Үнэгэн сүүлхэй лидэр

Үнэгэн сүүлхэй лидэр нь наяас зуун см хүртэл өндөр иш, мөчрийнхөө оройд цайвар шаргал өтгөн баг цэцэгтэй, олон хос зууван илтэс бүхий өдлөг навчтай. Олон наст өвслөг энэ ургамал зургаагаас долоон сард цэцэглэнэ. Цөлийн ба цөлийн хээрийн бүсэд гол нуурын эрэг, сайр хавиар ургадаг. Энэ ургамал нь алкалоидоос гадна хурган чихний, дарсны, алимны, нимбэгний, сүүний зэрэг хүчлүүд агуулсан байдаг. Үнэгэн сүүлхэй нь ханиад, хатгалгаа өвчнийг анагаах эмийн найрлаганд ордог. Энэ ургамлыг төлийн биж, хатгалгаа өвчнийг анагаахад өргөн хэрэглэж иржээ.