Шүнгээгийн Тэнгисболд

Шүнгээгийн Тэнгисболд (1958 онд Улаанбаатар хотод төрсөн)- Төрийн шагналт зураач, барималч.


1975-1980 онд Театрын уран зургийн анги төгссөн.

1980-1988 он хүртэл Ардын дуу бүжгийн театрт ерөнхий зураачаар ажилласан.

1988 оноос Улсын Төв театрт ажиллаж байгаад 1990 онд чөлөөт уран бүтээлч болсон. Тэр үеэс уран зураг, баримал хоёрыг оролдож эхэлсэн байна.

Гүн ухааны шинэ сэтгэлгээ, уран бүтээлчийн эрэл хайгуул, арга барил, содон хэлбэр, агуулга, авьяас билгээрээ дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, бүтээлүүдээрээ дамжуулж түүх, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлан таниулсан, “Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг” бөгөөд “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор”, С.Цогтгэрэл баатар, Өндөр гэгээн Г.Занабазарын хөшөө зэрэг дахин давтагдашгүй бүтээл туурвисан уран бүтээлч юм.

2016 онд Монголд болсон АСЕМ-ийн дээд хэмжээний хуралд оролцох 54 орны тэргүүнүүдэд бэлэг болгох зураг зурах хэцүү бөгөөд хүнд даалгавар авсан ажээ. Тэрээр тэрхүү бэлэг болгох уран зургнуудыг "Хадны сүг зураг"-наас сэдэвлэн зурсан байна.