Чөлөөт Хэвлэл Сан

Чөлөөт Хэвлэл Сан (ЧХС сонины хэвлэх үйлдвэр) – Монгол улсын хэвлэлийн томоохон үйлдвэрүүдийн нэг. Монгол улсыг ардчилсан чөлөөт тогтолцоо, нээлттэй зах зээлд шилжсэнтэй холбогдуулан Дани улсын Засгийн газраас үзүүлсэн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” төслийн хүрээнд 1996 онд байгуулагдсан. Монголд чөлөөт хэвлэлийн тогтолцоо бүрэлдэн хөл дээрээ баттай зогсоход энэ үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй гэдгийг судлаачид тэмдэглэдэг.[1] Монголын сонины үйлдвэрлэлийн салбарт технологийн болон программ хангамжийн шинэчлэлээр олон жил тэргүүлж байв. 1996-2005 онд үндэсний хэмжээнд хэвлэгдэн гардаг сонины нэрийн дүнгээр 90 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэж байсан бол 2016 оны байдлаар 60 шахам хувийг хэвлэж байна.

Чөлөөт Хэвлэл Сан
ТовчлолЧХС сонины хэвлэх үйлдвэр
Байгуулагдсан1996 оны 2 дугаар сарын 16
ТөрөлСан
Хууль зүйн байдалТөрийн бус байгууллага
Зорилт/чиглэлСонин хэвлэлийн үйлдвэрлэл
БайрлалУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу-54
Удирдах зөвлөлийн даргаХ.Наранжаргал
(2015 оноос)
Гүйцэтгэх захиралН.Болормаа
(2011 оноос)
Цахим сүлжээwww.freepress.mn

Үйл ажиллагааны үндсэн чиглэл засварлах

  • Сонины үйлдвэрлэл, үйлчилгээ
  • Хэвлэлийн хальс болон хавтан боловсруулах үйлчилгээ
  • Оффсет хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ

Түүх засварлах

1991 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн донор орнуудын бага хурал дээр Дани улс Монгол улс дахь ардчиллын үйл явцад дэмжлэг үзүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв. Улмаар Засгийн газраасаа хэрэгжүүлдэг “Шилжилтийн орнуудын тусламжийн хөтөлбөр”-төө Монголыг хамруулсан юм.[2] Данийн олон улсын тусламжийн байгуулага ДАНИДА-гийн шугамаар Монголын хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин хамгаалах, боловсрол, хэвлэл болон хүмүүнлэгийн салбарт хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд эдгээрийн нэг нь “Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” төсөл байв. “Чөлөөт хэвлэл” төсөл нь Данийн тусламжаар санхүүжүүлсэн төслүүдээс өнөө хэр хамгийн үр дүнтэй хэрэгжсэн төслийн нэгэнд тооцогддог. Сонин хэвлэх үйлдвэрийг байгуулахад Данийн Засгийн газар гурван сая 725 мянган дани кроны хөрөнгө оруулалт хийж, Монголын Засгийн газар 925 мянган кронтой тэнцэх төгрөгийн эргэлтийн хөрөнгө хандивласан юм.

Үүсгэн байгуулагдсан нь засварлах

Пунцагийн Жасрайн толгойлж байсан Монгол улсын Засгийн газраас 1993 оны 11 дүгээр сарын 18-нд “Дани улсын буцалтгүй тусламжийг ашиглах талаар авах арга хэмжээний тухай” 169 тоот тогтоол гаргаж, "Монголын хэвлэлийн хүрээлэн, Сонины хэвлэх үйлдвэр байгуулах" төслийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулан удирдах Монголын талын Байнгын хороог батлав. Уг тогтоолын дагуу, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт улсын төсвийн болон зээлийн хөрөнгөөр баригдаж байсан Хүүхэд, залуучуудын хэвлэлийн үйлдвэрийн барилгын "Б" корпусыг, шинээр байгуулах Монголын хэвлэлийн хүрээлэн, Сонины хэвлэх үйлдвэрт шилжүүлэн ашиглуулахаар болжээ. Мөн Хэвлэлийн хүрээлэн, Сонины хэвлэх үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааг байгуулан, Хүүхэд, залуучуудын хэвлэлийн үйлдвэрийн барилгыг барихад зориулж "Монгол хэвлэл" компани, "Монгол даатгал" банкнаас авсан зээлийг хүүгийн хамт албан ёсоор түүнд шилжүүлэхийн хамт хэвлэх үйлдвэр, хүрээлэнг төсөлд заасан графикт хугацаанд нь ажиллуулж эхлэхийг төслийн Монголын талын хорооны даргад даалгав. Энэ хорооны даргаар тухайн үед Соёлын сайд байсан Намбарын Энхбаяр томилогджээ. Байнгын хорооны гишүүд нь Монгол улсын шадар сайдын туслах Н.Энхболд, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Дашдондов, Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч С.Цэрэндорж, Үндэсний хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Баавай, Данийн Сэтгүүл зүйн сургуулийн ректор Ким Минке нар байв.

