертоор анхны уран бүтээлээ эхлүүлж байсан түүхтэй театр ажээ.
Орчин үе
засварлахМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 141 дүгээр зарлигаар Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрыг “Алтан гадас” одонгоор шагнуулав.
2015 онд 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрыг Соёлын гавьяат зүтгэлтэн Наянтайн Оргийн нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргасан байна.
Тус театрын тоног төхөөрөмжийг шинэчлэх 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг улсын төсөвт суулгасан бөгөөд батламжийг аймгийн Засаг дарга А.Ишдорж 2021 онд гардуулсан байна.
Өвөрхангай аймгийн “Хөгжимт драмын театрын хөгжлийн хөтөлбөр” 2014 оноос эхлэн хэрэгжиж байна.
Өндөр гэгээний өв соёлыг сурталчлах, “Төв халхын уртын дуу”-г өвлүүлэх, халх биелгээ бүжиг, драмын урлагаар брэнд бий болгох, менежментээ сайжруулан, мэргэжлийн урлагийн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг хөтөлбөрт тусгасан юм.
Энэ хүрээнд зохиолч н.Бяруузаны “Өндөр гэгээн”, Б.Батнасангийн “Дарнатын хувилгаан” зэрэг зохиолуудыг драмын брэнд бүтээл болгохоор ажиллаж байна. Мөн “Бурхадын шуранхайтай нутаг” уртын дууны уралдаан, уртын дуучин МУГЖ. С.Сумъяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж хэвшжээ.
МУ-ын УГЗ Н.Ганхуяг “Хайрт Долгор багшдаа” жүжгийг СТА О.Найманжаргал найруулан тавьж, жүжигчин СТА Ж.Оюун-Эрдэнэ, залуу жүжигчин Г.Ариунболд, Ц.Барсболд, Р.Батсүрэн, Т.Батболд нар тоглон үзэгчдээс өндөр үнэлэлт авсан. Энэ уран бүтээл нь анхны гэрээт уран бүтээлийн хэлбэрийг агуулснаараа онцлог болсон юм.
2023 оны 7-р сард Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Франц улсын Ганнатын хотод зохиогдож буй ардын урлагийн олон улсын фестивальд өөрийн орны түүх, өв соёлоо сурталчлан амжилттай оролцсон байна.
Тус байгууллага нь уран бүтээл, үйлчилгээний нийт 56 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уран бүтээлийн чанар хүрээмж, уран бүтээлчдийн ур чадвар, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх талаар иргэдээс судалгаа авч, түүнд тулгуурлан уран бүтээлийн бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Хөгжимт драмын театрын захирал Д.Түмэнжаргал.