Хүлэгү

(Хүлэгү хан-с чиглүүлэгдэв)
Энэ өгүүлэл нь Ил Хан улсыг үндэслэн байгуулагчийн тухай өгүүлэл болно. Цагадайн ханлигийн тэргүүний тухайд Хара Хүлэгүг үзнэ үү

Хүлэгү хан буюу Хулагу, Үлэхү, Хүлэг (Цагадай хэл/Перс хэл:ہلاکو - Halaku; Араб хэл:هولاكو; тэрбээр 1217 онд төрж 1265 оны хоёрдугаар сарын 8-нд нас баржээ) Баруун Өмнөд Азийн ихээхэн хэсгийг эзлэн авсан Монголын удирдагч байв. Хүлэгүгийн цэрэг Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж Персийн Ил Хан улсыг байгуулжээ. Хүлэгүгээр удирдуулсан Монголчууд Лалын шашны хоёр том төв, Багдад, Дамаск хотуудыг эзлэн авч, Лалын шашны нөлөөллийг Каир дахь Мамлюкууд руу шилжихэд хүргэжээ.

Хүлэгү
Хан

Хүлэгү хан Докуз хатны хамт (Рашид Ад Дины "Дэлхийн түүх" судар, 14-р зуун)
Төрсөн огноо1217
Өнгөрсөн огноо1265 он, 2 сарын 8
ОршуулсанКабуди арал, Урмиа нуур
УдаахАбаха хан
Их хатанДокуз

Уг гарвал

засварлах

Хүлэгү Тулуй болон Хэрэйдийн Сорхагтани Бэхи хоёрын дундаас гарсан гутгаар хүү, Чингис хааны ач, Аригбөхийн ах, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү юм.

Аян дайн

засварлах

Хүлэгүгийн ах Мөнх 1251 онд Их Хаанаар өргөмжлөгдөв. 1255 онд Мөнх дүү Хүлэгүдаа их цэрэг өгөн баруун өмнөд Азид үлдсэн Лалын шашинт улсуудыг дайлуулахаар мордуулав. Хүлэгү өмнөд Ираны Луруудыг дагаар оруулах; Хашшашин бүлгийг устгах; Багдадад төвлөрсөн Аббасид халифатыг дагаар оруулах буюу сөнөөх; Дамаскад төвлөрсөн Сирийн Айюбид улсыг мөн дагаар оруулах буюу сөнөөх; эцэст нь Египетийн Мамлюкийн султант улс Бахри династийг дагаар оруулах буюу сөнөөх зорилготой аян дайн хийв.[1] Мөнх Хүлэгүд дагаар орсон улсуудтай өршөөнгүй харьцаж, дагаар ороогүй улсуудыг өршөөлгүй устгахыг зарлигдсан. Хүлэгү энэ тушаалын сүүлийн заалтыг ихэд хичээнгүйлэн гүйцэтгэжээ.

Хүлэгү урьд хожид цуглуулаагүй их Монгол цэрэг цуглуулж аян дайнд морджээ. Мөнх хааны зарлигаар нийт эзэнт гүрний арван дайчин бүрийн нэгийг Хүлэгүгийн цэрэгт дайчлан цуглуулсан.[2] Тэрбээр Луруудыг амархан дийлсэн бөгөөд түүний нэр хүндээс аюун сүрдсэн Ассассинууд (мөн Хашшашин гэгддэг) нэвтэршгүй бат бөх цайз болох Аламутаа эсэргүүцэн тулалдахгүй тавьж өгчээ.

Багдадын тулалдаан (1258)

засварлах
 
Хүлэгүгийн цэрэг Багдадыг довтолсон нь, 1258. Наад талд нь хэрэм эвдэх төхөөрөмж байгааг харна уу.


Хүлэгү хан болон түүний шилдэг жанжид болох Хэтбуха, Бухтөмөр, Байжу зэрэг ноёдоор удирдуулсан Монголын их цэрэг 1257 оны арваннэгдүгээр сард Багдадын зүг мордлоо. Хүлэгү хотыг бууж өгөхийг шаардсан боловч халиф бууж өгөхөөс татгалзаж, хэрэв халифыг довтолбол Бурхны хилэн Монголчууд дээр бууна хэмээн анхааруулжээ. Хүлэгүгийн хүч хотыг бүсэлж, улмаар тус хот 1258 оны хоёрдугаар сарын 10-нд бууж өгсний дараа Монголчууд долоо хоног үргэлжилсэн хядлага үйлдсэн нь түүхэн дэх хамгийн их гарз учруулсан үйл явдлын нэг гэж Лалын шашинтнууд бичдэг.

