Шадавын Цагаандорж

Шадавын Цагаандорж (1912 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн-1980 онд Москва хотод нас барсан)-Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн. БНМАУ-ын худалдааны гавьяат ажилтан, БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайд, дипломат.

Тэрээр 1930-1932 онд Худалдааны техникум, 1953-1956 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг төгсчээ.

1932 оноос Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт сумын хоршооны ажилтан,

1939-1943 онд Биеийн хөдөлмөрийн анхны хоршоо, Улсын дамжлага баазын дарга,

1943-1953 онд Монголын эд хэрэглэгчдийн хоршоодын Төв холбооны ерөнхий хорооны орлогч дарга, дарга,

1956-1959 онд БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайд,

1960-1964 онд БНМАУ-ын БНСЧСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,

1964-1968 онд МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч,

1968-1973 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх,

1974-1975 онд Малын зүй бус хорогдолтой тэмцэх ажил эрхэлсэн улсын онцгой комиссын орлогч дарга,

1976 оны 1-р сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн ахуй үйлчилгээний материаллаг баазыг бэхжүүлэх асуудал эрхэлсэн улсын комиссын орлогч даргаар ажиллаж байжээ.

1980 онд ЗХУ-ын Москва хотод эмчлүүлж байгаад нас барсан.

Тэрээр 1938 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд намын XIII, XIV, XV их хурлаас Намын төв Хорооны гишүүнээр, БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 4, 6 дахь удаагийн сонгуулиар Ардын Их хурлын депутатаар тус тус сонгогдож байсан байна.

Түүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтангадас” одонгоор 3 удаа, мөн медалиуд, БНМАУ-ын худалдааны гавьяат ажилтан цолоор шагнажээ.

Тэрээр нам, ард түмний үйл хэргийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан, төрөөс даалгасан ажлын төлөө өрийн бүх хүч мэдлэг, туршлага, авьяас билгээ дайчлан ажилладаг ахмад ажилтны нэг байсан юм.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 7-р сарын 26-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Ерөнхий Боловсролын сургуулийг Худалдааны гавьяат ажилтан, БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайд, дипломатч Шадавын Цагаандорж агсны нэрэмжит болгосон байна.