Шарль Гуно
Шарль Франсуа Гуно ( франц. Charles François Gounod ; 1818 оны 6 сарын 17 - 1893 оны 10 сарын 18 ) нь Францын хөгжмийн зохиолч, хөгжмийн шүүмжлэгч, дурсамж зохиолч юм. Францын уянгын дуурийн төрлийг үндэслэгч.
Тэрээр 1818 оны 6-р сарын 17-нд Парист Чарльз Франсуагийн хүү зураач Франсуа Луи Гуно, хөгжмийн багш, төгөлдөр хуурч Виктория нарын гэр бүлд мэндэлжээ. Арван нэгэн настай Гуног лицейд оруулсан бөгөөд тэр суралцах хугацаандаа Шарль Гуно сүмийн найрал дуунд гоцлон дуулж, мөн хөгжмийн онолыг судалж, хөгжим зохиох болжээ. Ялангуяа дуурийн театрт очдог байсан нь түүнд хөгжмийн зохиол бичих дур хүслийг улам бадраажээ.
1838 онд Гуно Парисын консерваторид элсэн орохын өмнө Антонин Рейхээс цаг авч дуурьсахуйн ухаан, олон хоолойн хичээл заалгаж байв. Парисын консерваторид байхдаа Фроментал Галеви, Жан-Франсуа Лесюер, Фердинандо Паэр нараар хөгжмийн зохиомжийн , найруулгын нарийн арга барилуудыг заалгажээ.
1839 онд Гунод "Фернан" кантатаараа Ромын тэтгэлэгт шагнал хүртэж, Италид хоёр жил болсон зарим үед Вена болон Германд хэсэг хугацаагаарочиж байжээ. Италийн орчин үеийн дуурийн урлагт гайхширсан Гунод дундад зууны шашны хөгжим, ялангуяа Палестрины хөгжим анхаарал татаж байсан бөгөөд тэр хэмжээгээрээ сонирхох, ёудлах болжээ.
Парист буцаж ирээд 1843-1848 онд Гуно сүмд органист, регентээр ажиллаж байв. Энэ жилүүдэд тэрээр зөвхөн шашны холбогдолтой бүтээл туурвиж байлаа. Энэ үед тэрээр шашны үзэл санаанд анхаарал хандуулах болов. 1847-1848 онд Гуно Сент-Сулписийн семинарт теологийн курст суралцжээ.
Зөвхөн театр л хөгжмийн зохиолчид өдөр бүр олон нийттэй харилцах боломжтой гэдгийг ойлгосон тэрээр дахин дуурийн урлаг руу хандах болов. Түүний анхны дуурь "Сафо" 1851 онд нээлтээ хийсэн.
1852 онд Гуно Парис дахь Орфеоны захирал болжээ. Энэхүү найрал дууны сонирхогчдын нийгэмлэг нь тухайн үеийн хамгийн том хөгжим, боловсролын байгууллага байсан бөгөөд гишүүд нь ихэвчлэн Парисын ажилчид, хотын захын оршин суугчид байв.
Эргэн тойрон дахь амьдралдаа сандарч, янз бүрийн үзэл суртлын нөлөөнд амархан автаж байсан Гуногийн сэтгэл санаа, уран бүтээлчийн сэтгэл зүй тогтворгүй байв. 1857 онд Гунод сэтгэцийн хүнд өвчний ирмэг дээр байсан ч 1860-аад онд шаргуу, үр бүтээлтэй ажилласан байдаг.
1858 онд "Доктор Вилли-Нилли" (Мольерийн зохиолоор) дуурийн нээлт болжээ. Уянгын театрт тавигдсан уг дуурийг өмнөх бүтээлүүдээс илүү халуун дотноор хүлээж авсан. Хошин зохиол, үйл явдлын бодит байдал, дүрүүдийн амьд байдал нь Гуногийн авъяас чадварын шинэ талыг нээж өгөв. Тэдгээр нь дараагийн бүтээлүүдэд нь бүрэн утгаараа ач холбогдолоо өгсөн байдаг. Энэ бол 1859 онд тус театрт тавигдсан “Фауст” дуурь мөн. Үзэгчид энэ дуурьт дурлаж, шинэлэг мөн чанарыг нь ойлгож, ухамсарлахад багагүй хугацаа зарцуулсан. Өөрөөр хэлбэл энэхүү дуурийн анхны тоглолтууд амжилтгүй болсон аж. Харин арваад жилийн дараа тэрээр Гранд опера театрт дахин тоглох болсон бөгөөд анхны харилцан яриа нь речитативаар солигдож, мөн балетын үзэгдэл нэмэгджээ. 1887 онд "Фауст"-ын таван зуу дахь тоглолтыг энд хийж байсан бол 1894 онд мянга дахь тоглолтыг нь тэмдэглэж байв.
1859 онд Гуно нь И.С.Бахын 1-р прелюди дээр үндэслэн Ave Maria бичжээ. Энэ нь сопрано, найрал хөгжим, орган, клавир зэрэгт зориулсан бүрэн хэмжээний бүтээл болж дуусмагц гайхалтай амжилтанд хүрсэн. Энэхүү, Бах-Гуногийн "Аве Мария" нь дэлхийн хамгийн алдартай хөгжмийн зохиолуудын тоонд багтаж байдаг юм.
1860-аад оны эхээр Гуно “Филемон ба Баукис”, “Тагтаа” гэсэн хоёр комик дуурь, мөн “Савсын хатан хаан” (1862), “Мириэль” (1864) зэрэг хошин дуурь зохиосон.
Гуногийн хамгийн сүүлчийн уран бүтээл бол “Ромео баЖульетта” дуурь юм. Түүний нээлт 1867 онд болсон бөгөөд маш их амжилттай болов. Хоёрхон жилийн дараа гэхэд энэ дуурь нь 90 удаа тоглогдсон байсан юм.
Түүний хэд хэдэн бүтээлүүд нь амжилтгүй болсоны улмаас (Полиевкт, 1878) тэрээр хөгжмийн театраас холдож, шашны хөгжмийг илүүд үзэж, түүнд бүтээлээ зориулах болжээ. Түүний сүүлчийн томоохон бүтээлүүдийн дунд "Цагаатгал" (1881), "Үхэл ба амьдрал" (1884) гэсэн хоёр оратори бий. Энэ үеэс Гуно утга зохиол, шүүмж бичих болсон ажээ.
Гуно амьдралынхаа сүүлийн жилүүдийг Парисын ойролцоох Сен-Клод өнгөрөөж, залуу хөгжмийн зохиолч А.Буссеттэй хичээллэх болсон юм.
Шарль Гуно 1893 оны 10-р сарын 18-нд Сент-Клод нас барав. Түүнийг Парисын Отой-д оршуулжээ.