Энх тайвны корпус

Энх тайвны корпус (англи. Peace Corps) нь АНУ-ын Засгийн газрын бие даасан агентлаг юм.

Энх тайвны корпусын таних тэмдэг

1960 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди санаачилж, улмаар 1961 оны 3-р сарын 1-нд тус байгууллага үүдээ нээжээ. Тус байгууллагыг АНУ-ын Конгресс 1961 оны 9-р сарын 22-нд "Энх тайвны корпусын тухай хууль" (Peace Corps Act, Public Law 87-293) баталж сайшаасан байна. Тусламж авахыг хүссэн гаднын орнуудад Америкийн Засгийн газраас санхүүждэг сайн дурын ажилтнуудаа илгээдэг байгууллага юм.

Өдгөө дэлхийн 70 гаруй оронд 7500 гаруй сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагааны чиглэл

засварлах

Корпусын хөтөлбөр нь албан ёсоор гурван чиглэлийн ажлыг гүйцэтгэдэг.

  • сонирхсон улс орнуудад бэлтгэгдсэн боловсон хүчний хэрэгцээг хангахад нь туслах.
  • тухайн улс орнуудад америкчуудыг илүү сайн ойлгоход туслах.
  • америкчуудад бусад үндэстний талаар илүү сайн ойлголттой болоход туслах.

Сайн дурын ажилтнууд

засварлах

Сайн дурын ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн амьдралыг сайжруулдаг. Сайн дурын ажилтнууд шинэ хэл сурч, манлайлал, олон улсын хөгжлийн туршлага олж авах, хүлээн авагч улстайгаа түнш, найз нөхдийн хувиар ажиллах замаар бодит үр өгөөжтэй байдаг болно.

Сайн дурын ажилтнууд боловсрол, эрүүл мэнд, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин, хүүхэд, залуусын хөгжил зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тогтвортой шийдлүүдийг боловсруулахад хувь нэмрээ оруулсаар байна. Энх тайвны корпуст сайн дурын ажилтнаар ажиллах явцдаа хуримтлуулсан туршлага нь тэдэнд улс орнуудын өвөрмөц соёлын тухай ойлголт авах, өнөөгийн даяаршиж буй дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд амжилттай оролцох боломж олгож, насан туршдаа бусдын төлөө зүтгэх эрмэлзлийг бий болгодог.

Өнөөдрийн байдлаар сайн дурын ажилтан, дадлагажигч америкчуудын тоо 240,000 гаруй болоод байна. Нийт 142 оронд үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Сайн дурын ажилтан, дадлагажигч нарын одоогийн тоо: 7209, үүний 63% эмэгтэйчүүд, 37% эрэгтэй. 93% нь ганц бие, 7% нь гэр бүлтэй. Дундаж нас: 28.7. Нийт 8%-ийг 50-иас дээш насны сайн дурынхан эзэлж байна. Корпус одоогоор 65 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 оны санхүүгийн жилийн төсөв 356,250,000 доллар байсан.

Захирлын үүрэг гүйцэтгэгч: Кэрри Хэсслер-Радлет.

Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпус

засварлах

1991 онд Монголд АНУ-ын Энх тайвны корпус үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анхны сайн дурын ажилтнууд 1991 онд ирснээс хойш 2021 он гэхэд 1500 орчим америкийн сайн дурын ажилтан Монгол Улсын 21 аймаг, 150 гаруй суманд ажиллажээ. Тус агентлаг нь сайн дурын ажилтнуудыг дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа энэ үед Монгол дахь Энх тайвны корпус нь олон нийтийн хөгжилд илүү цогц байдлаар хандах зорилгоор боловсролын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулжээ.

2021 онд Монголд АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал хатагтай Ким Мансарай "Алтан гадас" одон хүртсэн байна.