Карл XII (Шведийн Карл XII; 1682 оны 6-р сарын 17 (27), Тре-Крунур, Шведийн эзэнт гүрэн - 1718 оны 11-р сарын 30 (12-р сарын 11), Фредрикшалд, Дани-Норвегийн холбоо) - 1697-1718 онд Шведийн хаан, командлагч, Түүний хаанчлалын үеэр тэрээр хойд дайнд оролцсон. Карл XII өөрийн эцэг XI Чарльз нас барсны дараа 15 настайдаа хаан ширээнд суув.

Тэрээр латин, герман, франц хэлээр ярьдаг, хувь заяаг урьдчилан тодорхойлсон гэдэгт итгэж, эцэг XI Чарльзынхаа бодлогыг үргэлжлүүлэхийг эрмэлздэг байв.

Гурван жилийн дараа Швед улс Дани, Саксони, Орос зэрэг эвслийн халдлагад өртөв. Хаан армийг удирдаж, эхэндээ хэд хэдэн гайхалтай ялалт байгуулсан боловч 1709 онд Полтавад бүрэн ялагдал хүлээж, дараа нь Османы эзэнт гүрний дотор хүндэт хоригдол болж хэдэн жилийг өнгөрөөхөөс өөр аргагүй болжээ. Тэрээр Норвегийн цайзуудын нэгийг бүслэх үеэр нас барж, тулалдаанд амиа алдсан Европын сүүлчийн хаан болсон юм.

Түүний зөрүүд зан чанарыг биширч байсан яничарчууд XII Карлыг "Төмөр толгой" (түркээр Демирбаш) хоч өгчээ.

Шведийн XII Карл залуугаасаа л өөрийн авьяасыг тод харуулах болжээ. Тэрээр Дани, Польш, Пруссуудыг дараалан өвдөг сөгдүүлж, Наврын дэргэд Оросуудыг хиар цохижээ. Зарим хүмүүс түүний өвөө Густаф Адольфоос илүүгүй гэж үздэг. Гэвч Густаф биш Карл л дэлхийн шилдэг жанждын тоонд орж чадсан юм. Умардын дайн хэмээн алдаршсан 21 жил үргэлжилсэн дайнд Карл ван анхандаа хэд хэдэн ялалт байгуулсан ч дайснууд нь хүн хүч, нөөцийн асар их давуутай байсан учраас ялагджээ. 1697-1718 оны хооронд Шведийн хаан байсан энэ хүн цэргийн нэрт зүтгэлтнүүдийн тоонд багтдаг. Карл XI хааны хүү. Орос, Польшийн эсрэг олон удаагийн түрэмгий дайн хийсэн. 1700-1721 оны хооронд дэгдсэн Умардын дайныг дэгдээсэн. 1708 онд Орост халдан довтолж, эхэн үедээ амжилттай байлдсан боловч Леснейд ялагдаж, Полтавын дэргэд бүрэн бут ниргүүлж, Турк руу зугатаасан. 1715 онд Шведэд эргэн ирж, Норвегийг эзлэн нэгтгэх дайн хийж яваад тулалдааны үед амь үрэгдсэн.

Умардын дайн

засварлах

1697 он. Шведийн вант улс Умард Европт хамгийн хүчирхэг улсуудын нэгт тооцогдож байв. Шведийн эзэнт улсын газар нутгийг авч үзвэл өнөөгийн Швед, Финлянд, Эстони, Латвийн нутаг болох бөгөөд Балтын тэнгисийг бараг тэр чигээр нь захирч байжээ. Харин 1697 онд Шведийн хаан XI Карл нас барсанаар сүмүүдийн хонх жингэнэх ажээ. Түүний хаан ширээг 14 настай XII Карл залгамжлан авсан байна. Үүнийг нь далимдуулан Шведийг унагах сонирхолтой дайснууд нь хөдөлж эхэлжээ. Шведүүд өөрийнх нь эсрэг холбоотон болсон Орос, Польш, Дани, Норвегитэй хийсэн их дайныг Умардын дайн гэж нэрлэдэг бөгөөд бараг 21 жил үргэлжилжээ. Эзэнт гүрэнтэй байх нэг зовлон нь бусдын хүсээд байгаа бүх зүйл тухайн эзэнт улсад байж таардаг. Бусад эзэнт улсуудын адилаар Шведүүд ч гэсэн эргэн тойрондоо дайснуудаар хүрээлэгдсэн, харилцан үл итгэлцсэн байдалтай байсан юм. Шведийн эзэмшил, газар нутаг нэг хүний анхаарлыг онцгой ихээр татав. Тэр бол мэдээж хэрэг Оросын хаан “Их” хэмээн түүхэнд алдаршсан Петр Алексеевич Романов буюу I Петр юм. Их Петр хаан их амбицтай, хатуу, шаргуу хүн байв. Тэр Орос орны хөгжил, ирээдүйг Европ хэмээн харж байсан юм. Тиймдээ ч Европын соёл, хөлөг онгоц, далайн тээвэр, зэвсэг, эдийн засаг түүний анхаарлыг татаж, арааны шүлсийг асгаруулж байв. Оросуудын оршин тогтнох үндэс нь Европын эдийн засгийн интеграцид нэвтрэх, бараагаа чөлөөтэй худалддаг, мөн тээвэрлэж, худалдан авдаг байх шаардлагатай гэж үзэж байв. Гэхдээ нэг асуудал байжээ. Перт хаанд, Оросуудад Балтийн тэнгист гарц буюу боомт хэрэгтэй байв. Энэ байдал Хар тэнгист ч адилхан байсан юм. Европтой чөлөөтэй худалдаа хийхийн тулд Оросууд Балтийн тэнгист гарцтай байх шаардлагатай болсон юм. Өмнө нь Балтийн тэнгист Оросууд гарцтай байсан ч гэсэн Шведүүдэд алдчихсан байв. Петр хаан Балтийн тэнгис дэх гарцуудаа буцааж авах шаардлагатай хэмээн үзжээ. Шведтэй дайсагнасан харилцаатай байсан нь ганц Оросын Их Петр хаан биш байв. Данийн эзэн хаан IV Фредерик мөн л Шведийн дайсан байжээ. Даничууд өөрсдийн нутгаасаа Шведүүдэд алдсан учраас түүнийгээ эргүүлэн авах сонирхолтой байв. Энэ нь өнөөгийн Шведийн өмнөд хэсэг юм. Ер нь Дани, Швед, Норвеги 3 бол хоорондоо олон ч дайн хийсэн улсууд. Шведийн дайснуудын тоонд бас нэг улс орж