Хүний наймааны хэргүүд
Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн агентлагийн дарга асан, одоо яамны ТНБдарга Шийлэгдамбын нэр холбогддог. 2003 онд болсон энэ ноцтой үйлдлийг тэрээр гардан хийгээгүй ч түүнийг Аялал жуулчлал хариуцсан агентлагийн дарга байхад түүний орлогч Лхагвасүрэн эхнэр Гэрэлмаа нарын байгуулсан “Сайто” гэх хувийн компани радиогоор зар гарган оюутан охидыг бүртгэж шалгаруулаад Японы Осака хотод аваачиж, садист хүмүүст үйлчилдэг янхны газарт худалдсан байдаг. МАХН-ын төв байранд байрлах энэ компанийн шугамаар явж худалдагдсан 8 охиноос нь тав нь сайн санаат хүмүүсийн тусламжаар хэдэн сарын дараа оргон ирснээс энэ хэрэг мандсан. Гэвч өнөө хүртэл хэнд ч ямар ч арга хэмжээ ноогдуулаагүй төдийгүй Шийлэгдамбыг дэвшүүлэн Зам тээвэр аялал жуулчлалын Яамны дэд сайд болгосон байна. Ноцтой энэ хэрэгт “Түмэн эх” чуулга, Төмөр замын замчин чуулгын удирдлагууд ч хамсаатан болсон баримт бий. Тэд эдгээр охидод чуулгын бүжигчин гэсэн үнэмлэх бичиж олгожээ. Дашрамд дурдахад энэ компанид гадагшаа охидыг гаргах зөвшөөрлийн гэрчилгээ олгож НХХ-ийн сайд Ши.Батбаяр мутраа зурсан байдаг.