Хүннү-Хань улсын дайн
НТӨ III зууны сүүлчээр Цинь гүрний удирдлаган дор түүхэндээ анх удаа нэгдсэн нь умард зүгийнх нь хөрш нүүдэлчин ард түмнүүдийн хувьд хүнд сорилтыг бий болгожээ. НТӨ 215- 214 онд Цинь улсын жанжин Мэн Тянь их цэргийн хүчээр хүннү нарыг Ордосын зүүн өмнөд хэсэг ба Иньшань уулын өвөр бэлээс шахаж зайлуулсан нь хүннү төдийгүй нийт нүүдэлчдэд хүчээ нэгтгэн нягтрах бодит шаардлагыг бий болгожээ.
НТӨ 209 онд залуу хаан Модун шаньюйн удирдлагаар Хүннү гүрэн байгуулагдаж богино хугацааны дотор нийт нүүдэлчин буюу “морьтон ард түмэн”-ийг нэгэн туурганд багтааж нүүдэлчин үндэстний түүхэнд анхны эзэнт гүрнийг байгуулжээ. Модун ба түүний хөвгүүн Лаошан, ач хөвгүүн Гуньчэнь шаньюйн үед Хүннү гүрэн хүчирхэгжлийнхээ оргилд хүрч талын нүүдэлчид төдийгүй Таримын хотгорын хот улсууд, Сибирь, Манжуурын ойт хээрийн анчид, Ганьсу, Хөхнуурын хагас нүүдэлчид нийт 26 улс үндэстнийг нэгтгэсэн хүчирхэг гүрэн болжээ. Энэ үед өмнөд их хөрш Хань улстай “Энх урагийн гэрээ”-нд үндэслэсэн харьцангуй амгалан тайван харилцааг хөгжүүлж, жил бүр тодорхой хэмжээний алба татвар авдаг байв.
НТӨ II зууны сүүлийн хагасаас I зууны эхний арван таван жилийн хугацаанд нийтдээ 40 илүү жилийн турш Хань улсын дайнч хаан У-дигийн өдөөсөн хүнд бэрх дайны жилүүдийг хүннүчүүд амжилттай даван гарч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж чаджээ. НТӨ I зууны дунд үед дотоод болон гадаад хүчин зүйлс, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Хүннүгийн төрд самуун дэгдэж нэгэн зэрэг 5 шаньюй гарсан байна. Энэ үед Хүннүгийн зарим хэсэг Чжичжи шаньюйн удирдлагаар тусгаар тогтнолоо хамгаалж тэмцсэн бол зарим нь Хуханье шаньюйг дагаж Хань улсад даган орж хараат түшмэг улс болохыг зөвшөөрчээ. НТ 9-25 онд Хань улсын төрийн эрхийг булаасан Ван Маны үед хүннүчүүд дахин тусгаар тогтнолоо сэргээж. НТ I зууны дунд үед Хүннүгийн дотоодод үүссэн самууны улмаас гал голомтоо сахисан Умард ба Хятадад дагаж орсон Өмнөд гэсэн хоёр хэсэг болон бутарсан байна. НТ 93 онд Умард Хүннүгийн шаньюй Хань улс, Өмнөд Хүннү ба Сяньбигийн хамтарсан цэргийн довтолгоонд автаж төр улсаа алджээ.