байсан нь Польш-Литов юм. Польш-Литовын хаан IY Август мөн л Шведтэй дайсагналцав. Энд нэг зүйлийг тодруулахад Польш-Литовын хаан нь удам залгасан хаан ширээ гэхээсээ илүү ойр орчмын хүчирхэг улсуудын сонирхолоор томилогддог байв. Эдгээр улсуудын тоонд мэдээж Прусс, Австри, Орос орно. Польшийн хаан Август өөрийн хаан ширээгээ Европын бусад хаадын адилаар удам залгуулах, Польшийн бүрэн эрхт эзэн болох сонирхолтой байв. Польштой хил залгаа байсан Ливония мужийг Шведээс чөлөөлөх юм бол Августын байр суурийг дэмжиж, Польшийн бүрэн эрхт эзэн болохыг зөвшөөрнө хэмээн Орос, Пруссууд, Дани ч зөвшөөрөв. Польш-Литов, Дани, Орос 3 улс Шведийн эсрэг холбоотон болов. Орос улс Хар тэнгист Османуудтай ид үзлэцэж байсан учраас Их Петр хаан энэ асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй байв. Тэгээд ч 2 фронт дээр байлдах нь Оросуудад ашиггүй байсан юм. Харин Оросуудын аз болж түүний холбоотнууд болох Дани, Польш-Литовчууд Шведийн эсрэг гэнэт цэргээ хөдөлгөв. Угаасаа Даничууд цэргээ түрүүлж хөдөлгөн, Шведийн флотыг ажилгүй болгох ёстой байв. Польшийн 14000 цэрэг Шведийн мэдэлд байсан Балтийн тэнгисийн зүүн эрэг болох Ливония мужид цөмрөн оров. Тэд Рига хотыг бүслэн авчээ. Гэвч Шведүүд цаг алдалгүй арга хэмжээ авч, сөрөг дайралт хийснээр Польшуудыг бутцохив. 14000 Польш цэргийг захирч байсан генерал тэр тулалдаанд амь эрсджээ. Польшууд ухарсан юм. Дараа нь Данийн ээлж ирлээ. Шведийн ван XII Карл энэ үед 18 настай байсан бөгөөд эзэнт гүрнийхээ өнцөг булан бүрээс цэрэг хөдөлгөж, хөрөнгө босгон Даничуудын эсрэг тулалдахаар болов. Шведүүд флотоо хөдөлгөж, Даничуудын ард талд гэнэтийн цохилт өглөө. Копенгагеныг чиглэсэн Шведийн довтолгоон гэнэтийн байсан ч гэсэн Даничууд Шведүүдийг ширүүн галаар угтаж авсан юм. Даничуудтай анх тулгарах үед XII Карл хаан өөрөө цэргээ удирдаж байсан бөгөөд хажуу талд байсан офицерээс “Энэ юун дуу вэ” хэмээн асуухад цаадах нь “Эрхэм дээдсээ. Тань руу галлаж байна шүү дээ” гэв. Хариуд нь XII Карл “Энэ чимээ тэгвэл миний аян замыг дуу болог” гэсэн гэдэг. Шведийн довтолгоо гэнэтийнх байсан учраас Даничууд ялагдаж, удалгүй Шведийн эсрэг холбооноос гарч буйгаа зарлалаа. Шведүүдийн хувьд Данийг ялсан энэ ялалт маш чухал байлаа. Учир нь Даний флотыг ажилгүй болгосноор Шведийн хөлөг онгоцууд Балтийн тэнгист чөлөөтэй явж, хүссэн газраа цэргээ буулгах, армиа сэлгэх, зэр зэвсэг, хоол хүнсээр хангах боломжтой болсон юм. Энэ үед Оросууд Хар тэнгист Туркуудтэй үзэж байсан бөгөөд 1700 оны 8-р сарын 19-нд Константинопольд Орос-Туркийн хооронд найрамдал тогтсоноор Оросууд бүх анхаарлаа Швед рүү хандуулах боломжтой болжээ. Польш-Литовын армийг дэмжихийн тулд Петр өөрийн хүн ихтэй, том армиа Ливония буюу өнөөгийн Латвийн нутаг руу цөмрөв. Түүний гол зорилго Нарвыг эзлэх байжээ. Нарва нь тухайн үедээ Орош-Шведийн хил дээр байсан том хот юм. Гэвч Оросын арми асар том байсан учраас удаан давшиж байв. 11 сарын дунд үед л Оросын цэрэг Нарвад ирлээ. 11 сарын хүйтэнд Оросууд Нарвын дэргэд нуувч ухан, Нарва хотыг бүслэжээ. XII Карл хаан зүгээр хараад суусангүй. Данийг мулталсныхаа дараа өөрийн бэсрэгхэн армиа авч Ливониягийн зүг хөдлөв. Балтийн тэнгист болдог намрын шуурганы үеэр таарсан Шведийн хөлөг онгоцууд асар хурдтайгаар Ливонияд ирлээ. XII Карлын зөвлөхүүд түүнд “Оросууд биднээс 4 дахин олон цэрэгтэй, тэнд хүйтэн, дээрээс нь Балтийн тэнгист намар шуурга их болдог, Оросууд тооны хувьд олноос гадна ашигтай байрлалд байгаа” хэмээн ятгасан боловч XII Карл хаан өөрийнхөөрөө шийдэв. Энэ бол түүний армид тулгарсан жинхэнэ том сорилт болно гэж тэр үзжээ. Ингээд XII Карлын 10000 хүнтэй арми 1700 оны 11-р сарын 30-нд Нарвад ирлээ. Оросууд Шведүүдийг ирчихнэ гэж үнэндээ санаагүй гэдэг. Петр хаан Шведүүдийг дайрна гэж бодохгүй байв. Тиймээс өөрөө Петербург руу буцаад, цэргийн командлалаа нэгэн Франц офицерт үлдээжээ. Тэр Франц офицер Оросоор бараг ярьдаггүй хүн байсан гэдэг. Нарвын дэргэд байрласан 2 арми бие биенээ ажиглах маягтай байв. Хүйтэн бороо асгарч, тэр нь удахгүй цас боллоо. Цасан шуурга 2 талд аль алинд нь хүндрэл учрулав. Шведүүд довтолгоонд бэлдсээр л байжээ. XII Карл хааны зөвлөхүүд түүнээс довтлохоо болихыг гуйв. Гэвч Салхины чиг Оросуудын эсрэг эргэжээ. Цасан шуурга Оросуудыг нүүр нүдгүй ороолгов. Үүнийг XII Карлын гярха нүд олж харсан бөгөөд энэ бол довтлох сайхан боломж гэж харжээ. Шведүүд Оросын байрлал руу цөөхөн цэргээр довтлов. Оросууд сандарч, эмх замбараагаа алдсан бөгөөд Шведийн сургуулилт сайтай цэргийн эсрэг Оросын сургуулилт муутай цэргүүд юу ч болохгүй байв. Оросуудын ухсан нуувчин дотор гардан тулалдаанууд өрнөж, Оросуудыг сандаргаж байлаа. Удалгүй Оросууд бөөнөөрөө зугатав. Шведийн цэргүүд цасан шуурга дотроос гэнэт гарч ирж, Оросуудыг хайр найргүй хяргах ажээ. Оросууд Нарва гол дээр байх цорын ганц гүүрэн дээр бөөнөөрөө овоорч эхлэв. Удалгүй гүүр нурж асар олон Орос цэргүүд голд үйсэн байна. Оросуудын хувьд Нарва бол гутамшигт ялагдал байсан юм. Их Петр хаан сургуулилт муутай цэргээр Шведийг дийлэхгүй гэдгээ сайн ойлгож авчээ. Нарвын тулалдааны дараа Оросууд 4000 хүнээ алуулж, 2000 хүнээ усанд алдаж, 120000 хүнээ олзлуулжээ. XII Карл Нарвын дэргэд Оросуудыг цохисоны дараа өөрийн брауун жигүүрээ хамгаалахын тулд Польш руу анхаарлаа хандуулав. Петр хаан Шведийн давшилтас сэргийлж, дахин арми бүрдүүлж эхэлсэн боловч Шведүүд Орост довтолсонгүй. XII Карл хаан цэргийн хамтаар Ливонияд өвөлжсөн байна. Дараа тэр Польшид довтолж Август хааныг олзлохоор зэхэв. Энэ үед Европт Испаний хаан ширээн залгамжлагчдын сонгохын төлөө дайн өрнөж, Орос-Швед-Дани-Польш гэсэн зодооны талбарыг анзаарах сөхөөтэй хүн байсангүй. Зарим дипломатууд XII Карл хаан ру захиа илгээж, саяхан ялсан томоохон хүчнүүдтэй ашигтай нөхцлөөр найрамдал байгуулж чадвал Европ тив дэх олон зүйлийг шийдвэрлэх боломжтой болно хэмээн саналаа хэлж байв. Гэвч XII Карл хааны толгойг ганцхан зүйл л эзэмдэж байсан юм. Тэр бол дайн. Польшийн хувьд байдал хүнд болов. Тэд Шведэд Ригагийн дэргэд бут цохиулсан. Армиа санхүүжүүлэх мөнгөгүй болсон. Орос, Дани зэрэг холбоотнууд нь Шведэд дараалан ялагдсан. Пруссууд идэвхитэй дэмжлэг үзүүлээгүй гэх мэт бүх л хөзөр Польшуудын эсрэг эргэжээ. Энэ тохиолдолд дипломат аргаар асуудлыг зохицуулах, эвийн гэрээ байгулах нь зөв байсан гэж зарим түүхчид үздэг. Энэ нь ор үндэсгүй зүйл биш. Харин Польшийн хаан Август өөр бодолтой байжээ. Август Шведүүдтэй үзэлцэхээр шийдэв. Хамгийн гол нь түүнд Оросууд найдвар өгсөн байна. Шведүүд флотоо хөдөлгөж Польшийн нутагт цөмрөв. Польшийн цэргүүд, Оросуудтай хамт хориглох байлдаан хийж байв. Нөхцөл байдал Орос-Польшийн талд байжээ. Польш-Оросын цэргүүд Шведүүдээс тооны хувьд олон, дээрээс нь хамгаалах байлдаан хийх тул ашигтай гэж үзэж болохоор байв. Шведүүд довтлов. Тэд их уран арга хэрэглэжээ. Шведүүд зарим хөлөг онгоцнуудаа өвс, мод, сүрлээр дүүргээд, дараа нь түүнийгээ шатаагаад Орос болон Польшийн эрэг дээрхи байрлал руу чиглүүлэн хөдөлгөв. Утаан хөшигний цаанаас Шведийн хөлөг онгоцууд аажуухан хөвөх бөгөөд Польшийн их буунууд Шведүүд рүү таамгаар гал нээх ажээ. Шведийн өвс, сүрэл ачсан, шатаж буй хөлөг онгоцууд эрэгт хүрмэгц Шведийн усан цэргүүд араас нь хөдөлжээ. Тэр цэргийн XII Карл хаан өөрөө толгойлж байв. Шведийн гренадерууд эрэгт буумагцаа Польшийн цэрэгтэй үзэлцэв. Польшууд Шведүүдийг далай руу буцааж шахах гэсэн боловч Шведүүд зоригтой тулалдаж байснаас гадна сургуулилт сайтай байв. Оросууд алсаас ажиглах маягтай байжээ. Шведүүдийн дайралт амжилттай болж бүр Оросуудын байрлалд хүртэл цохилт өгөв. Оросууд, Польшууд бүгд ухарчээ. Зарим Оросууд буун дуу ч гаргаагүй зугатаасан гэдэг. Польшууд эргэн ирж, сөрөг довтолгоо хийсэн боловч Шведийн нэмэлт хүч ирсэн байсан учраас яаж ч чадалгүй ухарлаа. Шведүүд Ливония руу хөдлөхдөө цэргийн хүнс, хангамж гэхээр зүйл аваагүй боловч Польш-Оросын цэргийг ухрааснаар Ливонияд цэргээ амрааж, хоол хүнсээр хангах бүрэн боломжтой болсон юм. Шведүүд хүчээ сэлбэж, амарсныхаа дараа Польшид дахин халдав. Август хаан цэргээ удирдан ашигтай байрлал сонгож Шведүүдийг хүлээв. Энэ удаа Польшуудад бас л ашигтай үзүүлэлтүүд харагдаж байв. Польшууд мэдээж тооны хувьд 2 дахин давуу, дээрээс нь Шведийн давшиж болох чиглэлүүд нь намаг шавар ихтэй, их буугаа авч ямах ямар ч боломжгүй болгож байжээ. Гэвч энэ бүхэн XII Карл хааныг айлгасангүй. Нөгөө л зангаараа Польшууд руу дайрав. Шведийн явган цэргүүд Польшуудтай намагт гардан тулалдаан хийж, буудалцаж байх хооронд Шведийн шилмэл