Архангай аймгийн нутагт орших Хүнүй гол нь Хангайн нурууны салбар уулс Бугатын нурууны урд өврөөс эх авч зүүн хойшоо Их тамир сумын Бугат баг, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг, Хайрхан сумын нутгаар нийт 129 км урсаад Хануй голд цутгадаг. Хойд мөсөн далайн ай савд багтдаг гол юм. Энэ голын савд нуур намаг ихтэй. Томоохон цутгалууд нь Их халзангийн гол, Бага Халзангийн гол, Өлтийн гол, цоргын гол, Уртын гол, Урт шивиртийн гол, Могой, Хоолойн гол зэрэг болно. Голын хөндйид Хунт, Дуут, Гүн нуур зэрэг 10 гаруй нуур бий.

Хүнүй голын сав дагуу үржил шим сайтай нугын бэлчээр, эхэн хэсэгтээ ойт хээрийн бүс зонхилдог бол адаг хэсэг рүүгээ тал хээрийн бүс рүү шилжинэ. Ус нь тунгалаг, намар 11 сард хөлдөж, хавар 4 сард гэсэж урсдаг.

Нэрний хувьд Хүннү гэдэг үгээс гаралтай гэж Б.Ринчен гуай бичсэн байдаг. Хүнүй голын сав нутагаас Хүннү гүрний түүх, дурсгалын зүйлс ихээр олддог бөгөөд Үүнээс дурьдвал Хайрхан суманд орших Хүннүгийн үеийн хамгийн том булш болох Гол модны дурсгал байдаг. Мөн Хүнүй болон Хануйн голын бэлчирийн ойр Илжгин чихт хааны балгас оршдог.

Түүхэн дурсгалт газар

засварлах

Хүнүй голын хөндийд түүхэн дурсгалт олон газар байдаг. Бурхантын амны буган хөшөө Уртын амны буган хөшөө, Гол модны булш зэрэг нийт 50 гаруй цэг бий. Үннэс хамгийн том нь гол модны дурсгалт газар юм.

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалт газар болох “Гол мод 1” нь Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн урагш 35 км-ийн зайд, Хайрхан, Эрдэнэмандал сумын нутагт, Хүнүй голын хөндий залгасан өвс ургамалтай, модорхог 400 га газрыг эзлэн оршино.

Нийт 500 орчим булштай. Анх 1956 онд Монголын археологич Ц.Доржсүрэн илрүүлж, 26 жижиг булшийг малтан шинжилжээ. Монгол-Францын хамтарсан археологийн экспедиц 2000- 2011 онд Гол модонд Хүннүгийн язгууртны булш малтах төсөл хэрэгжүүлж, язгууртны 2 том булш (1, 20-р булш), дундаж хэмжээтэй булш 1 (79-р булш), дагуул болон жижиг 15 булш малтан судалсан нь Хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг тодруулан судлахад чухал хэрэглэгдэхүүн болсон юм.

Хүннүгийн язгууртны булш нь ерөнхий бүтцийн хувьд уруу нь харуулсан пирамид хэлбэртэй. Эртний египетчүүд нас эцэслэсэн хаадын булш болох пирамидыг газрын хөрсөн дээр байгуулдаг байсан бол Талын анхны эзэнт гүрнийг цогцлоогч Хүннү нар газрын хөрсөн доор 20 гаруй метр гүнтэй пирамид мэт хэлбэртэй гүн нүх бүхий бунхант оршуулгыг бүтээдэг байсан билээ. Энэхүү баримт нь Хүннүгийн язгуутны булш нь бүтэц, зохион байгуулалтын хувьд уран барилгын сүрлэг, нарийн бүтэц бүхий дурсгал болохыг харуулж байна.

Эдгээр булшны малтлагаас зэс, төмрийн хайлшаар хийсэн эд өлгийн зүйлс, сүйх тэрэгний эд ангиуд, авсны алтан чимэглэлүүд, торго, эсгий ширдэгний тасархай, ноос, арьс, үслэг эдлэлийн зөөлөн болон эрдэсшсэн үлдэгдлүүд олдсон. Үүний зэрэгцээ усан болор, шилэн сувс, хуван эдлэл зэргийг илрүүлэн олсон нь олон улсын худалдаа солилцоонд хүннүчүүд идэвхтэй оролцож байсныг гэрчилнэ. Мөн хүннүчүүдийн оюуны соёлын гайхамшигт дурсгал болох хөлөгт тоглоом, Хүннүгийн амьтны загварт урлагийн содон дүрслэл болох бэлгэт гөрөөс буюу ганц эвэрт домгийн амьтны дүрст алт шармал мөнгөн хөөмөл хударга, хөмөлдрөгийн чимэглэл зэрэг зүйлс олджээ.