Сирийг дайлсан нь (1260)

засварлах
Мөн үзэх: Монголчууд Палестинийг дайлсан нь

Багдадыг эзлэн авсныхаа дараа 1260 онд Монголын хүч тус бүс нутаг дахь Христ шашинт вассалууд, тухайлбал I Хетумын удирдсан Силисийн Армен болон Антиохын VI Бохемонд нарын хүчтэй нэгджээ. Энэхүү хамтарсан хүч Айюбид династийн захиргаанд байдаг Лалын шашинт Сирийг дайллаа. Тэд хамтдаа Алеппо эзлээд, дараа нь 1260 оны гуравдугаар сарын 1-нд Христ шашинт жанжин Хитбухын удирдлага дор Дамаскыг авав.[3][4][5] Христ шашинтнууд Умайяд мечетэд (урьд нь Баптист Жоны сүм байсан) их баяр ёслол хийж,[6] олон мечетийг доромжилжээ. Түүхийн олон номонд Христ шашинт гурван удирдагчийг (Хетум, Бохемонд, Хитбух) ялан дийлэгчийн хувиар Дамаск хот руу хамтдаа орж ирсэн гэж бичсэн байдаг боловч,[7][5] Дэвид Морган нарын орчин үеийн түүхчид энэ түүхийг зохиомжилсон түүх гэж үздэг.[8]

Энэхүү байлдан дагууллаар тэр үедээ Левант, Египет, Арабын ихээхэн хэсгийг захирсан хүчирхэг улс байсан Айюбид династийг нэгмөсөн дарав. Аюубидийн сүүлийн ван Ан-Насир Юсуфыг Хүлэгү 1260 онд хороолоо.[9] Лалын шашны хүч төвлөрч байсан Багдад, Дамаск эзлэгдсэнээр Каир дахь Египетийн Мамлюкууд Лалын шашинт улсуудын дунд зонхилох боллоо.

Тэр үедээ Хүлэгү өмнө зүг Палестинаар дайран Каир хүртэл давшиж, Мамлюкуудтай тулах зорилготой байлаа. Гэвч 1259 оны сүүлээр Их Хаан Мөнх нас барахад Хүлэгү дараачийн Их Хааныг тодруулах хуралдайд оролцохоор Хархорум руу буцах шаардлагатай боллоо. Хүлэгү Сирид Хитбухын удирдлага дор дөнгөж 10000 орчим цэрэг үлдээгээд ихэнх цэргээ аван буцав.[10] Хитбухын цэрэг өмнө зүгт Египет рүү довтолж, Аскалон, Иерусалем хүрсэн бөгөөд 1000 хүнтэй Монголын гарнизон Газад байрлаж,[11][12][13] өөр нэг гарнизон Наплузад байрлажээ.[14]

Мамлюкууд Хитбухын хүч суларсаныг далимдуулав. Загалмайтнууд Мамлюкуудын эртний дайсан боловч Монголчуудыг илүү их аюул учруулж байна гэж үзжээ. Лалын болон Христ шашинтнууд Монголчуудын эсрэг хүчээ нэгтгэх эсэх талаар маргалдан хэлэлцсэн боловч Загалмайтнууд энэ талаар тохиролцож чадаагүй. Загалмайтнууд үүний оронд төвийг сахихаар шийдэж, Египетийн цэргийг хойд зүгт Загалмайтны нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөн Загалмайтны Акр дахь баазын ойролцоо хангалт авахыг зөвшөөрлөө.[15] Мамлюкууд Галилеед үлдсэн Монгол цэрэгтэй Айн Жалутад тулалдав. Мамлюкууд энэ тулалдаанд ялалт байгуулж, Хитбухыг цаазаар авсан бөгөөд энэ тулалдаан болсон газар нь Монголын байлдан дагууллын хамгийн захын цэг болжээ. Урьд өмнөх ялагдлуудын хувьд Монголчууд тухайн нутаг дэвсгэрийг буцаан авах гэж эргэж ирдэг байлаа. Гэвч тэд Айн Жалут дахь ялагдлынхаа хариуг ерөөсөө авч чадаагүй юм. XIII зууны сүүлийн хагаст Монголчууд Сирийг дахин дайлж байсан боловч хэдхэн сараас илүү хугацаагаар тогтоон барьж чадаагүй юм. Хүлэгүгийн династийн үед Монголын Ил Хаант Улсын хил Тигр мөрнөөр хязгаарлагдсан хэвээр байлаа.

