Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга

Хүмүүжлийн Эерэг Арга гэж юу вэ?

Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүүхдийн эрхийг хүндэтгэсэнээр тэдний эрүүл хөгжлийг нь дэмжих, хүчирхийллээс хамгаалах, аливаад суралцах үйл явцад нь хувь нэмэр оруулах байдлаар хүүхдийг сургах, зан үйлийг нь чиглүүлэх арга юм. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн эрүүл хөгжил, хүмүүжлийн үр дүнтэй аргын талаарх судалгаануудад суурилдаг бөгөөд хүүхдийн эрхийн зарчмуудад үндэслэдэг. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг дур зоргоор нь байлгаж, бүх зүйлийг зөвшөөрнө гэсэн үг биш бөгөөд шийтгэлийн тухай ч бас биш юм. Харин энэ нь хүүхдийн хувийн сахилга бат, тэдний насан туршдаа хэрэглэх ур чадварыг хөгжүүлэх урт хугацааны шийдлүүдийн тухай юм. Хүмүүжлийн эерэг арга нь хүчирхийллийг үл тэвчих, бусдыг өрөвдөн хайрлах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн харьцах, хүний эрхийг дээдлэхийг хүүхдэд зааж сургахыг хэлнэ

Хүмүүжлийн Эерэг Аргыг хэрхэн хэрэглэж хэвших вэ?

Хүмүүжлийн эерэг арга нь дараах дөрвөн үндсэн зарчим дээр тогтоно:

1.Хүүхдээ хүмүүжүүлэх холын зорилгоо тодорхойлох;

2.Элэгсэг дотно сэтгэлээр харилцан, удирдан чиглүүлж аливааг ойлгуулах;

3.Хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох;

4.Асуудлыг шийдвэрлэх

Асуудал шийдвэрлэхийн тулд:

  • Хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийн ойлгох
  • Элэгсэг дотно сэтгэлээр харилцах
  • Удирдан чиглүүлж аливааг ойлгуулах
  • Холын зорилгоо тодорхойлох

Холын зорилго тодорхойлох гэдэг нь:

Эцэг эхчүүд яг одоо хүүхдийнхээ гутлыг өмсүүлчихье, зам дээр тоглох, дүү охиноо зодохыг нь яг одоо болиулья гэх мэтээр ойр зуурын зүйлд түүртсээр өдрийг өнгөрүүлдэг. Эдгээр богино хугацааны нөхцөл байдал нь эргээд бухимдал, стрессийг үүсгэж сэтгэл санааны тогтворгүй байдал болон бачимдах мэдрэмжийг төрүүлснээс эцэг эхчүүд хүүхдээ цохиж, хашгирч загнахад хүргэдэг. Эдгээр богино хугацааны зорилтууд нь хүүхдүүдэд бидний урт хугацааны туршид сургахыг хүсэж буй зүйлийг заадаггүй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ асуудлыг сайн шийддэг, сайн харилцагч байхад сургахыг хүсдэг. Эцэг эх нь хүүхэдтэйгээ мөн сайн харилцаатай байхыг хүсэж, хүүхдээ өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй, хүчирхийлэл үйлддэггүй хүн болгохыг зорьдог. Зодох, хашгирах гэх мэт шийтгэлийг хэрэглэх нь үнэндээ эдгээр зорилгыг хэрэгжүүлэх боломжийг хааж байдаг. Бид хүүхдээ ямар хүн болгохыг хүсэж байгаатайгаа нийцүүлэн тэднийг хүмүүжүүлэх холын зорилгоо тодорхойлж чадна. Үүний дараа стрессээ хэрхэн зохицуулах, бусдад хүндэтгэлтэй хандах, зөрчлийг зодоон цохионгүйгээр шийдвэрлэх, бусдын мэдрэмжийг хүндэтгэх, бусдад бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулахгүйгээр хэрхэн зорьсондоо хүрэх вэ гэдгийг эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургаснаар богино хугацааны зорилтуудыг холын зорилгодоо хүрэх боломж болгон хувиргаж чадах юм.