Юлиан Семёнов (орос. Юлиа́н Семёнович Семёнов, жинхэнэ овог нь Ляндрес; 1931 оны 10-р сарын 8-нд Москва хотод төрсөн—1993 оны 9-р сарын 15-нд Москвад нас барсан) —зөвлөлтийн болон оросын зохиолч, кино зохиолч, багш, сэтгүүлч. Зөвлөлт Оросын урлагийн гавьяат зүтгэлтэн (1982), Зөвлөлтийн сэтгүүл зүйд "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн" салбарыг үүсгэгчдийн нэг.

Юлиан Семёнов

Аугаа эх орны дайны эхэн үед түүнийг эхийнх нь хамт Саратов мужийн Энгельс хот рүү нүүлгэн шилжүүлжээ.

1948 онд Москвагийн Дорно дахины судлалын дээд сургуульд орсон. Суралцах хугацаандаа тэрээр Евгений Примаковтой ойр найзууд байсан. 1952 оны 4-р сарын 29-нд эцгийг нь баривчилсны дараа түүнийг төгсөх ангиас нь хөөж комсомолоос халжээ. Гэсэн хэдий ч Сталиныг нас барж, эцгийг нь сулласны дараа түүнийг сургуульд нь сэргээсэн байна. 1954 онд Москвагийн Дорно дахины судлалын дээд сургуулийн Ойрхи Дорнодын ангийг төгссөн.

Дараа нь тэрээр Москвагийн Улсын Их Сургуульд пушту хэл зааж, нэгэн зэрэг тэндээ түүхийн тэнхимд суралцжээ.

1955 оноос хойш тэрээр сэтгүүлзүйн салбарт хүчээ сорьж эхэлсэн: "Огонёк", "Правда", "Литературная газета", "Комсомольская правда", "Смена" зэрэг сэтгүүлд өгүүллүүд бичиж нийтлэгдсэн байна. 1960-1970 онд дээрх хэвлэлийн (Франц, Испани, Герман, Куба, Япон, АНУ, Латин Америк) сурвалжлагчаар гадаадад нэлээд ажилласан. ЗХУ-ын Улсын телевиз, радиогийн сурвалжлагч Валентин Запеваловын хэлснээр 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр Семёнов Германы нийслэл Бонн хотод "Литературная газета" сонины өөрийн сурвалжлагчаар хэдэн жил ажилласан байна. 1962-1967 онд тэрээр Москва сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн байсан.

Бүтээлч амьдралынхаа туршид Ю.Семёнов голдуу уран бүтээл дээрээ тулгуурлан кино зохиол бичдэг байв. Зохиолчийн бүрэн хэмжээний кино зураглалд 20 гаруй кино орсон, тэдгээрийн зарим алдартай нь: "хошууч Вихрь" (1967), "Хаврын арван долоон учрал" (1973), "Петровка, 38" (1980), "ТАСС" мэдэгдэж байна” (1984), “Сөргөлдөөн” (1985).

1990 оны 5-р сарын 20-нд цус харвасны дараа Ю.Семёнов хэвтэрт орсон тул ажилдаа эргэж орох боломжгүй болжээ. Тэрээр 1993 оны 9-р сарын 15-нд 62 насандаа нас барсан байна.