Цэдэнжавын Лхамжав
Цэдэнжавын Лхамжав (1940 оны 9 сарын 12-нд төрж, 2019 оны 2 сарын 15-нд нас барсан) нь Монголын тэшүүрчин эмэгтэй. 1964 оны өвлийн олимп, 1959, 1961, 1962, 1963 оны Дэлхийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан тэрээр 1971 онд Спортын гавьяат мастер цол хүртсэн анхны эмэгтэй болжээ. Тэрбээр улсын 9, Монголын бүх ард түмний спартакиадын 4 удаагийн аварга бөгөөд улсын дээд амжилтыг 32 удаа шинэчлэн тогтоосон. Лхамжав тэшүүрээс гадна цана, сагсан бөмбөг, волейбол, гандбол, унадаг дугуй, мотоспорт, хөнгөн атлетик зэрэг 9 төрлийн спортоор хичээллэж, спортын мастер цол хүртэж байв.
Ц.Лхамжав нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул. 1956 оноос Батлан хамгаалах Яамны харьяа Биеийн тамир спортын "Алдар" нийгэмлэгт тамирчин, тамирчин дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч зэрэг ажлыг хийж байгаад 1987 онд гавьяаныхаа амралтад гарчээ.