Чүлтэм
Одоогийн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутгийн бөх. 1875 онд төрсөн.
Чүлтэм анх 1903 оны уул тайлгын наадамд ирж барилдаад 8-ийн даваанд Богдын шавь Намхай аваргад буулгуулж үзүүрлэн заан цол хүртжээ. Тэрээр 1904 оны уул тайлгын наадмаас эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн байна. Улмаар 1904 оны их даншигт 8 давж шөвгөрөн арслан цол, 1906 оны их даншигт 11-ийн даваанд Лувсанжамба аваргыг даван түрүүлж даян аварга цол хүртжээ. Түүний бөхийн амжилтыг үнэлж 1907 оны бага даншиг наадамд шөвгөрөхөд нь дархан аварга цол шагнажээ.
Чүлтэм аварга их даншигт 1 удаа, уул тайлгад 1 түрүүлж, 3 үзүүрлэсэн. Нийтдээ Монгол наадамд 2 түрүүлж 3 үзүүрлэсэн байна. Түүний хүү Сугар 1921 оны уул тайлгад шөвгөрч начин цолонд хүрч байжээ.