1990-ээд он засварлах

1993 оны 12 дугаар сард байгуулагдсан Л.Пүрэвсүрэн захиралтай Ашиглалтын өмнөх захиргаа “Монгол хэвлэл” компанийн 8 тоот өрөөг түрээслэн үйл ажиллагаагаа эхлэхийн хамт Сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Барилгын цэргийн 012 дугаар анги, архитекторч Ө.Ганболдын шинэчилсэн зургаар барьж эхлэв.

1994 оны наймдугаар сард “Чөлөөт хэвлэл” сонины анхны дугаарыг төслийн менежер Майкл Соммервиль, төслийн туслах Л.Сэлэнгэ нар Дани улсад хэвлүүлэн авчирсныг нийтийн хүртээл болгожээ. Мөн оны 10 дугаар сард үйлдвэрийн ерөнхий инженерээр Б.Галсандорж томилогдсон бол 1995 оны нэгдүгээр сард үйлдвэрийн анхны захирлаар Х.Наранжаргалыг томилов.

1995 оны дөрөвдүгээр сард Монголын хэвлэлийн хүрээлэн, Сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг улсын комисс хүлээн авав. Зургадугаар сард ДАНИДА-гийн нэрийн өмнөөс төслийг Монголд хэрэгжүүлэгч байгууллагаар Данийн Сэтгүүл зүйн сургууль ажиллаж эхэллээ. Мөн оны есдүгээр сард Сонины хэвлэх үйлдвэр Монголын хэвлэн нийтлэгчдийн сангийн статусаар албан ёсоор улсад бүртгүүлж, Хууль зүйн яамнаас гэрчилгээ авав. 1996 оны нэгдүгээр сард Дани улсаас хэвлэлийн тоног төхөөрөмж, сонины цаас, түүхий эд материал бүхий 18 контейнер илгээсэн нь Монголын хилээр орж ирэв. Нэгдүгээр сарын 31-нд хэвлэлийн машин техникийн суурилуулт эхэлж, хоёрдугаар сарын есөнд бүх технологиор анхны туршилтыг амжилттай хийн, хоёрдугаар сарын 27-нд албан ёсоор үйлдвэрлэлээ эхэлжээ. Ингэхдээ Монголын үндэсний чөлөөт хэвлэл "Ил товчоо" сониныг А3-8 нүүр, 7000 хувиар хэвлэв. Үүнээс хойш дөрвөн сарын дараа, парламентын сонгуульд өрсөлдөгч гол хоёр намын сурталчилгааны хоёр сониныг нийт 320 мянган хувиар хэвлэжээ.

1998 оны нэгдүгээр сард Бельгийн “Agfa”(en) компанийн Дани дахь салбартай хийсэн гэрээний дагуу, өнгө ялгах “Imagesetter Avantra 25Е” болон бусад тоног төхөөрөмжийг хүлээн авч Данийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурилуулан өнгөт сонины үйлдвэрлэл эхлэх бэлтгэл хангав. Хоёрдугаар сард анхны өнгөт сонин “Чиний зураг” хэвлэгдэв. Тавдугаар сард “Цэнхэр дэлгэц” сониныг дөрвөн өнгөөр 20 мянган хувь хэвлэжээ. Захирлуудын зөвлөлийн хурлаар Чөлөөт Хэвлэл Сангийн дүрмийг батлав.

