Цам
Цам нь шарын шашны багт бүжиг юм.
Цамын үүсэл гарал, домог
засварлахЭнэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл 8-р зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт ихэд дэлгэрчээ.
Цамын холбогдох эх сурвалжууд болон цамыг судалсан эрдэмтдийн зохиол бүтээлд эл багт бүжгийн үүслийн тухайд өгүүлснээс дурдвал:
- Энэтхэгээс Бадма Самбава гэдэг хүний авчирч түгээсэн Буддын пантомим ба эрт цагт Төвдөд байсан бөөгийн ид шидийн бүжиг 2-ын нэгдлээс цам үүссэн.
- Бурханы шашны улааны чиглэлийн алдарт тарничин Ловон Бадамжунайн төвдөд залагдаж, 775 онд Самъяа хийдийн яндар дэвсгэрийг тавихийн үест тэндхийн газрын лус савдаг болон хүн бусын хар хүчний зүгээс элдэв саад тотгор учруулсанд тэдгээрийг номхотгон засах "Жахар" цамын зан үйлийг үйлдсэн нь Төвдөд цам дэлгэрэхийн эхэн үүсэл болсон.
- Монголч эрдэмтэн Н. Шастина өгүүлэлдээ нэгэн сонин домгийг тэмдэглэсэн байдаг. Энэ нь IX зууны үед амьдарч байсан Төвдийн "Ландрам" (841-901) хаан бөөгийн шүтлэгийг дээдлэн бишрэгч байсан ба Төвдөд буддизмыг дэлгэрүүлэхийн эсрэг хүчтэй тэмцэгч байжээ. Түүний хаанчлалын жилүүдэд сүм хийдүүдийг хайр найргүй эвдлэн сүйтгэж, хийдэд шавилан суугч лам нарын шахан хавчих болсон тул хуврагууд хад агуйд даяанчлан суух болж долоон түмэн хуврагаас долоохон үлдсэн гэлцдэг. Ийнхүү тэрээр ард олонд маш их зовлон учруулсанд тэр харгис хааныг Лхалхүмбалдорж хэмээх нэгэн чойжин устгажээ. Үүний тулд тэрээр хар цагаан 2 өнгийн дотор гадартай, уужим өргөн ханцуйтай, гоёмсог дээл хувцас хийж өмсөөд, нум сумаа ханцуйдаа далдалж, цагаан морийг цоохор болгон будаж унаад, хааны ордны зүг явжээ. Ордны гадна очоод элдэв уран хөдөлгөөнийг үзүүлэн цамнан харайж бүжсэнд хаан ихэд сонирхон үзэхээр гарч ирэхэд нь бүжиглэх зуураа нэг ханцуйнаасаа нумаа, нөгөөгөөсөө сумаа аван онилж, хааныг харван хөнөөгөөд цагаан дээлээ эргүүлэн хар болгон өмсөж, усан дундуур давхин гарч, морио цагаан болгон зүсийг нь хувиргаад, мөрдөгчдөөсөө зугтан, уул хаданд оргон зайлж даян хийн суух болсон. Үүнээс хойш шашны дайсныг номхотгон дарах утга бүхий цамын бүжиг тоглогдох болсон гэдэг.
- Монгол цам анх аль хийдэд тоглогдож, улмаар бусад олон хүрээ хийдэд түгэн дэлгэрсэн тухайд судалгаа шинжилгээний зохиол бүтээл ба эх сурвалжуудад дурдсан баримт сэлт ихэнхдээ тохирч байна. Анх 1756 онд шарын шашны хамгийн эртний хийд болох Эрдэнэзууд цам тоглогдсон ба үүний жишээгээр бусад олон сүм хийдүүд цамтай болсон байна. Гэвч үүнийг зөвхөн Төв халхын харъяалал дэхь сүм хийдүүдийн хүрээнд авч үзэх нь зүйтэй санагдана. Учир нь үүнээс бараг хагас зууны өмнө буюу 63 жилийн өмнө 1723 онд Ойрадын зүүнгарын хаант улсад цагаан сарын өмнөхөн цам тоглогдсон тухай баримт байна. Үүнийг Зүүнгарын хаан Цэвээнравдангийн дэргэд 2 жил амьдарсан оросын элч Иван Унковскийн өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Иймээс нийт Монгол туургатны хүрээнд хамгийн анх цам тоглогдсон тухай авч үзвэл 18 зууны эхээр гэж үзэж болно.
