Хөрсний бохирдолд нөлөөлөх нь

Уурхайн үйлдвэрлэлийн болон ахуйн бохир усыг хөрсөнд зайлуулах үед, түүнчлэн хурдас, чулуулгийн овоолго, хаягдлын сангаас гарсан хорт бодис, хүнд металлын тархалт зэрэг нь хөрсний үржил шимийг алдагдуулж, бохирдуулна. Учир нь хөрс бол уулын чулуулагт агуулагдах хорт нэгдэлүүдээс байгаль орчинг хамгаалдаг, зүйрлэж хэлбэл хүний арьс шиг чухал орчин юм.

Хөрс нь чулуун мандал, агаар мандал, усан мандлын хоорондох бодисын солилцооны бүхий л үйл явц дамжин явагддаг өвөрмөц шинж чанартай тул хөрсний бохирдол үүсэх тохиолдолд хөрс нь өөрөө бохирдлын эх үүсвэр болж хувирдаг. Бохирдсон хөрсийг нөхөн сэргээхэд зардал ихээр шаардагддаг учир бохирдлын судалгааг явуулж бохирдлын бодит түвшинг нарийвчлан тогтоосны дараа хоргүйжүүлэх, саармагжүүлах, дарж булах, хуулж зайлуулах гэх мэт нөхөн сэргээх үйл ажиллагааг судалгааны үр дүнд тулгуурлан явуулна.

Хөрсний бохирдлын хэмжээг тодорхойлоход “Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элэментүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” - Монгол улсын стандарттай жишиж дүгнэлт гаргана. Хөрс бохирдуулагч бодисуудын агуулга нь хөрсөнд байж болох хамгийн их хэмжээ буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан тохиолдолд тухайн хөрсийг бохирдсон гэж тооцно.

Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээний зэрэглэл:

Хүлцэх агуулга: Хүлцэх агуулгыг хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр, газар тариалан, бэлчээрийн эдэлбэр газруудад мөрддөг болгоно.

Хортой агуулга: Хортой агуулгыг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд бохирдуулагч бодис, элемэнтийн хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй адил утгаар мөрдлөг болгоно.

Аюултай агуулга: Хөрсөнд агуулагдах хорт бодисуудийн нэгдлүүд нь аюултай агуулгаас давсан тохиолдолд хөрсний бохирдлыг арилгах яаралтай арга хэмжээг авч, бохирдсон хөрсийг саармагжуулах, хоргүйжүүлэх, ухаж зайлуулах, газар ашиглалтын үйл ажиллагааг зогсоох, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зэрэг багтана.