Цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, шүд, уруулын оролцоотойгоор дуугардаг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Энэ хөгжмийн зэмсэг нь Монголчуудын эртний өвөг Хүннү гүрний үеэс улбаатай бөгөөд Монголчуудын утга соёлын ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг. Одоо Монгол угсаатны дунд зөвхөн Алтайн Урианхай ястны дунд үлдэж хоцорсон билээ. Модыг хоёр талаас нь гуурслан ухаад хооронд нь утсаар ороож гадуур нь хонины улаан хоолой, эсвэл өлөн гэдэс углаж хатааж хийдэг байна. Цуур (цоор)-ын татлага гэж 30 гаруй аялгуу байдаг хэмээн судлаачид тэмдэглэсэн байна. Урианхайчууд цуур хөгжмөө мориныхоо сүүлэнд уяж эвдэрч хугарахаас хамгаалдаг байна.

Цуур хөгжимчин

Цуурын төрөл махир цуур

засварлах

Хүннүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжим мөн л баруун Монголд үлэмж дэлгэрсэн бололтой. Энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байснаа одоо ерийн хөндий модоор хийдэг болсон байна. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр 4-н нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр дуу нь аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмий мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг ажээ. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэхүү шулуун цуур хөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номондоо мэдээлсэн байна.