Цахимаар суралцах өдөр
2011 оноос эхлэн жил бүрийн 02-р сарын сүүлийн пүрэв гарагийг цахимаар суралцах өдөр /Digital Learning Day/ болгон тэмдэглэж ирсэн.
2011 онд технологи ашиглан сургалт явуулах нь ямар ч ашиггүй мэт хүмүүс боддог байв. Тухайн үедээ технологийг сурган хүмүүжүүлэх арга зүйд ашиглан хувь хүн бүрт онилсон арга барил болоод илүү найдвартай хичээл заах арга барил гарч ирнэ гэдэгт хүмүүс төдийлөн найдлага тавьдаггүй байлаа. Бүр багш нар хичээлийн үйл явцыг дижитал болгох нь муу үр дагавартай гэдэгт итгэдэг олонхи ч байж. Одоо ихэнх улсад цахимаар хичээл орох, хоцрогдол арилгах, компьютерийн туслалцаатай хичээллэх нь хэвийн үзэгдэл болсон байна. Тэр үеийнхээ шинэлэг аргаар хичээл зааж ирээдүйн цахим хичээлийн боломжийг харсан багш нар илүү цаг гаргаж судалгаа хийх, хичээлд хэрэг болох программууд татах, тэдгээр программуудаа бүрэн сурахын тулд тусгай хичээлд суух зэрэгт захирал болон дээд албаны хүмүүсээс зөвшөөрөл авах гэж үйлээ үздэг байсныг дэмжих зорилгоор анх Сайн Боловсролын Холбоо /Alliance for Excellent Education (All4Ed)/ анхны цахим сургалтын өдрийг тэмдэглэжээ.
Хамгийн анхны цахим сургалтын өдөр АНУ-ын цэцэрлэгээс ахлах сургууль хүртэлх бүхий л улсын боловсролын байгууллагуудруу чиглэж технологитой хэрхэн харьцах, яаж ашиглах, зөв зохистой хэрэглэх аргуудыг зааж байлаа. Энэхүү төсөлд ихэвчлэн залуу багш нар, захирал болон дүүргийн удирдлагууд оролцон дэмжиж байлаа. Ингэж ажилласнаар технологи нь зүгээр л "төхөөрөмжүүд" гэхээсээ илүүтэйгээр сурагчдад өгөх зааварчилгааг сайжруулах, сурагчийн боломжийг нэмэгдүүлэх, боловсролын тэгш бус байдлыг арилгахад шаардлагатай хэрэгсэл мөнөөсөө мөн хэмээн мэдэгдэх анхны алхамуудын нэг болж чадсан юм. Саяхан л тэмдэглэж эхэлсэн цахим сургалтын өдөр нь #DLDay өнөөдөр сурган хүмүүжүүлэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан өөрсдийн сургууль, хамт олны дунд гарсан шинэлэг санаа, технологитой холбоотой түүх, өөрсдийн туршлагаа хуваалцдаг онлайн баяр болон хөгжив.
Ковид-19 цар тахлаас болж ихэнхи сургуулиуд хөл хорионд орсон өнөөдрийн нөхцөлд энэ баяр нь хэзээ хэзээнээсээ илүү чухал утга учиртай боллоо. Учир нь 2020 онд дэлхийн улс орнуудын ихэнх нь сургуулиудаа хааснаас болж хичээлээ заавал цахим аргаар заах, сурагч нартаа илүү ойлгомжтой мэдээлэл хүргэх тал дээр ажиллах шаардлагатай болсон. Мэдээж энэ нь хүн болгоны хүссэн зүйл биш байсан ч цахим хичээлийн хаана ч, хэзээ ч хамаагүй сурж болдог давуу талуудыг харуулж, хуучинсаг аргаар хичээл ээ орж байсан сургуулиудыг шинэчлэл хийхэд чухал ач холбогдол өгсөн.