Үнстийн хийд
Үнстийн хийд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт байсан хийд.
Үнстийн хийд нь Түшээт хан аймгийн Говь Түшээт вангийн хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс урагш 40 км, Цагаан овоо багийн төвөөс 5 км зайтай оршино. Хийдийг 1800 оны сүүл 1910-аад оны үед барьж байгуулжээ. Нутгийн ард олны аман домгоор тус хийдийг барих газар дээр үед галд шатсан барилгын ор байсан учраас Үнстийн хийд гэж нэрлэжээ.
Тус хийдэд Дүйнхор дацан, Цогчин, Ламрин, Майдарын сүм, Дарь эхийн сүм, Маналын сүм, Чойрын сүм, Дордовын сүм бүхий 320 ламтай байжээ. Үнэстийн хийд нь Монголын өмнө зүгийн тал нутгийн хийдийн зохион байгуулалттай. Төв сүмүүдийг зүүн, баруун тийш эгнүүлэн хаалгыг чанх өмнө зүг хандуулан барьж, араар нь лам нар сууцаа барьсан байна. Сүмүүдийн гол дунд Цогчин сүмийг байрлуулсан байсан бөгөөд түүнээс урагш ямар нэг барилга байсангүй ба ямба ёслолын хаалга хашаа хэрэмгүй бие даасан сүмүүд байжээ.
Хийдийн сүм дуганууд болон гэр сууцнууд нь тус тусын онцлогтой, лам нарын зиндаанд тохирсон хийц, хэлбэртэй байв. Энэ хийд нь монголын хамгийн сүүлийн үеийн шүтээний барилгын тоонд хамаарах бөгөөд сүм хийд барьж байгуулах ажил олон зуун жилээр үргэлжилсэн байна. Үнстийн хийд нь монгол үндэсний сүмийн барилгын төрх төлөвийг хадгалж үлдсэнээр үнэ цэнэтэйгээс гадна монголын суурин, орон сууцны төлөвлөлтийг хадгалж чадсанаараа хөдөө орон нутаг дахь бусад хийдүүдээс онцлог юм.