Сүүл үеийн аян дайнууд

засварлах
Мөн үзэх: Бэрх-Хүлэгүгийн дайн

Хүлэгү өөрийн ах Хубилай хааныг Их Хаанаар өргөмжилснийхөө дараа 1262 онд нутагтаа эргэж ирэв. Хүлэгү Айн Жалутын ялагдлынхаа хариуг авахаар их цэргээ цуглуулж, Мамлюкууд руу довтлохоор бэлдэж байсан боловч үүний оронд Бат ханы дүү Бэрхтэй дайтахад хүржээ. Лалын шашинд орсон Бэрх хан Багдадыг эвдэн сүйтгэснийх нь дараа Хүлэгүд заавал шанг нь хүртээнэ гэж андгайлжээ. Бэрх хан амласнаа биелүүлж, Мамлюкуудтай эвсэж Хүлэгүгийн нутаг руу Ногай ханаар удирдуулсан цуврал довтолгоон хийв. Хүлэгү хан 1263 онд Кавказын хойд хэсгийг эзлэн авахыг оролдож байгаад хүнд ялагдал хүлээжээ. Энэ нь Монголчуудын хоорондох анхны ил мөргөлдөөн байсан бөгөөд нэгдсэн эзэнт улсын мөхлийн дохио болсон юм.

Европтой харилцаж байсан нь

засварлах
Мөн үзэх: Франц-Монголын эвсэл

Хүлэгү Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулахыг оролдон Европ руу олон элч илгээж байлаа. 1262 онд тэрбээр гадаадын бүх ван, ханхүү нарт элч илгээхдээ өөрийн түшмэл Рихалдусыг хамт явуулав. Гэвч элчийг Мамлюкуудтай эвсэж, Пап IV Урбантай зөрчилтэй байсан Манфред ван Сицилид саатуулж хөлөг онгоцоор буцаасан ажээ.[16]

1262 оны дөрөвдүгээр сарын 10-нд Хүлэгү Унгар Ионоор дамжуулан Францын ван IX Луйд захиа өгүүлж эвсэл байгуулахыг санал болгожээ.[17] Энэ захиа Парист сууж байсан IX Луйд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь энэ захианы цорын ганц гар бичмэл хувь Австрийн Вена хотод байдаг.[18] Гэхдээ Хүлэгү энэ захиандаа Пап ламын тусын тулд Иерусалемийг авах хүслээ илэрхийлж, Луйгаас Египетийн эсрэг усан флот илгээхийг гуйсан байв:

"Би Монголын их цэргийг удирдан, Сарасины итгэл даахгүй улсыг сөнөөн дарах гэж байгаа тул тэнгис далайн нөгөө эргийг захирагч та манай хоёр улсын нийтийн дайсан эдгээр урван тэрслэгчдэд зугтах боломж өгөлгүй далай тэнгисийг сайтар харж байгтун."

Хүлэгүгээс Ариун Луйд илгээсэн захиа.[19]

Хүлэгү болон түүнийг залгамжлагчид ийнхүү өчнөөн олон удаа оролдсон боловч Европтой эвсэл байгуулж чадаагүй ажээ. Гэхдээ XIII зуунд Өрнөдөд Монголын юм моодонд орж байжээ. Тэр үед Италид төрсөн олон хүүхэд Монгол удирдагчид, түүний дотор Хүлэгүгийн нэрээр нэрлэгдэж байв. Тухайлбал: Кан Гранде ("Их Хаан"), Алаоне (Хүлэгү), Аргоне (Аргун), Кассано (Газан) гэсэн нэрс бүртгэгджээ.[20]

Пологийнхон

засварлах
 
Николь ба Маффео нар Бухарт гурван жил саатсан юм. Хүлэгүгийн элч (баруун) тэднийг дорно зүгт Их Хаанд (Хубилай хаан) бараалхахыг урьсан ажээ.

