Хүнгүй сансрын хөлөг

Баг бүрэлдэхүүнгүй сансрын хөлөг буюу робот сансрын хөлөг гэдэг нь дотроо хүнгүй сансрын хөлгийг хэлнэ. Ийм сансрын хөлөг нь өөр өөр түвшний бие даасан байдал болон хүний ​​оролцоотой байдаг. Жишээ нь, хүн алсаас байнга удирдаж эсвэл алсаас зохистой үед хянаж байх боломжтой. Хөлөг урьдаас програмчлагдсан үйлдлийн жагсаалттайгаар бие даан үйл ажиллагаагаа бүрэн авч явж чадах ба шаардлагатай тохиолдолд шинээр ирсэн зааварчилгааг дагадаг. Шинжлэх ухааны хэмжилт, мэдээлэл цуглуулах зориулалттай робот сансрын хөлгийг ихэвчлэн "сансрын хайгуул хөлөг" эсвэл "сансрын ажиглагч" гэж нэрлэдэг.

Америкийн "Сигнус" (англиар; "Cygnus") ачаа тээвэрлэгч сансрын хөлөг "Олон улсын сансрын станц" руу 4 тонн бүхий шинжлэх ухааны туршилтын хэрэгсэл, багийн гишүүдийн нөөц, станцын сэлбэгүүдийг зөөвөрлөж байгаа нь.
Нөөц ханган нийлүүлэх зориулалтай "Олон улсын сансрын станц"-ын "Progress 38" гэх жолоочгүй хөлөг 2 тонн бүхий хүнс, түлш, хүчил төрөгчийг "Expedition 24"-ын гишүүдэд хүргэхээр зөөвөрлөж байгаа нь.

Сансрын нислэг үйлдэхэд бага зардал болон бага эрсдэлтэй гэх шалтгаанаар багийн бүрэлдэхүүнгүй телероботик (алсын удирдлагат робот) хөлөгийг илүү тохиромжтой гэж үздэг. Мөн одоогийн технологиор Сугар, Бархасбадь гаригийн ойр орчим гэх мэт хэсэгт хүн дөхөх, амьд гарахад хэтэрхий ауюлтай хэвээр байгаа юм. Харин Санчир, Тэнгэрийн ван, Далай ван зэрэг гаригууд руу багийн гишүүдтэй нислэг үйлдэх нь хэтэрхий хол буюу бидний сансрын технологиийн чадамжаас давсан явдал тул судлах цорын ганц арга нь телеробот хайгуул хөлөг ашиглах юм. Мөн телеробот сансрын хөлгийг ариутгах боломжтой тул гадны буюу Дэлхийгээс зөөвөрлөгдөж ирсэн бичил биетийн бохирдолд орж, хохирж магадгүй шинэ, харийн, эмзэг орчинг судлах боломжийг олгодог. Хүний бие аль хэдийнээ маш олон бичил биетийг агуулдаг бөгөөд хөлөгтэй адил бүрэн ариутгагдах боломжгүй билээ. Эдгээр эрсдэлээс үүдэн НАСА зэрэг сансрын агентлагууд "гаригийн хамгаалалтын протокол"-той байдаг. Үүний дагуу Ангараг болон Европа уруу үргэлж бүрэн ариутгагдсан хөлөг хөөрдөг байна.