Шагжсүрэнгийн Даваахүү
Шагжсүрэнгийн Даваахүү (Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн) Монгол Улсын дархан мэргэн, Гавьяат тамирчин.
Намтар
засварлахБага байхад нь эцэг нь үндэсний сурийн харваагаар хичээллэж харвадаг байжээ. Аймаг, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоно. Тосонцэнгэл сумын улсын тэргүүний сургуулийг 1982 онд төгссөн.
1988 онд эцэг нь “Тэмцээнд оролцоно, цуг явъя” гээд дагуулж явжээ.
Эцгийнхээ нум сумаар байсхийгээд л ганц нэг харваж байгаад 1989 оны хавраас сурын спортод эргэлт буцалтгүй орсон гэдэг.
1989 оноос хойш өнөөг хүртэл харваж буй Ш.Даваахүү дархан мэргэн цолтой. Улсын наадмын таван түрүүтэй нь Монгол Улсад хоёрдугаарт, эрчүүдээ тэргүүлэх амжилт. Түүний өмнө зургаан түрүүтэй ганцхан харваач байдаг нь дархан мэргэн Ч.Мөнхцэцэг.
1990 онд Тосонцэнгэл сумынхаа аварга шалгаруулах тэмцээнд 19 онон түрүүлжээ. Тэмцээнд анх удаа өрсөлдөөд түрүүлсэн нь тэр. Дараа нь улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 онон түрүүлээд спортын мастер болжээ. Түүнээс долоохон хоногийн дараа болсон улсын наадамд 35 онон түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Улсын наадмын анхны түрүүгээ ингэж хүртэв.
Наадмын дараа Монголын нууц товчооны 750 жилийн ойд түрүүлж, хошой мэргэн боллоо. Ингэснээр 26-хан насандаа нэг жилийн дотор УАШТ, улсын наадам, Нууц товчооны ойд түрүүлж, гурван том цол хүртсэн нь монгол наадмын түүхэнд анхдагч амжилт үзүүлсэн.