1999 оны хоёрдугаар сард үйлдвэрийн захирлаар ерөнхий инженер Б.Галсандорж, Удирдах зөвлөлийн даргаар Х.Наранжаргал томилогджээ. Удирдах зөвлөлийн анхдугаар хурал болов. Чөлөөт Хэвлэл Сан, Монголын хэвлэлийн хүрээлэнд уг байгаа барилгыг нь үнэ төлбөргүй шилжүүлэх Төрийн өмчийн хорооны 1383 тоот тогтоол гарав.

2000-аад он засварлах

“Чөлөөт хэвлэл” төслийг дуусгавар болгох тухай Монгол-Данийн Засгийн газар хоорондын гэрээнд Гэгээрлийн сайд А.Баттөр гарын үсэг зурав. 2000 онд CTF технологийг боловсронгуй болгож, 2001 онд зургаан секц бүхий хэвлэлийн “Solna” машин шинээр суурилуулсан бол 2005 онд CtP технологи нэвтрүүлэн Германы “Krause” фирмийн хавтан боловсруулах машиныг суурилуулжээ. 2006 онд Сангийн 10 жилийн ойг тэмдэглэв. 2007 онд 18 секц бүхий номын цуглуулгын машин суурилуулан, Сангийн 10 жилийн ойд зориулсан “Чөлөөт хэвлэлийн голомт” номыг хэвлэсэн нь шинэ технологийн анхны дээж бүтээгдэхүүн болов. Мөн оны наймдугаар сард сурах бичгийн анхны туршин хэвлэлтээр “Англи хэл VI” номыг 1200 хувь хэвлэжээ. Есдүгээр сард үйлдвэрийн номын шинэ шугамыг албан ёсоор нээв. “Монголд үйлдвэрлэв-2008” үзэсгэлэнгээс “Сонинууд” бүтээл “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарчээ.

2010-аад он засварлах

Сангийн гүйцэтгэх захирлаар Н.Болормаа томилогдов. 2012 онд Япон улсын “Dainnipon Screen” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу PT-R 8600 NS шинэ технологийг хүлээн авч суурилуулав. 2013 оны тавдугаар сард Өмнөд Солонгосын ILJIN PMS компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Японы “Komori” корпорацийн оффсет хэвлэлийн таван өнгийн машиныг хүлээн авч суурилуулан ном сэтгүүлийн шинэ шугам ажилд оруулав. 2014 онд Өмнөд Солонгосын “Myoung Shin Industry”, "Hanil", GMP, БНХАУ-ын “HGPM Hongkong International” компаниудаас нугалаа, огтлоо, наалт, үдээний тоног төхөөрөмж худалдан авч суурилуулсанаар хэвлэлийн дараах үйлчилгээний дамжлагатай болов. Анхны брэнд бүтээгдэхүүн болох Өрхийн орлого зарлага, Бизнесийн орлого зарлагын дэвтрүүд хэвлэгдэв. 2015 онд хавтан боловсруулах дамжлагын өртгийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, “ZacPlus” төхөөрөмжийг худалдан авч үйлдвэрлэлд нэвтрүүлэв. 2016 онд Сан үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан “Чөлөөт хэвлэлийн урсгал” нэртэй, байгууллагын сүлд дуутай боллоо. 20 жилийн ойн ёслолын арга хэмжээнд “Монгол дахь чөлөөт хараат бус хэвлэл” төслийг анх ивээлдээ авсан Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат; төслийн менежер, Данийн Сэтгүүл зүйн сургуулийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Йорген Ринггаард; УИХ-ын гишүүн, Сангийн анхны Захирлуудын зөвлөлийн гишүүн Н.Энхболд; Сангийн анхны ерөнхий инженер, гүйцэтгэх захирал асан Б.Галсандорж нарын хүмүүс хүндэт зочноор уригдан оролцов.[3]

Статус засварлах

Нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага.[4]

