Шагдарын Чанрав
Шагдарын Чанрав нь (* 1948 оны 11 сарын 20-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн; † 2007 оны 8 сарын 10-нд Улаанбаатарт нас барсан) үндэсний бөхийн улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга, бөхийн төрлүүдээр дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны тамирчин, бөх тайлбарлагч, дасгалжуулагч байв. Монгол улсын гавьяат тамирчин цолтой.
Намтар
засварлахЭцэг Г.Шагдар нь нутгийн бүсгүй А.Цэдэнбалжиртай гэрлэн Сосорбарам, Лхагвасүрэн, Тогоонтөмөр гэдэг гурван охин, Сэнгэравдан, Чанрав гэдэг хоёр хүү төрүүлсэн байна. Эцэг Шагдар нь 1951 онд идэр залуу насандаа өнгөрөхөд Чанрав гуравхан настай хагас өнчирч хоцорсон юм ажээ. 1960 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарч хөл муутай ээждээ нэмэр болохоор хонь хариулж 1964 оноос бригадын гурван зуу шахам адуу авч малласан байдаг.
Тэрээр 1967 оны хавар 19 настайдаа цэргийн албанд морджээ. Цэрэгт байхдаа 1969 оны хавар Армийн аварга шалгаруулах тэмцээнээр Чанрав 29 давж цэргийн арслан цол авсан байна.
Эх А.Цэдэнбалжир 1967 он хүртэл Хүрээмарал сумын “Улаан туг” нэгдэлд мал маллаж байгаад тэтгэвэрт гарч хүү Сэнгэравданг сургууль номын, Чанравыг бөхийн мөр хөөхийг дэмжиж хотод шилжин иржээ. Улмаар хүүхдүүддээ түшиг болж амьдарсаар 1992 онд 84 насандаа бурхан болсон ажээ.
1970 онд цэргээс халагдаад Улаанбаатар хотод Мах комбинатын өлөнгийн хоринтавдугаар цехэд ажиллахын зэрэгцээ Х.Намшир багшийн шавь болж бөхийн спортоор эрэмбэ дараалалтай хичээллэж эхэлсэн байдаг. Энэ үед самбо бөхийн анхны тэмцээн “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болоход Б.Эрдэвт ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Польш улсад 1972 онд болсон олон улсын тэмцээн, Бакугаас тус бүр мөнгө, удаах жил нь Москва хотноо болсон Ах дүү армиудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авчирсан нь дэлхийн аварга болох гарааг бэлдэж өгсөн түүхтэй.
1973 онд Иран Улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдсан Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 62 кг жинд МУГТ Шагдарын Чанрав түрүүлснээр бөхийн төрлүүдээс дэлхийн аварга цол хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болж түүхэнд бичигдсэн.
Тэрээр 1978 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 1978 - 1985 онд самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1999 онд мөн самбо бөхийн улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байв. Чанарав 1977 оноос бөхийн тайлбарлагчаар насан эцэслэтлээ ажиллаж байлаа.
Ш.Чанрав 1977 онд Радиогоор Улсын Их баяр наадмын бөхийг анх удаа шууд тайлбарлаж байсан. Тэрээр 1986 оноос А.Ганбаатарыг радиогийн тайлбарлагч болсноос хойш телевизээр тайлбарлах болсон юм.
Гэр бүл
засварлахгэргий Лувсанчоймболын Лириймаатай 1973 онд танилцаж 1976 оны намар гэрлэсэн байна. Тэд хоёр охин, хоёр хүүтэй ажээ.
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын дунд сургууль Ш.Чанравын нэрэмжит болсон.
Тэрээр 171 см биеийн өндөр, 70 орчим кг биеийн жинтэй байжээ.
Амжилт
засварлахҮндэсний бөх
засварлах- 1969 онд цэргийн арслан цол хүртжээ.
- 1979 онд улсын наадамд 5 давж, улсын начин цол хүртсэн.
Жүдо
засварлах1976 оны Монреалийн олимпод 70кг-ийн жинд өрсөлдөж байсан. Тбилисийн олон улсын А зэрэглэлийн тэмцээний мөнгөн медальт.
Самбо
засварлах- 1973 оны дэлхийн аварга (уг амжилтаараа мөн онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртжээ)
- 1974 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.