Эрх чөлөөний хөшөө
Эрх чөлөөний хөшөө (Англи: The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын "Эрх чөлөө" аралд байрлах бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм.
Эрх чөлөөний хөшөө* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Эрх чөлөөний хөшөө | |
Улс | АНУ |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, vi |
Дугаар | 307 |
Бүс** | Америк дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1984 (9-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм. Хөшөөний өндөр 46 метр, доод суурьтайгаа нийлээд 96 метр өндөр ажээ.
Уг хөшөөг 1885 оны 6 сарын 17-нд Францын хөлөг онгоцоор Нью-Йорк хотод авчирчээ. Францын барималч Фредерик Бартольди бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэн болгосон гэдэг. Харин уг барималын бамбар барьсан баруун гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан агаад дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгожээ. Асар том хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Бартольдид мэргэжлийн инженер хэрэгтэй байлаа. Тэрээр Эйфелийн цамхгийг үндэслэгч нутаг нэгт Гюстав Эйфельд хандсанаар санасандаа хүрчээ.
1886 оны 10-р сарын 28-нд Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлтийн ажил болжээ.
1924 онд Эрх чөлөөний хөшөө АНУ-ын үндэсний дурсгалт газар болсон. 1956 онд Бедлоу арлыг Эрх чөлөөний /Либерти/ арал гэж нэрлэж, 1966 онд АНУ-ын түүхэн газруудын үндэсний бүртгэлд оруулсан байна. Одоо энэ нь АНУ-ын Нью-Йорк хотын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын хамгийн алдартай бэлгэдлийн нэг юм.
Уг бүтээлийг АНУ-ын үндэсний хөшөө гэдэг бөгөөд 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
Цахим холбоос
засварлахWiktionary: Эрх чөлөөний хөшөө – Энэ үгийг тайлбар толиос харна уу |