Хүйсийн найман нуур
Хүйсийн Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших ба Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг.
Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд д.т.д 2400 метрт оршдог. Тус газрын ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг.
Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн хүн ам сийрэг суурьшсан газар юм. Ширээт, Мухар, Халиут, Бугат,Хаяа, Шанаа Дөрөө ,Хүйс хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар доор усны судлаар холбогдсон байдаг.
Нуурууд хоорондоо 500 метрээс 3.5 км хүртэл зайтай байдаг. Найман нуурын нэг болох шанаа нуур нь гантай жил ширгэж хуртай жил нийлж байдаг .Найман нуурын зарим нуурууд нь бүр мөсөн ширгэж алга болсон гэдэг мэдээллүүд бүгд ташаа мэдээлэл.Найман нуур бүгд байгаа .
Хүйсийн Найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн шинэс мод, хушин ойтой. Хойд талаараа галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг ба Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо, нэртэй сөнөсөн галт уулс бий. Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлбэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм.
Хүйсийн найман нуур нь уулын тагын бүслүүрийн хөрстэй ойн бүтцийн, хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг, Ойн 85 хувийг Сибирийн шинэс мод хушин ой эзэлж 1 хувийг улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг.Эрс ховордсон эмийн ургамал ургадаг.
Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг. 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгджээ.