Хөрвүүлэгч (Англи: Translator, Programming language processor) - аливаа програмчлалын хэлээр бичсэн кодыг өөр хэл рүү (ихэвчлэн өөрөөсөө доод түвшний хэл рүү) хөрвүүлэх програм (компайлер, ассемблер, интерпретер гэх мэт).

Хэл болгон өөрийн гэсэн хөрвүүлэгчтэй байна. Олон төрлийн компьютер, тэдгээрт зориулсан олон үйлдлийн систем, платформууд байгаагаас шалтгаалан нэг програмчлалын хэлээр бичигдсэн кодыг хэд хэдэн ялгаатай хөрвүүлэгчийн тусламжтайгаар ажиллуулна.

Компайлер, ассемблер төрлийн хөрвүүлэгчийн хувьд хөрвүүлэгдээгүй байгаа текстийг эх код (source code), түүнийг бүхлээр нь хөрвүүлэхэд үүсэх машины кодыг объект код (object code) гэж нэрлэдэг. Эх код бол нэг платформаас нөгөө рүү хялбар зөөгдөх боломжтой байна. Харин объект кодууд өөр өөр хөрвүүлэгчээр үүсгэгдсэн байдаг учир хялбар зөөгдөх боломжгүй байдаг. Дээд түвшний хэл болгон өөрийн гэсэн зөв бичих дүрэмтэй. Хэрэв хөрвүүлж буй эх кодонд дүрэм зөрчсөн алдаанууд байвал хөрвүүлэгч алдаатай хэсгийн мэдээллийг гаргаж, хөрвүүлэлт тасалдана. Эдгээр алдааг арилгасан тохиолдолд л хөрвүүлэлт амжилттай болдог. Хөрвүүлэлтийн үр дүнд execution file буюу биелэх файл үүснэ. Энэ файл нь программын эцсийн үр дүн бөгөөд 100% машины хэлээр дүрслэгдсэн,процессорын биелүүлэх ёстой заавруудыг агуулсан хэлбэр юм. Биелэх файлыг ачаалласнаар програм ажиллаж (биелэгдэж) эхэлнэ.

Компайлер

Компайлер буюу компилятор нь текстийг бүхлээр нь нэг удаа хөрвүүлэх хэлбэр юм. Бүрэн хөрвүүлэгдсэнийхээ дараа програм биелж эхлэнэ. Интерпретаци бол текстийг бүхлээр нь нэг удаа биш харин мөр мөрөөр хөрвүүлэх хэлбэр юм. Хөрвүүлэгдсэн мөр тэр дороо биелэнэ. Өөрөөр хэлвэл хөрвүүлэлт, биелэлт хоёр зэрэгцэн явагдана. Компиляцийг компилятор (compiler) хэмээх хөрвүүлэгч програмаар гүйцэтгэнэ.

Интерпретер

Python гэх мэт хэлээр бичигдсэн код нь машин хэл рүү хөрвүүлэгдэхгүйгээр интерпретер програмын тусламжтайгаар шууд биелэгдэх боломжтой.