ангиуд намгийг өөр замаар гатлан Польшуудын лагерт дайран орж их буунуудыг нь булаан авчээ. Ингээд Польшийн лагерээс Польш цэргүүд рүү их буугаар Шведүүд галлаж эхлэв. Шведүүд ээлжит ялалтаа авлаа. XII Карл хаан цааш давшсаар Польшийн Краковт тулж ирлээ. XII Карл хаан Краков руу дайрахдаа 300 цэрэгтэй, зарим нь бүр ямар ч сумгүй байсан гэдэг. Гэсэн ч Краковыг авч чадсан юм. XII Карл Польшийн хааныг сольж, өөрт нь үг дуугүй захирагдах хүнийг томилжээ. Ингээд Польшийн шинэ хаан болон хуучин хаан Авгус нарын хооронд дайн дэгдэв. Энэ үед зэрэг шаху болсон бас нэг үйл явдал гэвэл Оросын цэрэг Ливонияд цөмрөн орож, энд тэнд байлдааны ажиллагаа идэвхижлээ. Польшийн хаан Август Варшавыг нэг булааж аваад буцаагаад Шведүүдэд алдав. Орос болон Польшууд Шведийн 2 талаас нь хавчин цохих гэж их хичээж байжээ. Варвава хотын гадна болсон Швед-Польшийн тулалдаанд Шведийн талаас 900 морин цэрэг, 60 явган цэрэг орсон бол Польшууд 10000 цэрэгтэй байжээ. Би энд тоон дээр алдаагүй. Үнэхээр хүчний харьцаа ийм байжээ. Варшавын гадна болсон тулалдаанд Польшууд Шведийг бүслэх гэсэн боловч Шведүүд сөрөг дайралт хийж Польшуудыг ухраав. Дараа нь өндөр өвсөнд нуугдсан байсан Шведийн явган цэргүүд зохион байгуулалттайгаар Польш цэргүүд рүү гал нээж, эгнээг нь задалсанаар Польшууд ухарсан байна. Ер нь бол иймэрхүү тулалдаан хэд хэдэн удаа болсон. Польшийн Август хаан Варшав руу дахин нэг дайрав. Энэ удаа холбоотны гол хүч нь Польшууд байсан бол жигүүрт нь Оросууд байжээ. Тэд Варшавын дэргэдШведийн армитай таарсан бөгөөд энэ удаа холбоотны цэрэг Шведүүдээс тооны хувьд 2 дахин олон байв. Гэхдээ Шведүүд морин цэргийн тоогоор Орос болон Польшуудаас давуу байсан юм. Шведийн генерал дайсны байрлал руу хараад морин цэргийн давуу талаа ашиглан гол хүч болох Польшуудад цохилт өгч, Оросуудыг тулалдаанаас шахан гаргажээ. Энэ арга бол Карфагены Ганнибал Каннид Ромын армийг бүслэн устгахад хэрэглэгдэж байжээ. Шведүүд цөөхөн цэрэгтэй байсан ч гэсэн дайсны гол хүчийг бүслэн устгаж, дараа нь ухрааж чадав. Энэ бол бас нэгэн гайхамшигт ялалт байлаа. Морин цэргийн хурдаар Оросуудыг ухарч байхад нь замыг хааж, удалгүй Оросууд бууж өгсөн байна. Энэ ялагдлын дараа Польшийн Август хаан ширээнээсээ татгалзаж, Нарвагийн найрамдлын гэрээг XII Карл хаантай байгуулжээ. Тус гэрээгээр Август хаан XII Карлын эрх мэдлийг, Польшийн шинэ хааныг хүлээн зөвшөөрчээ. Түүнд өөр сонголт байсангүй. Польшуудыг сөхрүүлсэний дараа XII Карл хаанд ээлжит нэг өрсөлдөгч үлдсэн нь Дорнын аварга улс болох Оросууд байв. XII Карл хааныг Польшид дайтаж байх хооронд Оросууд Балтийн зүүн эрэгт халдаж, Шведийн Ньенсканс цайз хүртэл давшив. Оросын цэрэг Ньенскансыг эзлэн авч Павел-Петрын бэхлэлтийг босгосон нь орчин үеийн Санкт-Петербургийн суурь нь юм. Петр хаан Петербург хотыг байгуулахдаа Орост өмнө нь огт байгаагүй, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн орчин үеийн хот байгуулахыг зорьж байв. Энэ ажилд Оросын асар олон тариачид, үгээгүй хоосонгууд, дайны олзлогдогсод ажиллаж, хөдөлмөр, амь нас, амьдралаа зориулсан юм. Петеербург хот нь Оросуудын хувьд Европтой харилцах гол зангилаа, боомт болох байлаа. Тиймээс Петр хаан шинэ хотоо барих ажилдаа цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч хайрлаагүй юм. 1704-1705 оны хооронд Шведүүд Оросудын шинээр босгосон бэхлэлтийг авах гэж удаа дараа оролдсон боловч амжилт олж чадсангүй. Дараа дараалан амжилтгүй болж, хүн хүчний хохирол амсах болов. Шведүүд флотоо ашиглан Балтийн тэнгист орж, Петербург хотыг далайгаас бүсэлсэн бөгөөд Оросын хөлөг онгоцуудыг хавчиж байв. Энэ үед Петр хаанаас XII Карл хаанд захиа ирлээ. Петр хаан өөрийн шинэ хотоо өгөхгүйгээр найрамдлын болзол тавьсан боловч XII Карл хаан хүлээж авсангүй. Шведүүд гол хүчээ хуурай газраар хөдөлгөн Оросын зүг давшилтаа эхлүүлэв. Шведүүд хурдтай давшиж, харин Оросуудэрчимтэй ухарч байлаа. Оросууд нуувчаа ухаж ч амждаггүй байсан гэдэг. Гэхдээ Оросууд шинэ нийслэлээ бэхэлж, улам бүх хамгаалж, хүчирхэгжүүлж байв. Шведүүд айсангүй. Тэдний арми илүү туршлагатай, зохион байгуулалттай, офицеруудын ур чадвар илүү байв. Шведүүд Петербургийн зүг давшлаа. Харин давшилтын үед Шведийн арми Минск орж ирэх нь тэр. Шведүүд гайхлаа. Тэд төөрсөн юм боловуу? Гэтэл үгүй ажээ. XII Карл хаан армиа аван Москва руу давшиж байсан нь тэр ажээ. Шведийн генералууд, офицерууд XII Карл хаанаас арми нь Орост гүн цөмрөлт хийхэд бэлэн биш, ашиггүй, дээрээс нь энэ бол хэтэрхий их аз сорьсон хэрэг гэж байсан боловч XII Карл хаан нөгөө зангаараа буюу аюултай нөхцөл байдалд армиа авч тулалддаг арга барилаараа энэ эрсдлийг даахаар шийдэв. Шведийн арми Москва руу давшиж байна. Гэвч Оросууд ухрахдаа тариан талбайнуудыг шатааж, гүүрэн гарамнуудыг эвджээ. Энэ нь Шведүүдийн хурдтай давшилтыг удаашруулсан байна. Дээрээс нь XII Карл хааны зам зуураа цэргийн агт морь, хүнсээ базааж бэлтгэдэг арга барилтай нь харшилдаж байв. Шведүүд Оросын нутагт гүн цөмрөх тусам ар талаасаа тасарч, хангамж ирэх нь удааширж, давшилт нь саарч байв. Энэ олон цэргийг хоол хүнсээр, уналгаар хангана гэдэг Оросын нутагт гүн орон тусам XII Карл хаанд асуудал болон толгой дээр нь овоорч байв. Бас Ижилмөрний Торгуудууд Оросын талд тулалдаж байсан бөгөөд Шведүүд рүү гэнэт довтлох, хүнс хангамжийг нь булаах зэргээр багагүй сандаргаж байв. Оросын гүнд орох тусам Шведүүдэд аюултай болж байжээ. Оросууд томоохон голын эрэг дагуу их хүч байрлуулж байв. Шведүүд давшсаар Лабиш голын дэргэд ирж Оросын томоохон хүчтэй тулгарав. Энд байрлалын хувьд Оросуудадашигтай байв. Оросууд хориглох тулалдаан хийнэ. Дээрээс нь тооны хувьд олон. Бас байрлалын хувьд ашигтай байв. Шведүүд Оросуудтай үзэхийн тулд намаг гатлаад, гол гарч дараа нь Оросуудын байрлал руу довтлох хэрэгтэй байв. XII Карл хаан өөрөө цэргээ удирдан морин цэрэг, явган цэргийн хамтаар намаг дотуур давшин, Оросын эгнээ хамгийн сул байгаа хэсэг рүү цохилт өгөв. Оросууд тооныхоо давуу байдлаа ашиглаж Шведүүдийг бүслэх гэж оролдсон боловч Шведийн морин цэрэг баатарлаг тулалдаж Оросуудад нэгдэх, тулалдааны журмаа сэргээх боломж өгсөнгүй. Удалгүй эмх замбараагаа алдсан Оросууд ухрав. XII Карл хаан дахин нэг ялалт авлаа. Гэсэн ч Оросуудыг сөхрүүлэхэд энэ нь хангалтгүй байв. Гэхдээ нэг зүйл тодорхой болов. Шведүүдтэй тулалдсан Оросын энэ арми 8 жилийн өмнө Нарвад тулалдаж байсан Оросын арми 2 тэнгэр газар шиг ялгаатай байлаа. Шведүүдэд амархан ялагддаг тэр биш болжээ. Илүү сургуулилт сайтай, сайн зэвсэгтэй арми болсон байв. Хэдийгээр Шведүүд ялсан ч гэсэн 30 хоногийн турш цэргүүдээ амраах шаардлагатай болов. Оросууд энэ үед Шведүүдийн замд таарч болох тариан түрүүг шатааж, тосгодыг хоосолсон байна. Энэ байдал нь шведийн цэргүүдэдхүндээр туссан нь ойлгомжтой. Гэхдээ Оросын энгийн иргэд, тариачдад бүр ч хүндээр тусчээ. Шведийн арми хоол хүнсээр тасарч, урагшлах тусам ар талаасаа тасарч, морьдоо бэлчээх газаргүй болж байв. Өлсгөлөн, тахал өвчин цэргүүдийн дунд дэлгэрэв. XII Карл хаан өөрөө цэргүүдээ зоригжуулан явж байсан боловч энэ нөхцөл байдлаас гарах арга олж чадахгүй байжээ. XII Карл хааны зөвлөхүүн ухрахыг зөвлөсөн болоч XII Карл хаан өөр бододтой байв. Хэрвээ тэр Петрийн цэргийг шийдвэрлэх тулалдаанд ялж чадвал санаачлагыг гартаа авах бүрэн бололцоотой байсан юм. Гэвч Петр хаан XII Карлд тэр хүсээд байгаа шийдвэрлэх тулалдааныг нь өгөхгүй байв. XII Карл хаан цэргийн хамтаар Украйны баялаг, үржил шимтэй нутгийг чиглэсэн бөгөөд тэнд Петр хааны эсрэг үе үе бослого гаргадаг Казакуудтай холбоо тогтоож, цэргээ амраахаар шийджээ. Гэхдээ бас нэг эрсдэл байсан нь XII Карл хаан Украйныг чиглэн явах тусам Шведийн газар нутгаас холдож, ар талаасаа бүрэн таслагдах аюулд ороод байв. Зун намраар солигдож, намар нь өвөл болоход Шведүүдийн байдал хүндрэв. тэр жил Европт ойрын 500 жил болж байгаагүй хүйтэн болсон гэж зарим түүхчид бичдэг. Ямартаа ч XII Карл хаан улам л хүндбайдалд оров. 1709 оны өвөл дуусахад XII Карл хааны мэдэлд 40000 бус, харин 20000 хүрэхтэй үгүйтэй цэргүүдбайв. Орост байлдаж байхдаа тулалдаанд гэхээс илүү өлсгөлөн, тахал өвчнөөр Шведүүд армийнхаа бараг тэн хагасыг нь алджээ. Шведүүд Украйны нутагт орж ирлээ. Үржил шимтэй баялаг нутагт XII Карл хаан хүчээ сэлбэхээс гадна Польшийн нутгаар дайрч ирэх нэмэлт хүчтэйгээ уулзах, Петрийн эсрэг бослого гаргаж байгаа казакуудтай нийлэх боломжтой болсон юм. Гэхдээ бас нэг асуудал гарч ирсэн нь Оросууд давшилтанд оров. Оросын их армийг Петр хаан өөрөө удирдаж байжээ. Польшийн нутгаар явж байса Шведийн нэмэлт хүч рүү Оросууд цохилт өгөв. Оросын армийн Петр хаан биеэрээ удирдан явж байсан бөгөөд Швед-Оросын хооронд ширүүн тулалдаан өрнөв. Оросууд тооны хувьд Шведүүдээс 2 дахин олон байв. Энэ тулалдаанд ялагч тодорсонгүй. 