Николь ба Маффео Поло нар Хүлэгүгийн нутаг дэвсгэр рүү аялж, өнөөгийн Узбекистан дахь Бухар хотод саатаж, 1261-1264 онд гурван жилийн турш тэндээ амьдарч, худалдаа наймаа хийжээ. Дараа нь Николь ба Маффео нар Хүлэгүгийн Их Хаан ахдаа (Хубилай хаанд) илгээсэн элчийг даган явсан. 1266 онд Пологийнхон Монголын нийслэл Ханбалик (өнөөгийн Хятадын Бээжин хот) дахь Их Хааны өргөөнд хүрэлцэн иржээ. 1291 онд Хубилай хаан Хүлэгүгийн ач Аргун ханд 17 настай гүнж Хөхөчинг дагалдуулан илгээх хүртэл тэд тэндээ олон жил суусан.

Нас барсан нь

засварлах

Хүлэгү хан 1265 онд нас барсан бөгөөд түүнийг Урмиа нуурын голд байх Кабуди аралд оршуулсан. Түүний оршуулга нь хүнээр тахил өргөсөн Ил Ханы цорын ганц оршуулах ёслол болсон.[21] Түүнийг хүү Абаха нь залгамжилсан. Зарим сурвалжид Бэрх түүнийг хорлож алсан гэж тэмдэглэсэн байдаг.

  1. Amitai-Preiss, Reuven. The Mamluk-Ilkhanid War
  2. Saunders 1971
  3. "Saudi Aramco World "The Battle of Ain Jalut"". Эх хувилбараас архивласан: 2012-02-12. Татаж авсан: 2008-06-09.
  4. Grousset, p.581
  5. 5.0 5.1 "Гуравдугаар сарын 1-нд Хитбух Монгол цэргийг толгойлон Дамаскад орж ирлээ. Түүний хамт Арменийн ван болон Антиохын хунтайж нар хамт орж ирэв. Халифатын эртний нийслэлийн иргэд 600 жилд анх удаа Христ шашинт ноёд гудамжаар нь ялан дийлэгчийн хувиар давхин өнгөрөхийг харсан юм", Runciman, p.307
  6. Jean Richard, p.423
  7. Grousset, p.588
  8. David Morgan, The Mongols (2nd ed.); Peter Jackson, Mongols and the West
  9. Atlas des Croisades, p.108
  10. Runciman, p.310
  11. Jean Richard, p.428
  12. Amin Maalouf, p.264
  13. Tyerman, p.806
  14. Amin Maalouf, p.262
  15. Morgan, p. 137
  16. Jackson, p.173
  17. Jackson, p.178
  18. Jackson, p.166
  19. Letter from Hulagu to Saint Louis, quoted in Les Croisades, Thierry Delcourt, p.151
  20. Peter Jackson, The Mongols and the West, p.315
  21. Morgan, p. 139

Лавлах бичиг

засварлах
  • Boyle, J.A., (Editor). The Cambridge History of Iran: Volume 5, The Saljuq and Mongol Periods . Cambridge University Press; Reissue edition (January 1, 1968). ISBN 0-521-06936-X. Perhaps the best overview of the history of the il-khanate. Covers politics, economics, religion, culture and the arts and sciences. Also has a section on the Isma'ilis, Hulagu's nemesis.
  • Encyclopedia Iranica has scholar-reviewed articles on a wide range of Persian subjects, including Hulagu.
  • Morgan, David. The Mongols. Blackwell Publishers; Reprint edition, April 1990. ISBN 0-631-17563-6. Best for an overview of the wider context of medieval Mongol history and culture.
  • Atwood, Christopher P. (2004). The Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. Facts on File, Inc. ISBN 0-8160-4671-9.

Цахим холбоос

засварлах
Өмнөх
байхгүй
Ил Хан
1256-1265
Дараах
Абаха