Цэвэгжавын Пунцагноров

Академич Цэвэгжавын Пунцагноров нь 1924 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар хороонд төржээ. Түүний эцэг Ц. Цэвэгжав нь Монголын дээд мэргэжил эзэмшсэн анхны газар зүйч бөгөөд ардын хувьсгал мандсан цагаас Нийслэл хүрээнд байгуулагдсан анхны дунд сургууль, ГХЯ-ны Орчуулагчийн сургууль, дарга нарын сургууль (хожим нь цэргийн ерөнхий сургууль), оюутны сургууль, 1925 – 1937 онд нам болон улсын төв сургуульд багшилж байв. Эх Б. Карма нь 1920-иод онд цэргийн госпитальд П.Н. Шастин эмчийн дэргэд сувилагч, хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, сургуулийн амбулаторийн сувилагч зэрэг ажил хийж байв.

Ц. Пунцагноров
НҮБ-ын чуулганы үеэр, Нью-Йорк хот

Ц. Пунцагноров нь 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж, улмаар 1932 – 1938 онд Улаанбаатар дахь зөвлөлтийн дунд сургуульд орж суралцсан ч 1938 онд амьдралын эрхээр сургуулиа орхин боловсролоо бие даан үргэлжлүүлжээ. 1939 оны 4 дүгээр сараас 1940 оны 9 сар хүртэл Улсын албан газруудын захиалгыг эрхлэх конторт ажиллаж байгаад 1940 оны 9 сард сайн дураар Шинжлэх ухааны академид шилжин очжээ. Тэнд зөвлөлтийн мэргэжилтэн Э. М. Мурзаевын удирдлагаар газар зүйн кабинетын дагалдан сурагч, улмаар судлагчаар ажиллан Монгол орны өнцөг бүрт хүрч хээрийн шинжилгээний ажил гүйцэтгэж байв.

1942 – 1947 онд ЗХУ-ын нийслэл Москва хотын Ломоносовын нэрэмжит их сургуульд суралцаж онцсайн дүнтэй төгсөөд, тус сургуулийн аспирантурт боловсролоо үргэлжлүүлэн 1951 оны хавар “Монгол орон автономит үед (1911 - 1919)” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалав.

1951-1955 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн кабинетын ахлах ажилтан, эрхлэгч, нийгмийн ухааны секторын эрхлэгч, “Шинжлэх ухаан” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв. Мөн үүний зэрэгцээ 1951-1957 онд Намын дээд сургуулийн түүхийн кафедрын багш, эрхлэгчээр хавсран ажиллажээ.

1956 оноос МАХН-ын Төв хорооны дэргэдэх Түүхийн институтын орлогч захирал, 1960-1962 онд МАХН-ын Төв хорооны соёлын хэлтсийн эрхлэгч, 1962-1963 онд нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллажээ. 1963-1972 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албыг хашиж, энэ хугацаанд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Дээд ба тусгай мэргэжлийн дунд боловсролын хорооны дарга (1963–1968), Соёлын яамны сайд (1971–1972), БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх цөмийн энергийн Комиссын дарга (1963–1971), БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг цол олгох улсын Комиссын дарга (1963– 1971) зэрэг үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байв.

1972–1978 онд БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр, 1978 оноос 1991 онд тэтгэвэрт гартлаа Монголын Эрдэм Дэлгэрүүлэх Нийгэмлэгийн захиргааны даргаар ажиллаж байжээ.

Дээрх хугацаанд МАХН-ын XIV, XV, XVI, XVII их хурлуудаас Төв Хорооны гишүүнээр, мөн Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож байснаас гадна Монголын Парламентын Бүлгэмийн дарга (1963-1969), нам, эвлэл, олон нийтийн бусад сонгуульт ажлыг гүйцэтгэж байв. Үүний дотор Монгол - Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлийн орлогч дарга, Монгол – Энэтхэгийн нийгэмлэгийн даргаар удаа дараа сонгогдож байжээ.

Ц. Пунцагноров нь 1961 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр, 1991 онд жинхэнэ гишүүнээр сонгогджээ. 1948 онд МАХН-ын жинхэнэ гишүүн болсон байна. ШУА-ийн Дорно дахин, олон улс судлалын хүрээлэн, Монголын АНУ судлалын төв зэрэг байгууллагад зөвлөхийн алба хашиж байлаа.

Ц. Пунцагноров нь гадаад оронд түүхийн мэргэжлээр суралцсан Монголын анхны төгсөгчдийн нэг бөгөөд түүхийн салбараас төрөн гарсан анхны эрдэмтэн билээ. Тэрээр эрдэм шинжилгээний хэд хэдэн ном товхимол гаргасны дотроос "Монголын автономит үеийн түүх (1911-1919)" (УБ., 1954 он, 14 х.х.) нэртэй бүтээл нь гол байр суурь эзэлдэг. 1951 онд Москвагийн М. В. Ломоносовын нэрэмжит улсын их сургуульд гаргасан уг бүтээлээр тэр түүхийн ухааны дэд эрдэмтэн горилсон ба уг ажлаа профессор Л. Е. Берлины удирдлага дор хийжээ. Түүнчлэн улс төр, олон улсын байдал, түүх, шинжлэх ухааны асуудлаар туурвисан 150 орчим бүтээл, шүүмж, хурал цуглааны үеэр хэлсэн үг зэрэг нь дотоодын болон ЗХУ, АНУ, Герман болон бусад орнуудын хэвлэлүүдэд нийтлэгдэж байв. Эдгээрээс, 1990 оноос хойш бичсэн “Богд хаант Монгол улс байгуулагдсаны 80 жилийн ойд”, “Богд хаант Монгол улсын гадаад бодлогын тухай”, “О Монголо-Китайских отношениях в первые годы народной революции” (орос хэлээр), “Монгол-Америкийн харилцаа”, “Дилав хутагт: үзэл бодол, үйл амьдрал” зэрэг өгүүллүүд нь олны анхаарлыг татаж нийгэм, улс төр, шинжлэх ухааны ач холбогдол бүхий бүтээлүүд болж чадсан билээ. Эдгээр өгүүллэгүүдийг бичихдээ тэрээр АНУ-д ажиллах хугацаанд хийсэн судалгаа, О. Латтимор, Х. Гомбожав, Онон Өргөнгөө зэрэг нэрт түүхч, гадаадын бусад эрдэмтэн судлаач, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл зэрэг материалуудыг ашигласан байна.

Үүний зэрэгцээ Х. Чойбалсангийн "Илтгэл ба өгүүллүүд" (4 боть), “1921 оны ардын хувьсгалын түүхэнд холбогдох баримт бичгүүд”, С. Идшиноровын “XIX – XX зууны зааг дахь Монголын нийгэм, эдийн засгийн байдлын зарим асуудал”, Ц. Батбаярын “Халх гол. Түүх ба орчин үе” зэрэг 20 гаруй бүтээлийн редактороор ажиллажээ.

Академич Ц. Пунцагноров нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон (2), ардын хувьсгалын ойн болон бусад медалиудаар, мөн ЗХУ, БНСЧУ, Унгар, Болгарын медалиудаар шагнагдаж байжээ.