“Ашгийн бус байгууллагын статус нь “Чөлөөт хэвлэл” төслийн гол логик, зорилгын бодит үргэлжлэл байсан юм. Энэ нь санхүүгийн болон улс төрийн ашиг сонирхлоос хараат бус байх хамгийн тодорхой, илэрхий шилдэг загвар. Ашгийн бус статустай байхын тулд хэвлэлийн үйлдвэрийг төрийн бус байгууллага гэж бүртгүүлэх хэрэгтэй болсон. Тиймээс хамгийн зохистой хэлбэр буюу хувилбар нь Сан байгуулах явдал гэсэн шийдэлд хүрсэн юм. ТББ-ын тухай Монгол улсын хуулийн дагуу сангууд нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулан, явуулсан үйл ажиллагаанаасаа орлого олохыг зөвшөөрсөн байдаг. Энэ чиглэлээр бид Дани улс болон барууны орнуудад ашигладаг арга замыг дагасан болно”

Йорген Ринггаард. “Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” төслийн менежер, Данийн Сэтгүүл зүйн сургуулийн Гадаад харилцааны хэлтсийн дарга.

Удирдах зөвлөл засварлах

Эрх барих дээд байгууллага нь Сангийн Ажилтнуудын болон Үйлчлүүлэгчдийн чуулганаас сонгогдсон гишүүдийн төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөл юм.[5] Удирдах зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй. Гишүүд нь тус бүр дүрэмд заасан бүрэн эрхийн хугацаагаар ажиллаж, жил бүр сэлгэгдэх зарчмаар ажилладаг. Удирдах зөвлөлийг хоёр чуулганаас тус бүр гурван хүн нэр дэвшүүлэн сонгоно. Уг чуулганууд нь жилд нэг удаа хуралдаж, гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мэргэжлийн үүднээс төлөөлүүлэхээр, Удирдах зөвлөлд гишүүн сонгох, эргүүлэн татах эрх бүхий бүтэц юм. Зөвлөлийн даргыг, зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгоно.

Ажилтнуудын чуулган засварлах

Ажилтнуудын чуулган нь Удирдах зөвлөлийн сонгуулийн өмнөх сарын эхний өдрийн байдлаар Санд ажиллаж буй орон тооны ажилтнуудаас бүрдэнэ. Чуулганаас Удирдах зөвлөлийн долоон гишүүний гурвыг сонгодог. Гишүүдийнх нь 50-иас дээш хувь оролцсон нөхцөлд Ажилтнуудын чуулганыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Ажиллагсад өөрсдийн ашиг сонирхлыг төлөөлөх мэдлэг туршлага бүхий гаднын хүмүүсийг сонгож болдог.

Үйлчлүүлэгчдийн чуулган засварлах

Зургаан сараас доошгүй хугацаанд тогтвортой хамтран ажиллах (үйлчлүүлэх) гэрээтэй этгээд Сангийн Үйлчлүүлэгчдийн чуулганы гишүүнд тооцогдоно. Чуулганаас Удирдах зөвлөлийн долоон гишүүний гурвыг сонгодог. Ингэхдээ хэвлэн нийтлэгчид өөрсдөө бус, харин хэвлэн нийтлэгчдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах тал дээр мэдлэг туршлага бүхий мэргэжлийн хүмүүс, тухайлбал, хуульч, эдийн засагч эсвэл бусад чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг сонгодог байна.

Гишүүд засварлах

Удирдах зөвлөлийн дарга:

  • Х.Наранжаргал. “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн

Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Ё.Өнөрбаяр. Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
  • С.Шаравдорж. МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн сүлжээ МЭРИ төвийн тэргүүн
  • Ш.Алтанхуяг. Менежментийн зөвлөх
  • Д.Одмаа. Монголын маркетингийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  • Б.Галсансүх. Яруу найрагч
  • Ц.Мөнхжин. “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч

Үе үеийн удирдлагууд засварлах

Албан тушаал Нэр Томилогдсон
1. "Чөлөөт хэвлэл" төслийн Байнгын хорооны дарга Н.Энхбаяр. Соёлын сайд 1993.11 сар
2. Сонины хэвлэх үйлдвэрийн анхны захирал Х.Наранжаргал 1995.01-1999.02 сар
3. "Сонины хэвлэх үйлдвэр" сангийн Захирлуудын зөвлөлийн дарга Ч.Лхагважав. Гэгээрлийн сайд 1996.11 сар
4. "Сонины хэвлэх үйлдвэр" сангийн Захирлуудын зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг. Гэгээрлийн сайд 1998.06 сар
5. "Сонины хэвлэх үйлдвэр" сангийн Захирлуудын зөвлөлийн дарга А.Баттөр. Гэгээрлийн сайд 1999.02 сар
6. Сонины хэвлэх үйлдвэрийн захирал Б.Галсандорж 1999.02-2011.06 сар
7. Чөлөөт Хэвлэл Сангийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал. "Глоб Интернэшнл" ТББ 1999.02-2002.06 сар
8. ЧХС-гийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Элбэгсайхан. "Глобус" хууль зүйн товчоо 2002.06-2013.01 сар
9. ЧХС-гийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал. "Глоб Интернэшнл" ТББ 2013.01 сар- өнөөг хүртэл
10. ЧХС-гийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Болормаа 2011.06-2011.10 сар
11. ЧХС-гийн гүйцэтгэх захирал Н.Болормаа 2011.10.01- өнөөг хүртэл