2 тал ширүүн тулалдасны эцэст байрлал руугаа ухарчээ. Шведийн арми шөнө дөлөөр ухарсан боловч ачаа бараа, ялангуяа их буунуудаа намгархаг газраар авч явж чадахгүй байв. Тиймээс олон тооны их буунууд шаварт шигдээстэй үлдэв. Мөн хоол хүнсний зүйлс ч байсан. Шведийн армийн удирдагч авч болох бүхнийг авч явахыг тушаажээ. Швед цэргүүд ухарч байхдаа асар их ачагаа үлдээв. Энэ нь XII Карл хааны хангамж байсан юм. Мөн олон тоны архийг үлдээсэн бөгөөд Швед цэргүүд их хэмжээний архи ууснаас болж байлдааны журмаа алджээ. Зарим нь эгнээ, жагсаалаасаа хоцорч, зарим нь согтуугаар ойд төөрч, алга болох болов. XII Карл хаанд эх орноос нь ирэх байсан хангамж ингэж үрэгдсэн юм. XII Карл хэзээ ч тэр хангамжаа авч чадаагүй. Эхний найдвар үгүй болов. XII Карл хааны дараагийн найдвар нь казазкууд байжээ. Казакуудын толгойлогч Иван Степанович Мазеппа XII Карл хааныг дэмжихээ илэрхийлсэн боловч түүний мэдэлд ердөө л 2000 орчим цэрэг байв. Иван Мазеппагийн намтар их сонирхолтой. Мань хүн Польш гаралтай бөгөөд залуудаа Польшийн нэгэн язгууртны эхнэртэй амрагийн холбоотой байжээ. Тэр нь илэрч баривчлагдсан байна. Улмаар Польшууд түүний дээрээс хар тос асгаад тахианы өдөөр хучиж моринд хүлээд Украйны тал руу илгээжээ. Иван Мазеппаг замдаа үхэх байх гэж бодож байсан боловч казакууд түүнийг олж авран, улмаар казакуудын итгэлийг олж дунд нь амьдрах болов. Иван Мазеппа амбицтай хүн байсан учраас 48 настайдаа томоохон удирдагч болжээ. Иван Мазеппа өнгөн дээрээ Петр хаантай сайн харилцаатай байсан боловч хэрэг дээрээ түүнд дургүй байв. Тиймээс боломж л гарвал Петрийн нуруу руу хутга шаахад бэлэн байжээ. Тэр боломж нь XII Карл болж таарав. Иван Мазеппа өөрийн гэсэн хаант улсыг байгуулахыг мөрөөдөж байсан гэдэг. XII Карл хаан Польшийн нутгаар хөндлөн гулд аялж, аян дайн хийж байх үед Иван түүнтэй холбогдож эхэлжээ. XII Карл хаан эхэндээ түүнийг тоосонгүй. Харин нөхцөл байдал түүнд Ивантай дотносох, холбоотон болох шаардлагатайг ойлгуулжээ. Иван өөрийнхөө хүчийг хэт дөвийлгөсөн байжээ. Түүний мэдэлд 30000 казак цэрэг байсангүй. Казакууд Мазеппаг дагана гэхээсээ илүү Петрээс айж байв. Петр ч арга хэмжээ авч казакуудыг залхаан цээрлүүлж, цогцосуудыг нь загалмайнд цовдлон Днепр мөрнөөр урсгаж орхив. Энэ нь казакуудыг айлгах зорилготой байжээ. Энэ арга ч үр дүнгээ өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь олон ч казакууд Иван Мазеппагаас салж явсан юм. XII Карл хаан Украйны нутагт орж ирэхдээ тээж явсан 2 найдвараасаа ийнхүү салсан юм. Украйнд ар талаасаа бүрэн таслагдсан Шведүүдэд Полтав руу довтолж, тэнд бэхжихээс өөр сонголт үлдсэнгүй. Тахал өвчин, хүнсний хангамж муудсан, ар талаасаа таслагдсан, бараг бүх их буунуудаа шавар, намагт алдсан гээд Шведүүдийн байдал тун хүнд байв. Шведийн арми Оросуудаас түрүүлж Полтавт ирлээ. Тэд хотын бүслэхээр бэлдэж, нуувч ухаж эхлэв. Гэхдээ их бууны галын дэмжлэггүйгээр энэ давшилт амжилттай болох эсэх нь тун эргэлзээтэй байлаа. Петр хаанаар удирдуулсан Оросын арми ч Полтавт ирэв. XII Карл хаан цэргүүдийнхээ нуувчийг шалгаж байгаад суманд оногдож хөлөндөө шарх авчээ. Энэ нь сайн мэдээ байсангүй. XII Карл хөлөндөө шарх авсанаар байлдааны үед биерээ тулалдаж үлгэр жишээ үзүүлэх боломжгүй болов. Полтавт ирсэн Оросын арми 80000 цэрэгтэй, 7 их буутай байв. Харин Шведүүд 18000 цэрэгтэй дөрөвхөн их буутай байжээ. Тулалдаан эхлэв. Шведүүд уламжлал ёсоор давшилтаа эхлүүлж, Оросуудыг шахав. Харин энэ үед Оросын их буунууд гал нээжээ. XII Карл хаан торгон цэргүүдийн хамтаар тулалдааны талбар руу давшиж, цэргүүдээ зоригжуулахыг хичээж байв. XII Карл хааны хөл бэртсэн учраас маш олон цэргүүд түүнийг өргөөд явж байсан гэдэг. Түүний торгон цэргүүд нэг нэгээрээ унасаар эцэст нь гуравхан хүн үлдсэн байна. Оросууд XII Карлын байрлал руу торгон цэргээ оруулав. Шведүүд хаанаа олзлуулахгүйн тулд улайран үзэлцжээ. Нэгэн хошууч мориноосоо буугаад XII Карлыг дөнгөж мордуулаад давхиулсныхаа дараа Орос цэргийн сэлэмд хяргуулсан байна. Шведүүд Полтавын