Харин шашин номын гол дэг жаягийг тогтоож байсан хамгийн нөлөө бүхий томоохон төв болох Халхын их хүрээнд анх 16-р жарны төмөр хонин жил буюу европын он тооллоор 1811 онд 4-р Жавзандамба хутагтын (1755-1813) үед "Жахар" цамыг тоглуулжээ. Хүрээ цамын баг хувцас, дэгийг 5-р далай ламын зохиосон уг журмаар Төвдийн Дашлхүмбэ хийдээс дэглэсэн гэх бөгөөд харин цамын хамгийн нарийн нандин нууц холбогдол бүхий "Дансранжамцын гарчим" гэдэг номыг гаргаж өгсөнгүй гэсэн яриатай байжээ. Харин тэрхүү нууц номыг тэр үеийн хүрээний 12-р их хамба Жадрын Хайдав хамба гэгч монгол хүн хийснийг Түвдийн мэргэчүүлийн хийсэн тэр номноос хол зөрөөгүй болсон гэдэг домогтой. Жидорын Хамба (Kyee rdor mkhan po), Агваанхайдүв (Ngag dbang mkhas grub,1779-1838)-ын зохиосон Цамын ном бол "Шашны сахиусан далайн бүжиг цамыг тодорхойлогч Тангараг төгөлдөр зүрхэн толь хэмээх оршивой. Худалдааны эд мэт хэн хүнд үзүүлж болохгүй бат битүүмжтэй/Bstan bsrung rgya mtso’i gar ’chams gsal byed dam ldan snying gi me long zhes bya ba bzhugs so// Tsong zong bzhing du su rung la mi ston pa’i bka’ rgya dam po mdzod mdzod// " гэсэн нэртэй. Жидорын Хамба Агваанхайдүв энэ Цамын номоо 1835 онд Их Хүрээнд зохиосон. Уг ном нь зохиогчийн сүнбүмд орж барлагдаагүй, тусдаа Их Хүрээнд барлагдсан 21 хуудастай их ховор ном болно/P.Бямбаа/. Төвдийн мэрэгчүүдийн хийсэн "Дансранжамцын гарчим" гэдэг ном бол тийм ч ховор ном бишээ. Эрдэнэзуугийн цамыг дэглэхэд их хүрээний төвд унзад, аграмба гэлэн Сэнгэравдан "Номыг тэтгэгч нийтийн гайс хийгээд балингийн үүднээс шашны дайсныг гэсгээх цамын гол оршив" хэмээх гарын авлагыг зохиосон гэдэг. Эндээс үзвэл Төвдийн Дашлхүмбэ, Монголын Эрдэнэзуу хийд, Их хүрээний цамын уг гарал нэг боловч цагийн урт хугацааны явцад орон нутгийн ахуй нөхцлөөр баяжигдан, тооны олон цөөн хийгээд тогтоож дэглэсэн ёс горим нь өөр өөр болсон байна.
Цамын олон төрөл
засварлахТөвдөөс Монголд дэлгэрсэн цам нь түгэн дэлгэрч хөгжих явцдаа маш ихээр сонирхогдох болж, Төвдийн цамаас ялгагдах өвөрмөц онцлог шинж чанар, дүр төрхийг олсноор үл барам нутаг нутгийн цамын бүжиг өөр хоорондоо эрс ялгагдах онцлогийг олон хөгжин дэлгэрчээ.Энэ нь газар газрын сүм хийдүүдийн шүтээн сахиус, уул усны лус савдаг өөр өөр байдагтай нэг талаар холбоотой бөгөөд нөгөө талаас нутаг нутгийн ард түмний зан заншлын өвөрмөц онцлогтой уялдан тооны олон цөөн ба гарах дүр дүрслэл, цаг хугацаа, ёс жаяг, дэг хөдөлгөөнийхөө хувьд ялгарах болсон байна. Үүнийг хувьсгалаас өмнө тус оронд 700 гаруй хийдэд 500 гаруй цамын өвөрмөц дэг найруулга байсан гэх мэдээ баримт харуулж байна. Тухайлбал, Жахар цам, Тахилын цам, Майдарын цам, Бухан цам, Хангалын цам, Эрлэг цам, Дарь эхийн цам, Гэсэрийн цам, Мялын цам гэх мэт.
