Үндэсний соёл амралтын хүрээлэн
Үндэсний соёл амралтын хүрээлэн нь анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулсан. Парк нь хотын төвд дунд байрладаг, 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1,8 га газрыг нуур цөөрөм, 5,6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттай барилгажсан талбай юм.
Аж үйлдвэрийн салбар | Амралт, зугаа цэнгэл |
---|---|
Өмнөх | Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн |
Үүсгэн байгуулагдсан | 1965 |
Төв байр | Монгол, Улаанбаатар |
Үйл ажиллагааны бүс | Улаанбаатар |
Цахим хуудас | ҮСАХ-н цахим сүлжээ |
Түүх
засварлахПаркийн анхны даргаар С.Дашдэндэвийг 1965-1971 он хүртэл томилон ажиллуулж байжээ. Паркийг барьж байгуулахад 70 гаруй мянган хүн өдрийн ажил хийж, 10 шахам сая төгрөгийн барилга, байгууламж барьж босгосны 50 шахам хувийг дан залуучууд, олон нийтийн хүчээр барьсан байдаг юм байна. Паркийг 1966 онд нээгээд өргөтгөж бүтээн байгуулах ажил 1969 он хүртэл үргэлжлэн хийгдсэн байна
Паркийг 1966 онд анх нээх үед 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2,8 км зам МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн байна.
1979 оны намраас 1,8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж 1980 онд ашиглалтад оруулсны дээр, улсын хөрөнгө оруулалтаар 1981-1983 онд ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, Сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аялалын галт тэрэг, далайчин зэрэг 124,0 мянган төгрөгний үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцион, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж, хөдөлмөрчид, хүүхэд залуучуудад үйлчилдэг болсон байна.
1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авч үйлчлэх өрөө, дэлгүүр, монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр гоёл, чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулжээ.
1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” гэдэг нэртэй болсон байна.
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг Нийслэлийн Засаг Даргын 2005 оны 09-р сарын 26-ны өдрийн 397 дугаар захирамжаар татан буулгасан байна.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 09-р сарын 21-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулах тогтоол гаргасан байна.
2005 онд “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК болон нэр нь өөрчлөгдсөн.
Захиралууд
засварлахҮндэсний Соёл Амралтын дарга, захирлаар дараах хүмүүс ажиллаж байсан. Үүнд:
Паркийн даргаар:
- Дамчаагийн Дашдэндэв 1965-1971 он
- Р.Занабазар 1971-1975 он
- Содномын Арьяашарав 1976-1978 он
- Даваажавын Бавуудорж 1979-1982 он
- Жавзанжавын Нарантунгалаг 1982-1985 он
- Сосорын Лунаа 1985-1991 он
ҮСАХүрээлэнгийн захирлаар:
- Дарингийн Баяраа 1991-1997 он
- Довжинсүрэнгийн Тогтохбаяр 1997-2000 он
- Пүрэвийн Дэлгэрнаран 2000 оны 4-12-р сар
- Раднаагийн Зоригт 2000-2005 он
- Д.Мөнхбат 2005 оны 02-р сар-2015
- Б.Батнягт 2015-2021 он
- Н.Мэндбаяр 2021 оноос
Шинэчлэл
засварлахУлаанбаатар хотын төвд байрлах Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн шинэчлэгдэх үйл явц нь нийт 3 үе шатаас бүрдэж байгаа бөгөөд, эхний ээлжинд Паркийг олон улсын үйлчилгээ, үйл ажиллагааны стандартад нийцсэн амралт зугаалгын цогцолбор төв болгон цогцлоон бүтээх зорилготойгоор ажиллаж байна.
Одоогоор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь 24 төрлийн хөдөлгөөнт тоглоом, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Боулинг төвөөс гадна үйлчилгээний стандартыг бүрэн хангасан тав тухтай орчин, найрсаг түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг, өөр өөрийн онцлогийг агуулсан 6 ресторантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн харьяа ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулга нь өдөр бүр Монгол орны зан заншил, соёлыг илэрхийлэхүйц натур хэв шинжийг хадгалсан бие биелгээ, цамын бүжиг, бөөгийн бүжиг, хөөмэй, үндэсний хөгжмийн цөөхүүл, ардын дуу,уртын дуу, уран нугаралтын тоглолт үзүүлдэг.
Тоглоомууд
засварлахХөдөлгөөнт тоглоом
засварлах- Галзуу хулгана
- Агаарын дугуй
- Алсыг харагч
- Гинжит
- Динозавр
- Далайн дээрэмчний онгоц
- Завь
- Морин тойруулга
- Мөргөлддөг машин
- Мэлхий үсрэлт
- Саран савлуур
- Эргэдэг дельфин
- Робот
- Амьтны хүрээлэн
- Зөгийт аяга
- Хөгжөөнт аялал
- Зөгийн үүр
- Эргэдэг сандал
- Тагада
- Давлагаат эргүүлэг
- Нисдэг таваг
- Хөгжөөнт баавгай
- Нархан
- Төөрдөг байшин
Хөгжөөнт тоглоом
засварлах- Мангасын ам /элсэн тоглоомын талбай/
- Тоглоомын талбай /хүүхдийн модон тоглоом/
- Хосуудын төгөл