Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биет байдлыг сайжруулах, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисуудыг хүнсний нэмэлт гэдэг.
Хүнсний үйлдвэрлэлд хүчил, бөөгнөрлийг сааруулагч, хөөс намдаагч, үл исэлдүүлэгч, дүүргэгчид, өнгө хадгалагч, цийдмэгжүүлэгч бодисууд, цийдмэгжүүлэгч давсууд, нягтруулагчид, амт, үнэрийг сайжруулагч, хөөсрүүлэгч, цэлцгий үүсгэгч, чийг хадгалагч, нөөшлөгч, хий үүсгэгч, сийрэгжүүлэгч, тогтворжуулагч, өтгөрүүлэгч гэх мэт олон төрлийн хүнсний нэмэлтийг ашигладаг. Хэрэв хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт ашигласан бол шошгонд “Е” тэмдэглэгээ хийж, үйлчлэх нөлөөллийг тэмдэглэх ёстой. Хүнсний нэмэлтүүдийн тун хэмжээг хэтрүүлэх, буруу хадгалах нь хүнс бохирдох, улмаар хүн хордоход хүргэж болно. Хүнсний нэмэлтийг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй андуурч ташаа ойлгох явдал хүн амын дунд түгээмэл байдаг. Хүнсний бүтээгдэхүүний хаяглалтад хэрэглэж байгаа “Е” индекс гэдэг нь хэрэглэгчдэд тухайн хүнсний бүтээгдэхүүний орцод агуулагдаж буй нэмэлт бодисын төрлийг заасан мэдээлэл юм. Үүнд:
Е-100- будагч бодис
Е-200- ердийн нөхцөлд хадгалалтыг уртасгах нөөшлөгч бодисууд
Е-300- исэлдэлтийг удаашруулагч антиоксидантууд
Е-400- зохих бие бүтцийг хадгалах үүрэгтэй тогтворжуулагч бодисууд
Е-500- бүтээгдэхүүний тодорхой бүтэц бүрэлдэхүүнийг бий болгогч эмульгаторууд
Е-600- амт, үнэрийг хүчтэй болгох бодисууд
Е-700- Е-800- нөөц индексүүд
Е-900- хөөсний хэмжээг багасгах үүрэгтэй бодисууд
Е-1000- чихэр, жимсний шүүсний чихэрлэг амтыг хүчтэй болгогч ба өнгөлөгч бодисууд
Хэрэв тэдгээрээс хүний биед сөрөг нөлөө бүхий үйлчлэлтэй нэмэлт бодис агуулсан хүнсний зүйлийг урт хугацаагаар хэрэглэвэл харшил өгөх гэх мэт сөрөг үр дагавар агуулж болохыг “Е” тэмдэглэгээгээр хэрэглэгчдэд мэдээлсэн байдаг. Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр тэмдэглэгдсэн “Е” индексийг ашиглан та өөртөө тохирох, үл тохирох хүнснийг сонгож хэрэглэхийг анхаарах ёстой.
Хүнсний будагч бодисыг үзүүлэх өнгөнөөс нь хамааруулж Е100, E101, E102, E103,..., E-119 хүртэл тоогоор тэмдэглэдэг.