Үйзэн бэйсийн хошууны Чойнхорравжаалин хийд

Дорнод аймгийн Матад сумын нутагт байсан хийд

Сэцэнхан аймгийн Үйзэн бэйсийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матад сумын Матад хан уулын нутагт оршино. Анх Тэнгэр тэтгэсний онд (1736-1795) хоёр дахь үеийн засаг гүн Цэнгүнжавын үед 1772 онд Матад хан уулын өмнө этгээдэд дөчин илүү өрөөгийн сүм байгуулж, Энх-Амгалангийн үед зарлигаар шагнагдсан Ганжуур, Данжуур ном болон бурхан шүтээн үлэмжийг бүтээн залж айлтгаад “Чойнхорравжаалин” нэр шагнуулжээ. Уг сүмд лам нар олныг хуруулан суулгаж да лам нэг, дэмч лам нэг, гэвхүй хошоодыг сонгон томилж захируулаад олон зүйлийн номын сургууль дагуулж өдөр бүр Чогчин хуруулан зүйл зүйлийн номыг цаг цагт уншуулжээ. Сайшаалт Ерөөлтийн хорьдугаар (1815) онд гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэргийн тайж Гүнсэнбалбарын үед Юмчинбардой сүм, Ерөөл, Магтаал, Хангал, Найви эдгээрийг жил бүр зургаан өдөр мөн сүмийн газар хуруулжээ. Бадаргуулт төрийн арван нэгээс (1885) хорин хоёрдугаар (1896) оны хооронд засаг тайж Доржнолшиндагийн үед Нүннээ мөнхөлж, Майдын чого, Маналын дойчид, Дарь эхийн Мандалчийваа номуудыг нэмж уншуулан хийдийн хойт этгээдэд шороо чулуугаар долоон алд хэмжээний Зорогсансарын суварга бүтээлгэж тахиулжээ. Уг хийдийг 1938 онд устгажээ.