Боловсон хүчин засварлах

Нийт ажилтны тоо 40. Үүнээс захиргаа, маркетинг 4; санхүү, аж ахуй 11; үйлдвэрлэл, инженер техникийн 25 ажилтантай. (2016 оны байдлаар)

Техник, тоног төхөөрөмж засварлах

1996 онд үйлдвэрлэлийн үндсэн техник технологио суурилуулсан. Хөрөнгө оруулалтын бодлогоор тухай бүр өргөтгөл шинэчлэл хийж, хэвлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаагаар дэлхийд тэргүүлэгч Дани, Швед, Герман, Англи, Япон улсуудын дэвшилтэт технологиор үйлдвэрээ бүрэн тоноглосон. 1998 оноос эхлэн хэвлэлтийн өмнөх үйлдвэрлэлийн процесст OPI, CtF, CtP гурван үеийн технологийг Монголд улсад анх удаа шат дараалан нэвтрүүлж, өнгөт сонин үйлдвэрлэх бололцоог бүрдүүлэн сонины үйлдвэрлэл, өнгө салгалтын үйлчилгээний хурд, чанарыг шинэ шатанд гаргажээ.

2001 онд хэвлэлийн зургаан секцтэй “Solna” хэвлэх машин суурилуулан Монголын хэвлэлийн үйлдвэрийн салбарт хамгийн олон өнгөтэй, олон нүүртэй сонин хэвлэх боломжийг бүрдүүлэв. Энэхүү машин нь төрөл бүрийн форматын 50 хүртэлх нэрийн сониныг өдөрт нь багтаан өндөр тоо хэмжээгээр хэвлэн гаргах хүчин чадалтай. 2007 онд 18 секц бүхий номын цуглуулгын "Harris" шугам, гурван тал огтлооны орчин үеийн төхөөрөмж суурилуулсан нь мөн хамгийн олон нүүртэй, хамгийн олон тоотой номыг богино хугацаанд түргэн шуурхай хэвлэж, цуглуулж хавтаслах хүчин чадалтай. 2012 онд хэвлэлтийн өмнөх үйлдвэрлэлийн процесст дараа үеийн технологийг амжилттай нэвтрүүлснээр эх бэлтгэлийн үйл ажиллагааг хялбарчилж, үйлдвэрлэлийн хурд, чанарыг нэмэгдүүлсэн.

2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн хэвлэлтийн өмнөх, хэвлэх, хэвлэсний дараах дамжлага хамарсан хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд Японы “Dainnipon Screen” компанийн PT-R8600 N-S хэвлэлийн хавтан боловсруулах машин, Японы “Komori” корпорацийн “Entrone 529” таван өнгийн хэвлэлийн машин, Германы “Beil” группын PPL-300 маркийн хавтангийн оптик нугалааны төхөөрөмж, Өмнөд Солонгосын GMP компанийн “Protopic Auto 540 Dual Photo” бүрэлтийн машин, Японы “Horizon” компанийн BQ 270 C маркийн наалтын машин болон хэвлэлтийн дараах ажиллагааны бусад технологиудыг суурилуулснаар үйлдвэрлэлийн шинэ шугамын технологийн хүчин чадал бүрдэж, цаасан хэвлэлийн бүхий л нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон. Үйлдвэрт суурилагдсан технологийн хүчин чадал жилд 51,1 сая даралт хуудас.

