Үндсэн тэгшитгэл
Физик болон инженeрчлэлийн шинжлэх ухаанд үндсэн тэгшитгэл буюу үндсэн хамаарал гэж тухайн материал эсвэл бодист хамаарах физикийн хоёр хэмжигдэхүүний (ялангуяа кинетик болон кинематик хэмжигдэхүүнүүдийн) хоорондох хамаарлыг хэлдэг ба тухайн материалд үзүүлэх гадны хүч, үйлчлэл зэрэг өдөөгчинд үзүүлэх хариу урвалыг ойролцоогоор илэрхийлдэг. Тэдгээрийг физикийн бусад хуулиудын тэгшитгэлүүдтэй хамтатган физикийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг. Жишээлбэл, шингэний механикт хоолой доторх шингэний урсгал, хатуу биеийн физикт цахилгааны нөлөөн дэх талстын бүтэц, эсвэл байгууламжийн шинжилгээнд үзүүлсэн даралт, ачааллын нөлөөн дэх эсэргүүцэл эсвэл деформацийн холбоог харуулна.
Зарим үндсэн тэгшитгэл нь логикийн хувьд маш энгийнээр илэрхийлэгддэг бол заримыг нь анхдагч хуулиудаас гаргаж авна. Байнга хэрэглэгддэг ойролцоох үндсэн тэгшитгэлийг ихэнх тохиолдолд тухайн материалын үндсэн шинж чанар бүхий параметрийг ашиглан энгийн пропорционал байдлаар илэрхийлдгийн жишээ нь цахилгаан дамжуулах чанар эсвэл пүршний тогтмол болно.Гэсэн хэдий ч ихэвчлэн материалын чиглэлийн хамаарлыг авч үзэх шаардлагатай байдаг ба скаляр параметрийг тензор болгон ерөнхийд нь илэрхийлдэг болно. Материалуудын хариу урвалын хурд болон тэдгээрийн шугаман бус үйлдэлд тохируулан үндсэн тэгшитгэлийг өөрчилдөг.