дэргэд бут ниргүүлэв. Ухралт замбараагүй зугтаалт болон хувирч, XII Карл цаг алдалгүй Днепр мөрнийг гатлан Османы нутагт орох хэрэгтэйг сайн ойлгов. Оросууд араас нь гэзэг даран нэхнэ. Полтавын тулалдааны дараа 1500 орчим Шведүүд хааныхаа хамтаар Днепр мөрнийг гатлахаар зугатаав. Гэхдээ Туркийн хил дээр бяцхан тулалдаан болж Шведүүд дахиад 800 хүнээ алдав. Энд болсон үйл явдал нь орон нутгийн эмир Шведүүдийг Турк руу оруулахын тулдасар их хэмжээний мөнгө нэхэж саатуулжээ. Үүнээс болж Оросуудад бараг баригдах шахав. Османы Туркийн нутагт хүч чадсан Шведийн цөөхөн цэргүүд Османы султаны хамгаалалтанд оров. Оросууд Туркийн хил дээр ирмэгцээ XII Карлыг гаргаж өгөхийг шаардав. Харин Туркийн султан татгалзжээ. Петр хаан цэргийн хамтаар Туркийн нутагт цөмрөлт хийлээ. Османы арми Оросуудыг Плут голын дэргэд тогтоож энхийн хэлэлцээр хийв. Оросын арми Османы нутгаас гарчээ. Харин XII Карл хаан Туркийн султаны Оростой дайтахыг шаардав. Мэдээж султан зөвшөөрөөгүй. XII Карл хаан Османы султантай муудалцаж, улмаар XII Карл болон түүний хүмүүсийг шоронд хnйв. Хэсэг хугацааны дараа тэд суллагдаж, Швед рүү буцахаар болжээ. Харин энэ үед Польшийн хуучин хаан Август Польштйн нутагт байсан Шведийн цэргүүд рүү довтолж цайзад бүгүүлэн бүсэлж байгаад буулган авчээ. Энэ ялагдал Шведүүдийн хувьд их хүнд туссан байна. Шведийн дараалсан ялагдлууд бусдад боломж олгожээ. Шведийн эсрэг Норвеги, Дани, Прусс, Польш, Их Британи хүртэл оролцов. Мэдээж Оросуудыг хасч болохгүй. Энэ үед Шведүүд Умард Европын бараг бүх оронтой дайны байдалд оров. Гэхдээ XII Карл хаан бууц өгсөнгүй. Тэр байгаа бүх нөөцөө шавхаж хил залгаа Норвегид цөмрөн оржээ. Эхний үед Шведүүд амжилттай давшиж, Дани-Норвегийн нэгдсэн армийг бутцохин Норвегийн нутгаар давшилтаа үргэлжлүүлэв. Харамсалтай нь Норвегийн флот Балтийн тэнгист Шведийн флотыг бут ниргэжээ. Флотоо алдсан XII Карл армиа сэлбэх боломжгүй болсон тул Швед рүү ухрав. Энэ үед Оросууд тухайн үед Шведийн мэдэлд байсан Финлянд руу дайрав. Заншил ёсоор Оросын аварга арми удаан урагшилж байв. Цаг уурын байдал, нуур намгаас болоод давшилт нь бүр ч удааширч байжээ. Финляндад байрлаж байсан Шведийн арми голдуу Финляндуудаас бүрдэж байв. Харин хангамж муу, хүн хч цөөн байсан учраас Финлянд дахь Шведийн армийн командлагч байнга ухарч байжээ. Финлянд голдуу цэрэгтэй Шведийн арми Оросуудтай 2 ч тулсан боловч дараалан ялагдав. Оросууд Фины буланд Шведийн флотод дахин цохилт өгсөнөөр Шведийн гол хүч Финляндаас гарч, эх нутгаа хамгаалахаас өөр аргагүй болжээ. XII Карл бууж өгсөнгүй. Дахин арми босгож Норвеги руу хөдлөв. Энэ удаа түүний зорилго бол Фредериксен цайз байв. Норвеги руу хөдөлсөн XII Карлын арми 22000 хүнтэй байжээ. Шведүүд уул, даваа, нуур намаг, гол мөрнийг гаталсаар Фредериксен цайзад хүрэв. Шведүүд байнга л хоол хүнсний хомсдолтой байсан ч гэсэн сахилга батаа алдалгүйгээр амжилттай давшиж байв. 1709 оны 11-р сарын 30-нд Фредериксен цайзыг бүсэлсний дараа XII Карл хаан цэргүүдийнхээ бэлтгэлийг шалгаж байв. Энэ үед цайзынхан эргэн тойрны ой модоо шатааж эхэлжээ. XII Карл хаан Фредериксен цайзынхан галыг ашиглаж сөрөг довтолгоон хийж магад хэмээн таамаглаж байв. Тэрээр дайсны байрлалыг харж байгаад гэнэт л унаад өгчээ. XII Карл хаан суманд оногдож амьсгал хураасан байв. Цэргүүдийн байлдах сонирхол буурч, эх нутаг руугаа ухрав. Гэхдээ тал талаасаа дайралтанд өртөж улмаар энхтайвны гэрээнд хүчээр гарын үсэг зурахаас өөр аргагүй болжээ. 1718-1721 оны хооронд Швед рүү довтолсон Орос цэргүүд ёстой дураараа дургиж байсан гэдэг. Умардын дайнд Шведүүд ялагдсан. Шалтгаан нь Шведийн дайснууд хүн ам, материалын асар их нөөцтэйд байсан юм. Умардын дайны үед Шведийн хүн ам ердөө л 3 сая байсан бөгөөд тэдгээрээс 1 сая нь Шведүүд байжээ. Харин Оросын хүн ам 16 сая байсан гэдэг. Түүхчид XII Карл хааны довтлох стратегийг шүүмжилсээр ирсэн. Харин XII Карлд довтлохоос өөр сонголт байгаагүй. Учир нь дайснууд нь араа шүдээ хүртэл зэвсэглэж, довтлох нь нэгэнт тодорхой байсан. Тиймээс өрсөж цохилт өгөх гэдэг нь яаж ч бодсон зөв тактик юм. Шведийн цорын ганц үнэнч холбоотон болох Францууд Испаний нутагт Испаний хаан ширээний төлөө тулалдаж байсан учраас Шведүүдэд хэзээ ч бодит тусламж үзүүлээгүй юм.