Хүчин чадал засварлах

Үндэсний хэмжээний сонины нэрийн дүнгээр 60 гаруй, борлуулалтын тоо хэмжээгээр 70 гаруй хувийг үйлдвэрлэн гаргадаг.[6] Үүний дотор өдөр тутмын сонинуудын 50 гаруй хувь, Монгол улсын 21 аймгийн сонин хэвлэлийг үйлдвэрлэдэг. Жилийн дундаж үйлдвэрлэл 21,5 сая даралт, сарын дундаж үйлдвэрлэл 1,8 сая даралт хуудас. 2015 оны сарын дундаж үйлдвэрлэл 1.5 сая. 2015 оны үзүүлэлтээр сард дунджаар 70 нэрийн 247 сониныг А2-4 нүүрт шилжүүлснээр 1,528,402 хувиар, нийт 129 нэрийн 2964 сониныг А2-4 нүүрт шилжүүлснээр 18,340,826 хувиар хэвлэсэн. Жилийн борлуулалтын орлого 2-2,5 тэрбум.

Нөөцийн сан засварлах

Чөлөөт Хэвлэл Сан дүрэмд заасан зорилгынхоо дагуу цэвэр орлогынхоо 20 хувиар Нөөцийн сан байгуулж, Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарыг дэмжихэд зориулж иржээ. Сангийн Удирдах зөвлөл оны эцсийн балансад тусгагдсан цэвэр орлогын дүнгээс хамааран Нөөцийн сангийн нийт хөрөнгийн хэмжээг жилд нэг удаа тогтоон, тухайн жилийн хөрөнгөөс үлдэгдэлтэй байвал дараагийн жилд шилжүүлэн Нөөцийн сангийн тухайн жилийн хөрөнгийг бүрдүүлдэг. Нөөцийн сангийн хөрөнгийг чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг хөхүүлэн дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь дээшлүүлэхэд зориулж, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн өргөдлийг үндэслэн тэдгээр байгууллагуудын боловсруулж ирүүлсэн төслийг шалгаруулах замаар хуваарилдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 100 гаруй байгууллагад 200 шахам сая төгрөгийн хандив олгосон байна. Удирдах зөвлөлийн шийдвэрээр сангийн үйл ажиллагааг 2004 онд тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Нөөцийн сангийн хөрөнгийн үлдэгдэл 2016 оны байдлаар 11.4 сая төгрөг.

“Сайн урамшуулал” хөтөлбөр засварлах

Тогтмол үйлчлүүлэгчиддээ зориулсан “Сайн урамшуулал” хөтөлбөрийг санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэгийн чиглэлээр уламжлал болгон хэрэгжүүлж иржээ.

Санхүүгийн дэмжлэг засварлах

Сан чөлөөт хэвлэлийг дэмжих үндсэн зорилго бүхий төслийн үзэл баримтлалыг эш үндэс болгон, үнэ тарифыг 1996-2011 оны эцэс хүртэл 15 жил тогтвортой мөрдсөн нь үйлчлүүлэгчдэд үнийн түргэн өсөлт бүхий зах зээл дээр ашигтай ажиллах боломж олгон санхүүгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн. 2000 оноос эхлэн байнгын тогтмол үйлчлүүлэгчиддээ зориулсан урамшууллын тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр үнийн хөнгөлөлт урамшуулал болон үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс төлсөн НӨАТ-т нийтдээ 3,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үйлчлүүлэгчдийнхээ санхүү эдийн засгийн ачааллыг 30 хүртэлх хувиар хөнгөрүүлсэн “Үнийн бодлого, хөнгөлөлт урамшууллын систем”-ийг 2013 оны 12 дугаар сарын нэгнээс шинэчлэн мөрдөж, 2015 оны эцэс хүртэл нийт 792 сая төгрөгийн хөнгөлөлт олгосон.

Мэргэжлийн дэмжлэг засварлах

Монголын сэтгүүлчид гадаадын ижил төстэй байгууллагатай ажил мэргэжлийн холбоо тогтоох, хурал зөвлөгөөнд оролцох, туршлага судлах; сэтгүүлчдийг хөхиүлэн урамшуулах; мэргэжлийн ном товхимлуудыг хэвлэх, тараах; мэргэжлийн сургалт явуулах; салбарын судалгааг санхүүжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаанд төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг.

