Шүүгчдийн зөвлөгөөн

ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ТҮҮНИЙ ЭРХ ХЭМЖЭЭ

2012 оны 03 дугаар сарын 07-ны батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар анх удаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс бусад асуудлаар буюу шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хэлэлцэн шийдвэрлэхээр тухайн шүүхэд ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ажиллахаар хуульчилж, эрх зүйн үндэсийг нь тавьжээ.

Шүүгчдийн зөвлөгөөн нь тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдэх  ба  түүнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах нь тухайн шүүхийн ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН бүрэн эрх байдаг. Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх асуудал нь:

Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх асуудал нь:

1.Тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох;

2.Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;

3.Шүүгчийг мэргэшүүлэх сургалтын саналаа хүргүүлэх;

4.Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох;

5.энэ хуулийн нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;

6.Шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаарх  мэдээлэлтэй танилцах;

7.Хуульд заасан бусад бүрэн эрх зэрэг байдаг.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн дээрхээс гадна тус шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог ажлын ачаалал, онцлогийг харгалзан батлах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.