- Жахар цам буюу их цам нь Ямандаг бурхнаас аюулт эрлэгүүдийн балгасыг эвдэж, номхотгосон түүхийг харуулсан ба энд арван хангал, тэдний нөхөд сэлтийн цам гарна. "Жахар" буюу "Жагхар" гэдэг нь "төмөр хот" гэсэн утгыг хадгалах бөгөөд төмөр хот нь газар доорх бирд, шулмасуудын орон болно. Жахар цамын хурах хурал, зан үйл нь маш нарийн дэг жаягтай байх ба Их Хүрээнд нийт 23 гаралт (цам ээлжээр гарч цамнах) байсан гэх бөгөөд тэдний баг өмсгөл, гүйцэтгэх зан үйл, гарах дэс дараа зэргийн тухай Н.Шастина "Религиозная мистерия цам в монастыре Дзун-Хурэ" хэмээх цамын бичигтээ тодорхой тэмдэглэжээ.
- Тахилын цам буюу бага цамд 21 дахь эх гарч цамнах бөгөөд тоо, үргэлжлэх хугацааны хувьд их цамаасаа бага байна. "Тахилын цам" нь өргөлийн цам буюу өршөөл, цагаатгалын цам гэсэн утгатай. Гэвч их бага цамын дэг ёс, цамын бүжиг нь мөн хийд тус бүрд ондоо байсан байна.
- Майдарын цам гэдэг нь (майдар эргэх гэдэг) Майдар хэмээх бурханд зориулагдсан шашин ёслолын үед тоглогдож байсан байна. Майдар нь ирээдүй цагийн бурхан хэмээгдэх тул тийнхүү энэ бурхныг залж хойч ирээдүйгээ даатгах ёслолыг үйлддэг байжээ
- Гэсэрийн цам: Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын хүрээ болон Улиастай хот, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Сан бэйс Сансрайдоржийн хошууны хүрээ хийдэд гарч байсан гэдэг.Чингэхдээ Гэсэрийн дүрийг Улаан сахиустай адилтган үзүүлдэг байв.Монголд дэлгэрсэн Гэсэрийн цам нь эртний Хятадын Гуанди баатрын дүрээр дүрслэгдсэн Хятад шийний дүрслэгдэхүүнээс ихэд өөр, буддын шашны догшин шүтээн, дайчин тэнгэр Жамсрангийн өмсгөлтэй адил хувцас өмсч байв. Энд "Гэсэр" туужаас сэдэвлэсэн үйл явдлыг харуулах ба 32 баатрын нум сум агссан бүжиг байсан гэдэг.
- Мялын цам хэмээх нь эрт цагт хүн амьтанд тус хүргэн, их буян үйлдсэн Мял богд хэмээх хүний амьдралаас сэдэвлэн харуулсан болно.
- Бухан цам Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын хүрээ, Жалханз хутагтын хүрээ зэрэг газар гарч байсан гэх ба Хангайн нурууны салаа салбарт орших сарлаг, хайнаг ихтэй нутгуудаар гарсан үхрийн мялан өвчнийг арилгахын тулд бий болгосон гэдэг.
Ингэж Монгол дэлгэрсэн цамын бүжиг нь Энэтхэг, Төвдөөс үүсэлтэй хэдий ч манай ард түмний өвөрмөц зан заншил, түүх домгийн уламжлалтай сэтгэлгээг илэрхийлэх болсноор "Монгол цам" гэж нэрлэгдэх өвөрмөц онцлогийг олж, манай бүжгийн урлагийн нэгэн төрөл зүйл болон хөгжжээ.