Шагнал засварлах

  • 2008 онд Монгол улсын Үйлдвэр худалдааны яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2008” үндэсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах шалгаруулалтанд “Сонинууд” бүтээлээрээ оролцож, “Хэвлэлийн салбарын шилдэг бүтээгдэхүүн” Гран при шагнал, Засгийн газрын цом, батламж,
  • 2002, 2005 онуудад “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний байгууллага” өргөмжлөл,
  • 2005 онд Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны “Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч байгууллага” өргөмжлөл,
  • 2010 онд Нийгэмд стандарт хэвшүүлэх сангийн “Стандарт-2010” өргөмжлөл,
  • 2011 онд Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Гранд экспо 2012” үндэсний бизнес фестивальд Хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын ТОП-5 хэвлэх үйлдвэрийн нэгээр шалгарчээ.

Сонирхолтой баримтууд засварлах

  • Жанжин Д.Сүхбаатарын гуч охин, одоогийн Монголын иргэний хөдөлгөөний зүтгэлтэн Д.Сүхжаргалмаа 90-ээд онд МОНЦАМЭ агентлагийн ажилтан байхдаа ДАНИДА-гийн төслийг Монголд оруулж ирэх талаар идэвхтэй ажиллаж байжээ.
  • Данийн Засгийн газрын зүгээс Монголд чөлөөт хэвлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлэх талаар яригдаж байх үед Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат уг төслийг ивээлдээ авахаа мэдэгдсэн захидлыг Данийн талд илгээсэн нь төслийг саадгүй хэрэгжүүлэхэд чухал түлхэц болсон гэж үздэг.
  • 1992 оны дөрөвдүгээр сарын 16 буюу Ерөнхийлөгчийн захидал ДАНИДА байгууллагад илгээгдсэн өдөр Монголын сэтгүүлчдийн хоёр байгууллага МСХ, МЧАСЭ хамтран ажиллах, уг төслийг өөрийн оронд өрнөж буй ардчилал шинэчлэлийн үйл явцыг гүнзгийрүүлэх эрх ашигт нийцүүлэн үр ашигтай хэрэгжүүлэхээ илэрхийлэн хамтарсан мэдэгдэл гаргажээ.
  • 1995 онд үйлдвэрийн анхны компьютер, программ хангамж, тавилгыг нийлүүлсэн компани нь одоогийн “MCS Holding” компани юм.
  • Хэвлэх үйлдвэр 1996 онд үйл ажиллагаагаа эхэлсэн эхний зургаан сард сонины газруудад зах зээлийн бодит үнийн 70 хувьтай тэнцэх хөнгөлөлттэй үнээр үйлчилж байв.
  • Данийн парламентын дарга нараас хамгийн өндөр (84) насалсан гэгддэг Эрлинг Ольсен 1997 онд Монголд айлчлахдаа "Чөлөөт Хэвлэл Сан" хэвлэх үйлдвэрт зочилж байв.
  • Монгол хэвлэгчдийн ур чадвар найман жилийн дараагаас өнгөт сонин хэвлэх түвшинд хүрнэ гэсэн дани мэргэжилтнүүдийн дүгнэлтийг Чөлөөт Хэвлэл Сангийн хэвлэгчид хоёр жилийн дараа бодит зүйл болгож, тэдний талархлыг хүлээжээ.
  • Сантай хамтран ажилласан Данийн мэргэжилтнүүдээс, хэвлэх машины засварчин Свен Миккельсэн Монголд хамгийн олон буюу найман удаа ирж ажиллажээ.
  • Чөлөөт Хэвлэл Санд 1996 оноос хойш хэвлэгдсэн бүх сонин хэвлэлийн дээж архивлан хадгалагддаг.

Холбоос засварлах

Эх сурвалж засварлах

  1. http://morningnews.mn/modules.php?name=News&file=print&sid=11013
  2. "Archive copy". Archived from the original on 2014-08-14. Retrieved 2016-08-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Archive copy". Archived from the original on 2017-05-12. Retrieved 2016-08-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Archive copy". Archived from the original on 2016-10-31. Retrieved 2016-08-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Archive copy". Archived from the original on 2016-10-31. Retrieved 2016-08-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. "Archive copy". Archived from the original on 2017-05-12. Retrieved 2016-08-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)