XII Карлыг хэн алсан бэ?

засварлах

1874 онд Шведийн хаан II Оскар Орост иржээ. Тэр Кремлийг үзэж, Петербургийг сонирхож, Эрмитажийг үзжээ. Тэгээд Полтавын тулалдааны дараа Шведүүдээс олзлон авсан трофенууд болох XII Карлын сандал, эмээл, бээлийг нь үзэж байгаад Карл хааныг хэн алсан тухай асууж байжээ. Шведийн хаан XII Карл 1718 оны 11-р сарын 30-нд Норвегийн Фредериксен цайзыг бүсэлж байгаад мэргэн буучийн суманд оногдсон гэж үздэг. Зарим нь тэнэсэн суманд оногдсон ч гэж ярьдаг. Шведийн II Оскар хаан өөрийн аав XY Карлын хамтаар XII Карлын бунханг байгуулахад оролцож явжээ. XII Карл хааны шарил сайн хадгаладгсан бөгөөд өөрийнх нь зүүж байсан титмийн хамтаар оршуулсан гэдэг. XII Карлын шарилыг харж байхад сум гавлынх нь баруун талаас нь нэвт цохиж орсон нь ойлгомжтой бөгөөд гавлынх нь зүүн талаар гарахдаа хүний 3 хуруу чөлөөтэй багтахаар нүх үлдээжээ. Шархнаас нь харахад их ойрын зайнаас буудсан боловуу гэж таамаглахуйц. XII хааны цогцосыг задлан шинжилсэн эмч Фриксель бичихдээ: “эзэн хааныг цахиур буугаар буудсан байна” хэмээжээ. Гэхдээ хамгийн гол асуулт нь хэн XII Карл хааныг алсан бэ? Түгээмэл хариулт нь эзэн хааныг сайтар бэлтгэгдсэн, төлөвлөж, нарийн зохион байгуулсан хүн алсан нь тодорхой. 1718 оны 10-р сард XII Карл хаан Норвегийн байлдан эзлэхээр бүх нөөцөө шавхан хөдөлсөн юм. Энэ түүний сүүлчийн боломж, эзэнт гүрнээ ялагдлаас аврах сүүлчийн найдвар байсан юм. Шведийн цэрэг Норвеги-Данийн заагт орших Фредериксен цайзыг бүслэх тушаалтай довтолсон боловч их хүйтэн байсан учраас байлдааны ажиллаагаа удаашрах төлөвт оржээ. Бүслэлтийн ажилтай танилцахаар тэр орой Карл хаан хүрээтээ тойрон шалгалт хийжээ. Бүслэлтийн бэлтгэл ажилд тэрээр сэтгэл дундуур байв. Тэгсэн ч гэсэн цэргүүдээ зоригжуулж, урам өгсөөр явав. Шведийн армид ажиллаж байсан Франц офицер Мерге бүслэлт амжилттай болно, 8 хоногийн дотор цайзыг эзэлнэ хэмээж байв. Хаан ухсан нүх, нуувчуудыг шалгаад явж байхдаа өлийж дайсны зүг харав. Франц офицер нь “Та болгоомжтой байсан нь дээр шүү. Дайсны сум эзэн хаан, цэргийг ялгалгүй алдаг юм” хэмээн сануулсан бол өөр нэг Швед офицер мөн л иймэрхүү утгатай сануулгыг эзэн хаанд хэлэв. Карл тэдний хэлснийг тоосонгүй. “айх хэрэггүй” хэмээн хэлсээр нуувчнаасаа өндийж дайсны зүг харав. Карл хааны ойролцоо зогсож байсан Франц офицер Сигюр, Швед офицер Каульбар нар Карлыг унаж байхыг нь харжээ. Ойртоод очиход тэр аль хэдийнээ амьсгал хураасан байв. Буудуулсан Карл хааны баруун нүд нь аяга руугаа шигдсэн маягтай байсан бол зүүн нүд нь бүлт үсэрчээ. Ойр орчим байсан офицерууд хааны үхлийн цэргүүдээс нуухаар шийджээ. Учир нь цэргүүдийг зоригжуулж, ирлэдэг ганц хүн нь Карл хаан өөрөө байсан юм. Тэгээд ч дайснууд хэрвээ мэдвэл энэ нь Шведүүдийг тун таагүй байдалд оруулах байв. Шведийн хаан XII Карл ингэж эмэгнэлтэйгээр амь эрсдсэн юм. Тэр үед хаан 36 настай байжээ. Шведийн түүхэн дэх хамгийн хүчирхэг хүний хувь заяа хамгийн харгис, эмгэнэлтэйгээр дууссан нь энэ юм. Гэхдээ хэн тэгсэн бэ гэдэг нь түүхэн асуулт хэвээрээ үлдсэн юм. Дайсны суманд өртсөн үү, тэр нь мэргэн бууч байсан уу? Эсвэл өөрийн талын цэрэг болгоожмгүйгээсээ болж сум алдсан уу? Энэ асуулт хэвээрээ үлдсэн. Мэдээж хэрэг түүний үхлийн талаар олон ч таамаг байсан юм. Хамгийн сонирхолтой нь Карлыг алагдсаны дараа Франц офицер Сигюр ор сураггүй алга болсон юм. Сигюрийн майхнаас штуцер буу олдсон бөгөөд сум тавьсан гэдэг нь тодорхой байжээ. Олон жилийн дараа Сигюр нас барахынхаа өмнө Карлыг алсан хүн бол би хэмээн хэлж байсан гэсэн яриа байдаг. Сигюртэй амьд ахуйд нь уулзаж ярилцаж байсан хүмүүсийн нэг нь Францын алдарт сэтгэгч Вольтер юм. XII Карл хааныг амь үрэгдсэний дараа түүний эгч Ульриха төр барьсан