Баг өмсгөл, мутрын тэмдэг
засварлахЦамын үндсэн өмсгөл нь додиг хэмээх цээжний өмсгөл, модиг буюу хормойвч, шүшив хэмээх агуу ханцуйт дээл, матар хоншоорт гутал, баг зэрэг болох бөгөөд эдгээр хувцас нь цөм нийлээд муу аюулыг тонилгох, бурхан шашны дайсныг даран сөнөөхийг билэгдсэн зан үйлийн хувцас болно.Додигонд элгэнд нь алт, мөнгөн толь ба хорол байна.Хормойвчид догшидийн сүрлэг тэргүүн хатган урлаж, бүсэлхийд нь дөлгөөн бурхадын дүрийг урласан байдаг.Дээлийн ханцуй нь үзүүр хэсгээрээ маш өргөн байх ба энэ нь Ландрам хааны домогтой холбоотой байж болох юм. Ханцуйг өнгө алаглуулан хошоолж гоёно. Энгэр хормойг дагуулан хохимой толгойн дүрсээр чимэглэхийн зэрэгцээгээр цагаан ясаар үйлдсэн эрхэн сийлбэртэй рүүжин хэмээх сүлжээ чимгээр битүү чимэглэнэ. Рүүжингийн төгсгөл бүрд жижиг хонх зүүнэ. Жамсрангийн дуулганы ард номын үсэгт олон өнгийн дадар хатгасан байдаг. Гутал нь ногоон өнгийн матар хоншоортой, зузаан цагаан ултай, улаан торгон байна.Эдгээр хувцас өмсгөлийг тансаг үзэсгэлэнт хоргой торго, магнаг хэрэглэн, өнгийг урлаг төгс зохицуулан янз бүрийн зөн билэгдэлтэй хээ угалзнуудыг зүү ороох, задгай утсан хатгамал, зээглэх зэрэг монгол ардын чимэх, чимэглэх урлагийн олон талын мэргэжсэн урчуудын нэгдмэл ажиллагаагаар бүтээж байжээ.
Мутрын тэмдэг
засварлахМутрын тэмдэг нь хувцас өмсгөлийн салшгүй нэгэн хэсэг болохынхоо сацуу догшид, бурхадын гүйцэтгэх зан үйл билэгдлийг тодотгон харуулах бөгөөд маш олон зүйл байна. Үүнд:
- жад, илд, сүх, нум сум, гох, хадамгаа, алх, хадуур, заазуур, дэгээ, хутга, ташуур, зандан шийдэм, сэрээ, гадас, зэрэг дайсан зэтгэрийг тасдагч мэс, очир, чагжа, хорол эрдэнэ, цэцэг, эрих, бива, бадар аяга, хүрд, хонх, дамар, дулдуй, шүхэр (дүг), цалам, жалцан, бойпор, дэвүүр (аяив), судар, титэм, гавал, эрдэнээр дүүрэн таваг, эрдэнийн зүйлээр бөөлжигч хулгана, удвал, бумба зэрэг зүйлүүдийг таван өнгийн хив хадгаар барьж цамнадаг.
Догшид тэргүүтэн хийгээд тэдний нөхөд сэлт нь бурханы номлолд заасны дагуу мутрын тэмдгийг барих бөгөөд мутрын тэмдэг нь дээр өгүүлсэн олон төрөл зүйл байхаас гадна тус бүрдээ билэгдэлт, утга учиртай байна.Жишээ болгон заримыг дурдвал:
- Хонх - Үүсэл хөдлөлийн эх.Энгийн чихний сонсох чадлаас давсны билэгдэл, хоосон чанарын илэрхийлэл
- Сэлэм - Би хэмээн баримтлах сэтгэлийг таслах хүч, шуналыг таслагч гэгээн ухааны билэгдэл
- Гавал - Цусаар дүүрсэн байх ба амьдралын хүч нэмэн олгох, хүчтэнийг сөхрөөн дарахын билэгдэл
- Дамар - Юм 2 талтайг үзүүлэхийг билэгдэл.
Цамын баг
засварлахЦамын баг нь догшид бурхад хийгээд уул усны лус савдаг зэргийн төрх байдлыг дүрслэн харуулах хамгийн гол хэрэгсэл болно.Шашны номлолд 4 үйлс гэж алдаршсан Шижайбандагийнлай гэх буюу амирлуулагч, дэлгэрүүлэгч, эрхэнд оруулагч, хатуу ширүүн гэсэн 4 их үйлсийг бүтээгч бурхад нь тус тусдаа өнгө байдал, үүрэг чиглэл нь өөр, жишээлбэл: өвчин саад зэтгэрийг амирлуулагч бурхад нь цагаан өнгөтэй, нас буян эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэгч бурхад шар өнгөтэй, ертөнцийн эд баялаг, эр эмийг эрхэнд хураан үйлдэгч бурхад нь улаан өнгөтэй, зөөлнөөр эс дийлдэх дайсан, тэрсүүдийг дарагч бурхад нь хар өнгөтэй байна.
Цамын багийг урлахдаа эдгээр өнгийг болон бурхан бүтээх тиг хэмжээ, тогтсон ёс, журмыг баримтлан бүтээж байжээ. Догшидын багийн тэргүүнд баатрын дуулга өмсгөн магнайд нь нар, сар дүрслэн, дуулганы хөвөөгөөр нүүрэн талд таван хохимой толгойн дүрс урладаг. Энэ таван хохимойн дүрс нь цаглашгүй таван муу хор уур хилэн, мунхаг харанхуй, шунал тачаал, омог бардам, атаа жөтөө зэргийг номхотгон дарж ялсны билэгдэл ажээ. Харин дөлгөөн дүрт бурхдын багийн тэргүүнийг дөлгөөн царайтай хийж оройд нь 5 тал норвоор чимэг хийсэн байдаг.Багийн чихэнд голдуу ээмэг зүүдэг ба түүнийг алтлаг шармал өнгөтэй хийнэ.2 чихний араас гоёмсог хатгамалтай бүчин шавдан унжуулдаг.
Цамын багийг тусгай мэргэшсэн урчууд хийх ба энэ нь урт удаан хугацааны бэрх, хүнд хэцүү үйл явц юм.Арга нь эхлээд мод юм уу шавраар баримал барьж түүнээсээ хэв авна.Үүний дараа тэр хэвэн дээрээ даавуу ба нимгэн нойтон цаасыг олон давхарлан нааж шуугаад дараа нь зүлгэж өнгөлөх, будаж бэхжүүлэх, засал гоёл чимэглэлийн нарийн ажиллагааг хийнэ. Эцэст нь бэлэн болсон багийг будаад, алтдан ариутган сүншиглэдэг байна.Төвдөд цамын багийг цаас болон даавуугаар эсвэл зэсээр урлаж байсан бол бурхны шашинтай Балба, Бутан зэрэг газарт модоор урлаж байжээ. Багийн үс ихэвчлэн хар улаан байх ба үсийг сарлагийн савгаар хийнэ. Амьтны дүрст баг бол тэр амьтныхаа төрх тухайлбал, эвэр, ам, хамар зэргийг дуурайсан байх ба уур амьтныхаа өнгөтэй ижил үслэг эдэн өмсгөлтэй байна.
Монголд цамын багийг урлаж байсан тухай ном зохиолд тэмдэглэснээс үзвэл зөвхөн Их хүрээнд гэхэд:
- Баргын аймгийн нэртэй зураач, барималч чамбон Пунцаг-Осор.
