Үндэсний Аудитын Газар

Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана.

Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно.

Алсын хараа: Үндэсний боловсон хүчний мэргэшил, ур чадварт тулгуурлан төрийн аудитын үйлчилгээг өндөр хөгжилтэй орнуудын төрийн аудитын байгууллагын түвшинд хүргэх, ингэснээр монголын төр, ард түмэн, олон улсын болон гадаад орнуудын ажил мэргэжил нэгт байгууллагуудад зүй ёсоор үнэлэгдэж, хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэнэ.

Эрхэм зорилго: Төрийн эрх барих дээд байгууллагын үүргээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хуралд дэмжлэг үзүүлж, эх орон, ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд тусална.

Дээр дурьдсан эрхэм зорилгоо хангаж ажиллахын тулд дараахь зарчмуудыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.

Эрхэмлэх үндсэн зарчмууд

Найдвартай - Хараат бус – Бодитой: ҮАГ болон түүний ажилтнууд энэхүү гурван зарчмыг эрхэмлэн дээдэлж, Төрийн аудитын төв байгууллагын үйл ажиллагаа, түүний үр дүн хамгийн найдвартай, аливаа нөлөөнд автаагүй, үнэн, бодитой гэдэгт Монгол Улсын төр, ард түмэн итгэл дүүрэн байлгах хэмжээнд тогтвортой хэвшүүлнэ.

Найдвартай байх: ҮАГ-ын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн -тайлан, санал дүгнэлт нь мэргэжлийн өндөр чадвартай ажилтнуудын хүчээр өндөр шалгууртай гүйцэтгэлийн удирдлага, нягт хянамгай чанарын хяналтын тогтолцоогоор дамжин боловсруулагдаж, баталгаажсанаар бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрч байхаар аудитын удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ.

Хараат бус байх: Төрийн аудитын тухай хуулиар ҮАГ нь зохион байгуулалт, ажил үүрэг, санхүүгийн хувьд хараат бус төрийн байгууллага бөгөөд энэ нь үйл ажиллагаа явуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, тайлагнахад аливаа нөлөөнд автахгүй байх бүрэн баталгаа болно.

Бодитой байх: ҮАГ олон улсын аудитын стандартын дагуу аудитын ажлын үр дүнг нотлох баримтад түшиглэн боловсруулж, тэнцвэртэй, бодитой мэдээллийг түгээнэ.