Электрон тогтворжуулалтын програм

Электрон тогтворжуулалтын програм (ЭТП, явалтын динамик тохируулагч гэж бас нэрлэх нь бий) буюу англиар Electronic Stability Control (товчоор: ESC) гэдэг нь тээврийн хэрэгсэлд зориулсан электрон удирдлага бүхий жолоочийн туслах системийг нэрлэх бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн шарваж байгаа талын эсрэг үйлчлэхийн тулд дугуй тус бүрийг нэг нэгээр тоормослон тогтоох үүрэгтэй систем юм. ESC нь өнөөдөр суудлын автомашинд антиблок систем (ABS), хий эргэлтийн тохируулалтын програм (TCS), тоормослолтын хүчний хуваарилалтын системээс (EBD) гадна тоормосны туслах системийн өргөтгөл болон нэмэлтээр холбогдсон байдаг.

Хяналтын самбар дахь гэрлэн тэмдэг

2014 оноос хойш европын холбоонд шинээр зөвшөөрөл авч буй бүх суудлын автомашин ба ачааны автомашин нь явалтын динамик тохируулагчаар тоноглогдсон байх дүрэм гарчээ.

Хамгийн анхны электрон тогтворжуулалтын програмыг Bosch ХХКМерседесийн S-Класс купье цувралд зориулан Elektronisches Stabilitätsprogramm (ESP - электрон тогтворжуулалтын програм) гэх нэрийн дор үйлдвэрлэжээ. ESP гэсэн товчлол нь Даймлер хувьцаат компанийн[1] нэгэн маркийн нэр учраас өөр бусад автомашин үйлдвэрлэгчид өөр өөр нэршил хэрэглэсэн байдаг. 1995 онд мөн BMW (DSC Dynamic Stability Control BMW 7-д) болон Тоёота (VSC Vehicle Stability Control Японы Кровн[2], Лексус сүүлд 1997 онд LS) өөр өөрийн гэсэн явалтын динамик тохируулагчийг ашигласан байна.

Ягуар, Мазда компаниуд DSC (Dynamic Stability Control) гэж нэрлэдэг бол Хонда энэ системийг VSA (Vehicle Stability Assist), Тоёота VSC (Vehicle Stability Control) гэх товчлолыг; Порше өөрийн системээ PSM (Porsche Stability Management); Феррари CST (Controllo Stabilità e Trazione), Мазерати MSP (Maserati Stability Program), Волво DSTC (Dynamic Stability and Traction Control) гэх мэтээр нэрлэдэг байна.

Тухайн системийг санал болгох төвийг сахисан үйлдвэрлэгчдийн мэргэжлийн хэллэгт энэхүү системийг ESC (Electronic Stability Control) эсвэл явалтын динамик тохируулагч гэж нэрлэн ашигладаг.

Ажиллах зарчим

засварлах

Энэхүү жолоочийн туслах систем нь тээврийн хэрэгслийн шарваж байгаа талын эсрэг үйлчлэхийн тулд дугуй тус бүрийг нэг нэгээр тоормослон тогтоож шарвалтаас хамгаалах үүрэгтэй бөгөөд үүний тусламжтайгаар автомашин замын эргэлтэн дээр хэт жолоодолт болон дутуу жолоодлогын үед жолоочид тээврийн хэрэгслийг найдвартай жолоодох боломжийг олгоно.

Тээврийн хэрэгслийн энэ тогтворгүй байдлыг мэдрэн электрон тогтворжуулалтын програм ажиллахын тулд тухайн систем нь жолоочийн хүсэлт болон явж буй байдал хоёрыг байнга адилтган хянаж (секундэд 150 хүртэл удаа) байдаг. Жолоочийн хүсэлт явах чиглэлээс хамааран жолооны хүрдний эргэх чиг ба жолооны хүрдний өнцгийн мэдрэгч тухайн мэдээллийг нийлүүлнэ. Хөдөлгүүрийн хяналтын төхөөрөмж ABS-эргэлтийн давтамжийн мэдрэгч ба эргэх хурдны мэдрэгч (чиглүүлэгч тэнхлэг, төвөөс зугтах хурдатгал) зэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээллийг нийлүүлнэ. Мөн түүнчлэн шинээр гарч буй автомашинуудад бас нэгэн шинэ хурдатгалын мэдрэгч байх болсон ба энэ нь тухайн автомашины уртааш тэнхлэгийн эргэлтийг (явах чиглэл дагуу тэнхлэгийн эргэлт буюу тэр чиглэлийн осолдон өнхрөлтийг) хянадаг. Хэрвээ жолоочийн хүссэн чиглэлээс тооцоолсон явах хөдөлгөөн гажсан тохиолдолд тухайн систем ажиллана. Хэт жолоодлогын үед эргэлтийн гадна талын урд дугуйг тоормослох бол, дутуу жолоодолтын үед эргэлтийн чиглэлийн дотор талын арын дугуйг тоормослон засвар хийдэг.

  1. Deutsches Patent- und Markenamt, Registernummer 2912578
  2. toyota-global.com: 1995 Vehicle Stability Control (VSC) developed 75 Years of Toyota. Ever-better Cars