Энэхүү цогцолбор нь Улаанбаатар хотоос 53 км зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог” хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газарт байрладаг. Монгол орны ихэнх түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудад хүрэхийн тулд замын хүнд нөхцөлд 300-аас дээш км замыг туулж байж хүрдэгтэй харьцуулахад энэ нь маш том давуу тал юм. Цогцолборын нийт талбай нь 212 га бөгөөд цогцолборын төвд морьт хөшөө байрлана. Морьт хөшөө нь суурийн хэсгийн байгууламжийн хамт 48 метр өндөр юм. Суурийн хэсэг нь 10 метр өндөр 30 метрийн диаметртэй дугуй хэлбэртэй, морьт хөшөө нь 38 метр өндөр юм. Хөшөөний суурийн хэсэгт хааны музей, үзвэрийн танхим, ресторан, бар, хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байрлана. Хөшөөний танхимаас морины сүүлэнд байрлуулсан цахилгаан шатаар морины бөгсөн бие хүртэл яваад цааш цээжин дундуур нь явган явж эмээлийн бүүргээр гарч улмаар морины хүзүүн дээгүүр явж толгойных нь орой дээр гаран цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг ажиглаж болно. Морьт хөшөөг тойрон 200 гаруй гэр буудал байрлах бөгөөд орчин үеийн тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Гэр буудлууд нь XIII зууны үеийн Монголын овог аймгуудын хэрэглэж байсан эртний тамганы хэлбэрээр байрласан байна. Шөнийн цагт олон төрлийн гэрлийн тусламжтайгаар тэнгэрт түгэх одод мэт гэрэлтэн харагдах болно. Энэхүү хөшөөт цогцолбор нь дэлхийн хамгийн том морьт хөшөө юм. Энэхүү хөшөөт цогцолбор нь гадаадын төдийгүй дотоодын жуулчдад ч багагүй ач холбогдолтой юм. Учир нь Чингис хааны үр удам болсон монголчууд маань Их хааныхаа дурсгалын хамгийн том цогцолборыг зорин очсоноор түүний гайхамшигт байгууламжийг үзэж сонирхохын сацуу байгалийн сайхан, цэвэр агаарт амрах, хурал зөвлөгөөн, уулзалт семинар, хүлээн авалт хийх боломжтой.

     Бүтээн байгуулалт

Энэ цогцолборын бүтээн байгуулалтын ажлын 50 хувь нь хийгдээд байгаа бөгөөд одоогоор морьт хөшөө бүхий байгууламжийн барилгын ажил бүрэн дуусч, гадаад, дотоодын жуулчдад үйлчилхэд бэлэн болоод байна. 2008 оны эхний хагастаа багтаан хөшөөний байгууламжийг тойрсон гэрүүд баригдаж гадна тохижилтын ажил хийгдэж дуусна. Мөн тус хугацаанд цогцолборыг тойрсон ханан хэрэм баригдаж дуусах юм. Ингэснээр цогцолбор бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой нээгдэнэ.