Хөрс сайжруулалтад ашиглах материал
Хөрсний үржилт шимийн үндсэн үзүүлэлт болох ялзмагт бодисын хэмжээ байгаль-газарзүйн нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд ашигт малтмал олборлолтын явцад хучилт хийх үржил шимт хөрсний нөөц хангалтгүй байх нөхцөл зонхилно. Иймээс нөхөн сэргээлтэд ашиглах шимт хөрсний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд малын өтөг бууц, үр тарианы сүрэл, хүлэр зэргийг ашиглах боломжтой. Эдгээр материалын олдоц муутай нөхцөлд тусгайлан ухаж бэлтгэсэн нүхэнд хялбар задарч, биоялзмаг үүсгэх хүнс тэжээлийн хаягдал, модны үртэс зэргийг хольж, агааргүй орчинд дарж, ялзруулах замаар хөрс сайжруулах материалыг гарган авна. Хөрсний үржил шимийг сайжруулахад дараах материалыг өргөн ашигладаг. Үүнд:
Үржил шимтэй хөрс: Манай орны байгалийн бүс бүслүүрээс хамаарч, газар бүрт харилцан адилгүй шимт хөрс бүрэлдэх бөгөөд уул уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломж ялгаатай байдаг. Иймээс эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд ашиглах шимт хөрсний нөөцийн хангамж говь, цөлийн бүсэд маш муу, харин ойт хээрийн бүсэд хангалттай байдаг.
Бууц: Бууц нь хөрсөнд удаан хугацаагаар хадгалагдаж, үржил шимийг нэмэгдүүлдэг бөгөөд манай орны хувьд олдоц харьцангуй сайтай. Малын өтөг бууцыг эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд шууд хэрэглэх нөхцөлд түүнийг сайтар нунтаглан өнгөн хөрстэй хольж, үржил шимт хөрсний нөөцийг нэмэгдүүлж болно. Бууцыг шавранцар хөрстэй, элсэнцэр хөрстэй хольж жил бүр хөрсийг бордвол ялзмагийн баланс алдагдахгүй.
Сүрэл: Үр тарианы сүрэл газар тариалан эрхэлдэг бүс нутагт элбэг олдоцтой тул түүнийг хөрс сайжруулахад өргөн ашигладаг. Сүрлийг сул шороонд тоонолжилсон маягаар шигтгэн суулгаж, хөрс хамгаалах, нөхөн сэргээсэн газрын гадаргад тараан сүрлэн хучлага үүсгэх хэлбэрээр хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд хэрэглэж болно. Сүрэл нь 20-30*C дулаантай, хөрсний чийг шингээлт 60-70% байхад түргэн ялзарч задарна.
Хүлэр: Хүлэр ойт хээрийн бүс, ус чийгтэй газарт түгээмэл тархалттай байдаг бөгөөд органикийн агууламж өндөртэй тул хөрс сайжруулалтад ашиглах боломжтой. Өндрийн бүсэд тархсан хүлэр үржил шимээр төдийлөн их биш байхад нам дор газарт тогтворжсон хүлэр нь органикийн агууламж өндөртэй, зузаавтар үеэс тогтсон байдаг тул ийм хүлрийг эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой. Хүлрээр хучлага хийхэд хөрсний өнгөн үе давхаргад чийг сайн хуримтлагдаж, агаарын дулааны тохиромжтой нөхцөл бүрддэг.
Ногоон бордоо: Ногоон бордоонд царгас, хошоон, хошоонгор, вандуй, гич, сэвэг зарам, рапс, ягаан хүцэнгэ, ган дэгээ зэргийг тариалаад, цэцэглэлтийн өмнө хөрсөнд булснаар хөрсөнд бүрэн задарч, хөрсийг шим тэжээлийн бодисоор баяжуулж өгдөг сайн талтай. Ногоон бордоог дулааны хангамж сайтай, усалгаатай нөхцөлд хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг.