Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар.Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс "Хан" хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ. Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй. Цогцолбрын хамгийн том гол нь Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай. Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ. Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг. Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг. Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.