Цээжидийн Гүрсэд
Цээжид овогт Ганжуурын Гүрсэд (1898-1938) нь Монгол улсын орчин цагийн хуулийн байгууллагуудыг (Цагдан сэргийлэх байгууллага, Монгол улсын шүүх, Монголын залуучуудын холбоо) үүсгэн байгуулалцсанаас гадна Орос болон Хятадтай харилцах дипломат харилцаанд ихээхэн өндөр ач холбогдолтой оролцож ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан юм. Гэвч тэрээр их хэлмэгдүүлэлтээр "Японы тагнуул" гэсэн хилс хэргээр цаазлуулсан юм.
Намтар
засварлахЦ.Гүрсэд нь 1898 онд Төв аймгийн Чандмань /хуучнаар/ сумын нутагт ядуу ард эмэгтэй Цэндийн хүү болон төрөөд Сэцэн хан аймаг, Сан бэйсийн хошууны өртөөчин ард “хар” гэгч Ганжуурт үрчлэгдсэн бөгөөд төрсөн эцгийг нь Цээжид гэдэг байжээ.
Тэрээр 1912 оны 3 дугаар сарын 24-нд нээгдсэн Гадаад хэргийн хамаг хэргийг шийтгэх яамны дэргэдэх Ерөнхий боловсролын сургууль, 1913 оноос Нийслэл Хүрээний Оросын консулын дэргэдэх сургууль өргөжөөд хуучин манж амбаны хоёр давхар хөх тоосгон байшинд байрлах болсон Орос-Монгол орчуулагчийн сургуульд тус тус суралцжээ. Энэ сургууль удалгүй “Жинхэнэ дунд сургууль” болон өргөжиж 60-аад суралцагчтай болж, Монгол, хятад, орос, манж, англи таван хэл үздэг сургууль болжээ.
1913 онд Богд хааны зарлигаар Орос улсын консулын газрын дэмжлэгтэйгээр хэсэг хүүхдийг Орост суралцуулах шийдвэр гаргаж Ц.Дамбадорж, Н.Жадамбаа, Г.Гүрсэд, С.Гиваабалжир, Х.Чойбалсан, түүхч Ч.Бат-Очир, Ө.Сүхбаатар /сүүлд Монголбанкинд ажиллаж байсан/ нарыг явуулжээ. Тэд гимназид суралцаж орос, герман, франц хэл бичигт гэгээрсэн. Энэ нь Монгол улсаас гадаад оронд өөрийн мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн анхны тохиолдол байлаа.
1917 оны зун Гүрсэд болон бусад сурагчид Монголд буцаж ирээд цахилгаан мэдээний курст суралцаад, цахилгаан мэдээчээр ажиллуулсан байна. Г.Гүрсэд ажиллаж байх хугацаадаа тэргүүн зэргийн тогосон отгоор шагнуулж байсан аж.
Богд хаант Монгол улсын Гадаад явдлын яамны бичээч,орос хэлний хэлмэрчийн албанд томилогдсон Ц.Гүрсэд Монгол улсын хууль, шаштир хэвлэхэд онц идэвх, хичээнгүй чармайлт гаргасны төлөө дэд зэрэг хөхиүлэн шагнагдсан.
Тэрбээр олноо Магсар хурц хэмээн алдаршсан, бичгийн түшмэл, Шүүх яамны сайд, нэртэй эрдэмтэн Наваанлувсанцэдэнгийн Магсаржавын охин, Монголын алдарт дуучин Магсар хурцын Дугаржавын дүү Цэсэнжавтай гэрлэж, Лувсанбалдан хэмээх хүү төрүүлж өсгөсөн.
Ардын хувьсгалын дараа
засварлахЦээжид Г.Гүрсэд ардын журамт цэрэгт элсэн, 1921 оны 7 дугаар сард Нийслэл Хүрээний комендат,10-р сард комендат хавсарсан сэргийлэх цэргийн дарга болсноор Нийслэл хүрээний цагдан сэргийлэх хороо,Амгаланбаатар хотын цагдан сэргийлэх хэлтэс гэж байсныг нэгтгэж “Нийслэл хүрээний цагдан сэргийлэх хороо”-г байгуулж, орон тоог нь 134 болгон нэмсэн байна. Мөн цэрэг шиг хуарагнан ажиллаж байсан цагдаа нарыг өөрийн гэр орондоо амьдарч 9-27 лангийн цалин авдаг болгон өөрчилжээ.Үүнээс гадна морьтой, явган цагдаа нарыг ялгах таних тэмдэг,формын хувцастай болгож, тэднийг хэв журам сахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх арга барилд сургах зэрэг бүтэц, зохион байгуулалт, ажлын арга барилд нь шинэчлэлт хийжээ.
8-р сарын 25-ны өдөр өглөөний 9цагт Нийслэл хүрээний 10-р хорооны 238 дугаартай,нөхөр Гүрсэдийн хашаанд урагш харсан нэгэн урт байшинд арван хэдэн хүн хуралдав гэжээ.Энэ хурлаар “Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээн өөрийгөө нэрлэх эвлэлийн тэмдэг сийлүүлэх,гишүүдийн зүүх тэмдгийн маяг зөвшөөрөх,хуралдаж цугларч байх газартай болгох,бийр янтай, цаас зэрэг хэрэглэлээр хангахад 400 янчаанаар туслахыг Ардын намын Төв хороонд гуйхаар хэлэлцэн тогтжээ. Эвлэлийн Ерөнхий Хороогоор уг хэргийг удирдуулахаар шийдэж түүний гишүүдэд нөхөр Чойбалсан, Жадамба, Бат-Очир нарыг сонгож,Эвлэлийн Ерөнхий Хорооны даргад Гүрсэд,нарийн бичгийн даргаар Баваасан нарыг томилсон тогтоолыг Намын Төв Хороонд явуулжээ.
1921 онд Ардын засгийн газраас томилсон Нийслэл Хүрээний комендатын яамны Гүрсэд толгойлсон комисс Шанзавын яамны Нийслэл хүрээний их гяндан, Их шавийн болон Баруун хүрээний хийд, ”Аймгийн суурин жасаануудын гяндан”-гуудыг шалгаж засгийн газар хэлэлцүүлсний үндсэн дээр дээрх харгис гяндангуудыг татан буулгаж,шоронгийн гинжлэх,мөглөнд хийх зэргийн харгис эрүү шүүлтийн аргуудыг устгаж, шоронгийн зарим өрөөнд наян жингийн гинжтэй,мөглөнтэй байсан хүнийг суллаж, гяндан салаа”гэгчийг байгуулж байсан нь ардын засгийн анхны засан сайжруулах байгууллагыг бий болгоход хувь нэмрээ оруулжээ.
1923 оноос Гадаад яамны хэлмэрч, Москва дахь ЭСЯ-нд 1, 2-р нарийн бичгийн дарга, Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа Москва хотод хууль цаазны дээд сургуульд суралцаж төгссөнөөр Монголын анхны мэргэжлийн хуульч болсон байна.
Элчин сайдын алба хашиж байхдаа Зөвлөлтийн эрүүлжүүлэх анхны экспедицийг ирүүлж, Монголын ард түмнийг эрүүлжүүлэх ариун үйлсэд хүчин зүтгэсэн гавьяатны нэг мөн.
1925 оны 8-р сард МАХН-ын ТХ-ны дарга Ц.Гүрсэд тэргүүтэй төлөөлөгчид Гоминданы төлөөлөгчтэй Бээжинд хэлэлцээр хийж Монголын тусгаар тогтнолын асуудал дээр зөвшилцөлд хүрсэн нь эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан чухал алхам болжээ. Доктор Ц.Батбаяр 2015 онд Монгол Оросын архивын баримтад түшиглэн Монгол Хятадын 20-р зууны харилцааны түүхийн нэгэн мартагдсан хуудсыг сэргээн мөнхлөх зорилгоор “Амар сайд, Сэцэн хан нар Хятадад 1925 онд зорчсон нь” номыг хэвлүүлсэн байна.
Монгол улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4-р сарын 16-ний өдрийн 15-р, Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 21-р хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот,71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр гарсан бөгөөд Г.Гүрсэд Засгийн газрын 1926 оны зургаадугаар сарын 18-ны 24-р тогтоолоор Түр зуурын шүүн таслах газрын даргаар томилогджээ[permanent dead link].
1926 оны 7-р сард Ц.Гүрсэдийн даргалсан цаг зуурын шүүх хурлаар Бароны цэргийн дарга Санжаа Галдановын хэргийг таслан шийдвэрлэхдээ анх удаа төлөөлөн заалдагч буюу өмгөөлөгч хэмээх хүнийг шүүх хуралд оролцуулсан баримт байдаг. Энэ хэрэгт хэрэгтэн С.Галданов өөрийн өмгөөлөгчөөр Цогт Бадамжав буюу Бадамцэрэн-Балсановыг томилж өгөхийг хүсч байснаар батлагдаж байна.
Засгийн газрын гишүүдийн 1926 оны 12-р сарын 24-ний 48-р хурлаас Улсын Дээд Шүүхийг байгуулж,1927 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар тогтсон бөгөөд УБХ-ын Тэргүүлэгчдийн 1927оны 1-р сарын 7-ны өдрийн тогтоолоор Улсын дээд шүүх байгуулсныг баталж, анхны даргаар Г.Гүрсэдийг томилжээ.
Ц.Гүрсэд “Монгол ард улсын цааз хууль,шүүх таслах газруудын байдлыг товчилсон дэвтэр” /1927он/ хэмээх тохимлоос гаргасан нь шинэ Монголын хуульзүйн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болсон байна.
Тэрээр 1928 онд Герман Францад байгаа сурагчдын сурлага амьдралыг эргэж үзэх,туслалцаа үзүүлэх зорилгоор Герман явахдаа хэлмэрчээр Бат-Очирыг дагуулан явсан.
Монгол улсын Засгийн газрын 1928 оны 5-р сарын 25-ны өдрийн 15-р тогтоолын 3-р зүйлд “Саяхан Шүүх явдлын яамнаас Улсын дээд шүүх таслах тухай “Олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-ийг 5 бүлэг 28 зүйлтэй төлөвлөн зохиож ирсэн нь зүйтэй гэж байснаас үзвэл өмгөөлөх байгууллагыг байгуулах дүрмийн төслийг санаачлагч нь Шүүх явдлын яамны сайд,Улсын дээд шүүх таслах газрын дарга Ц.Гүрсэд байжээ.
1929 оны 6-р сараас 1930 оны 4-р сар хүртэл БНМАУ-ын ГЯЯ-ны сайдын алба хашиж, Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Нам төрийн өмнө түүний бүтээсэн гавьяат үйлсийг нь үнэлж 1930 онд Аж Үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнаж байв.
1934 онд БНМАУ тунхагласны 10 жилийн ойгоор хэвлэгдсэн цомогт түүх намтрыг нь зурагтай нь хэвлүүлжээ.
Хэлмэгдсэн нь
засварлах1930 онд Гүрсэдийг намын гишүүнээс хөөсөн бөгөөд 1938 оны 3 дугаар сарын 11-нд Үйлдвэрийн яамны бичиг хэргийн эрхлэгч бөгөөд орчуулагчаар ажиллаж байхад нь Доржаев, Цэрэнжав, Хаянхирваа нарын мэдүүлгээр Япон тагнуулын хэрэг нь илэрсэн хэмээн ДЯЯ-ны 195 дугаар ордерын дагуу баривчилжээ. 1938 оны 7-р сарын 29-ний өдөр Улсын Бага Хурлын тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд, мөн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд нарын хамтарсан онц хурлаас томилогдсон онцгой бүрэн эрхт комиссын 29-р хурлын тогтоолоор шүүх цааз бичгийн 43, 44, 45 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг нь хурааж, ялын дээд хэмжээгээр шийтгэжээ
Ц.Гүрсэдийн ах Ганжуурын Гэлэгсэнгэ бол тухайн үеийн МАН-ын дэд дарга, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, штабын даргаар ажиллаж агсан улс төрийн том зүтгэлтэн байсан бөгөөд зүүнтний хэрэгт холбогдон дүүгийн хамт цаазаар авахуулсан.
1969 онд БНМАУ-ын прокурорын эсэргүүцлээр Дээд шүүхийн Бүгд хурлын 1969-10-7-ны 6-р тогтоолоор хилс хэргээр шийтгүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.