- Намдлингийн аймгийн цогчин гэсгүй Ёндон
- Дарь эхийн “Ачит” Самдан зэрэг чамбонгууд ба
- Хүрээний их зураач Зоогой аймгийн Жүгдэр
- Номчийн аймгийн өндөр бурханч, алдарт лавчин Лувсанцэрэн
- Зоогой аймгийн унзад зураач Гэндэндамба
- Мөн аймгийн оёдолчин эхнэр Бадам
- Сүнгийн аймгийн хатгамалч хүүхэн Долгорсүрэн зэрэг олон алдартай урчууд цамын баг өмсгөлийг урлахад оролцож байсан бөгөөд одоогоос 80 гаруй жилийн өмнө чамбон Пунцаг-Осорын удирдлаган дор Хүрээ цам-ын хувцас хэрэглэлийг шинэтгэжээ.Шинэ багууд нь ерөнхийдөө машигар дөрвөлжин хэлбэртэй, тиг харьцааг зөв олсон, сахиус бурхан, хүн амьтдын дүрийг нарийн ялгаж гаргаж чадсан гэж судлаачид үнэлдэг.Ер нь манай урчууд Энэтхэг, Төвдийн цамын баг өмсгөл чимгийг яг хууллбарлалгүй бүтээлчээр хөгжүүлэн монгол хүний төрх байдал, өндөр нам, хөдөлгөөн зэрэгт зохицуулан элдэв хэрэглэгдхүүнээр баяжуулахын хамт ардын гар урлаг, гоёл чимэглэлийн урлагтай хослуулан хөгжүүлж чаджээ. Тухайлбал, цамын багийг зөвхөн лавчин цаасан шуумалаар урлаад зогсоогүй, алт мөнгөний уран дархны оролцоо, эрдэнийн чулуу, шүр, оюу, анар шигтгэсэн хөөмөл, хөөтүүр, цохимол, хазлага, сийлбэр, шармал зэрэг олон талын арга ажиллагааг хослуулан бүтээж байсан байна. Үүний жишээ болгон Жамсрангийн шүрэн багийг нэрлэж болох юм.Энэ багийг чамбон Пунцаг-Осор бүтээсэн бөгөөд цаасан шуумлын гадуур нүүрний мах булчингийн ширхэг дагуу 17000 ширхэг улаан шүр шигтгэн урлажээ.Үүний зэрэгцээ орон нутгийн сүм хийдүүдийн цамын баг нь хэлбэр хэмжээ, гоёл чимэглэл зэргээрээ ялгагдах болж, нутаг нутгийн урчуудын авъяас билэг, ур чадлыг илтгэн харуулж байсан байна.Жишээлбэл зөвхөн хэмжээнийхээ хувьд гэхэд Жанжин Чойрын сүмийн цамын баг нь хүний толгойд тохирсон, тийм ч том биш бөгөөд бүжиглэгч нь эргэн тойрноо нимгэн шилээр хийсэн нүдээр харж байсан бол Их хүрээний цамын баг нь бусдаас эрс ялгагдахаар том хэмжээтэй байжээ.Тэдгээр баг нь хүний толгойн хэмжээнээс даруй 2 дахин том бөгөөд бүжиглэгч нь эргэн тойрноо багны нээлттэй амаар хардаг байсан гэнэ.Харин Манзширийн хийдийн цамын багны ар талыг үргэлж хиймэл үсээр бүрхэн урладаг байжээ.Ийнхүү монгол урчууд уран сайхны хэтрүүлгийг ашиглан баг дүрсийг маш бодитой чадмаг үйлдэж байсан нь цамын бүжигт дүрийг илэрхийлэх нэгэн гол хэрэглэгдхүүн болох цамын багийн хөгжилтөнд оруулсан чухал хувь нэмэр болно.
Эшлэл
засварлах- Цэцэгжаргал.Т, "Монгол цам, дэг урлаг" /магистрын дипломын ажил/,УБ., 1997 он
- Хүрэлбаатар.Л, "Монгол цам" (Олон улсын монголч эрдэмтдийн 6-р их хуралд тавьсан илтгэл), УБ., 1992 он
- Долгорсүрэн. Г, "Монгол ардын бүжиг", УБ., 1962 он
- Дашзэвэг.Ж, "Бүжиг үү, бүжир үү" (Улаанбаатар сонин. ¹169 ), УБ., 1993 он
- Хүрэлбаатар. Л, "Эрдэнэзуугийн монгол цамын нэгэн төвд сурвалж" (Түүх соёлын дурсгалыг хамгаалах олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл ), УБ., 1984 он
- Мандах. Д, "Цам" гар бичмэл, УБ., 1984 он
- Аръяасүрэн.Ч, Нямбуу.Х , "Монгол ёс заншлын их тайлбар толь", УБ., 1992 он
- Нямбуу.Х, "Монгол хувцасны түүх", УБ., 2004 он
- Дагвадорж.Ч, "Монголын шашин суртахууны товч тайлбар толь", УБ., 1995 он