Шигэмицү Маморү

Шигэмицү Маморү (япон. 重光 葵 Шигэмицү Маморү, 1887 оны 7-р сарын 29-нд төрж, 1957 оны 1-р сарын 26-нд нас барсан) - Японы Гадаад хэргийн сайдаар дэлхийн хоёрдугаар дайны үеэр болон дараа хоёр удаа ажилласан, мөн Ерөнхий сайдын орлогч байсан улс төрч, дипломат хүн. НҮБ дахь Японы анхны Байнгын төлөөлөгч.

Шигэмицү Маморү, 1936 он

Тэрбээр 1911 онд Токиогийн эзэн хааны Их сургуулийн хуулийн сургуулийг төгсөөд шууд Гадаад хэргийн яаманд оржээ. Дэлхийн 1-р дайны дараа Герман, Их Британид дипломат томилолтоор ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Вашингтон муж улсын Сиэтл хот дахь Японы Ерөнхий Консулын газарт богино хугацаанд консулаар ажилласан.

1919 онд тэрээр Парисын энх тайвны бага хуралд Японы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байжээ.

1931-1932 онд Хятадад диломат томилолтоор ажиллаж байхдаа солонгосын бослогчдын дайралтад өртөж хөлгүй болсон.

1933-1936 онуудад Гадаад хэргийн орлогч сайд байсан бөгөөд Хятадын эсрэг бодлого баримталдаг улс төрчдийн нэг байв.

1936-1938 онд Москвад Элчин сайдаар томилогдон ажилласан.

1938-1941 онд Их Британид Элчин сайд байсан.

1945 оны 9-р сарын 2-нд АНУ-ын Миссури хөлөг онгоц дээр Япон улсын Засгийн газрыг төлөөлж Япон улс бүр мөсөн бууж өгсөн тухай баримт бичиг гарын үсэг зурсан.

Шигэмицү Японы гол цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэг гэж Олон улсын шүүхээр орж 1948 оны 11-р сарын 12-нд 7 жилийн хорих яв авчээ. Гэвч шоронд 4 жил, 7 сар суугаад 1950 оны 11-р сард суллагдсан.

1952 онд Шигэмицү Японы "Дэвшилтэт нам"-ын дарга болж, удалгүй "Ардчилсан намын дарга"-ын суудалд очжээ.

Ичиро Хатоямагийн Засгийн газарт ГХЯ-ны сайдаар ажиллаж 1955 онд Лондонд дараа нь 1956 оны 7-р сард Москвад ЗСБНХУ-тай дипломат харилцаагаа сэргээх тухай хэлэлцээнд (Шүничи Мацумото-гийн хамт) Японы талыг тэргүүлж байсан.

Тэрээр НҮБ-д суугаа Японы анхны Байнгын төлөөлөгч байжээ. (1956 онд Япон улс НҮБ-д гишүүнээр элссэн). Япон улс НҮБ-д элссэн өдөр Гадаад хэргийн сайд М.Шигэмицү НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ "Япон улс НҮБ-ын дүрэмд заасан үүрэг хариуцлагыг бүхий бололцоо боломжоороо даган мөрдөж биелүүлэх болно" гэж мэдэгдэж байжээ.

Шигэмицү 1957 оны 1-р сарын 26-нд 69 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ.