Хэлэлцүүлэг:Монгол Улсын Гадаад хэргийн сайд нар

МИЖИДДОРЖИЙН ХАНДДОРЖ /1871-1915/ Богд хаант Монгол Улсын улс төрийн нэрт зүтгэлтэн. Монголын ард түмний үндэсний тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөний удирдагчдын нэг. 1892 онд өвөг эцгийн чин ван хэргэмийг залгамжилж засаг ноён болсон. 1900–аад оноос Манж гүрэн Монголд “шинэ засгийн бодлого” гэгчийг явуулж эхлэсэн цагаас түүнийг жигшин эсэргүүцэж, эх орhzныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр зориг шулуудсан хүн байв. 1911 оны зун олон аймаг хошуунаас бат оршил өргөх нэрийдлээр Халхын дөрвөн аймгийн ноёд, хутугт, хувилгаад Их хүрээнд хүрэлцэн ирж Манжийн шинэ засгийн бодлогыг хэрхэн үзэх асуудлыг нууцаар хэлэлцжээ. Энэ амин чухаг хэргийг Түшээт хан аймгийн жанжин хан уулын чуулганы чин ван Ханддорж зохион байгуулан удирджээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хаант Оросоос тусламж эгээрэх төлөөлөгч илгээхээр болж Ханддорж, да лам Цэрэнчимэд, Хайсан нарыг томилжээ. Ийнхүү Ханддорж төлөөлөгчдийг тэргүүлэн 1911 оны 8 дугаар сард Петербург хотноо хүрэлцэн очиж Оросын засгийн газартай хэлэлцээ хийжээ. Богд хаан Монгол Улсыг байгуулсны дараа Гадаад Яамны тэргүүн сайдаар /1911-1915/ тохоогдон ажилласан бөгөөд 1912 оны Монгол-Оросын хэлэлцээнд оролцсон юм. Монголын тулгар төр байгуулах хэрэгт Ханддоржийн онц хүчин зүтгэснийг үнэлж Богд хаан бээр түүнд үе улиран Эрдэнэ дайчин цол шагнаж байжээ.


БАЛИНГИЙН ЦЭРЭНДОРЖ /1868-1928/ Монголын төрийн нэрт зүтгэлтэн, авъяаслаг дипломатч. "Хичээнгүй сайд" гэж олноо алдаршсан. Их шавийн Хэрлэн Барсдай отгийн /Одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын/ харъяат. Богд хаант Монгол Улсын Гадаад Яамны дэс түшмэл /1911/, дэд сайд /1913-1915/, тэргүүн сайд /1915-1919/. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа Гадаад Яамны эрхэлсэн түшмэл, 1923-1928 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, Ерөнхий сайдын албыг тус тус хашсан. Зөвлөлт Орос Улстай найрамдлын хэлэлцээ хийх Монголын Ардын Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцож хоёр улсын хооронд 1921 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зуралцжээ. МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч, БНМАУ-ын Бага Хурлын гишүүн /1924-1928/ байжээ. Ардын засгийн үед “Тогосын хоёр нүдэт отог”, Судар бичгийн хүрээлэнгийн тусгай шагнал, Монгол Улсын бичгийн гавъяаны тэргүүн зэргийн одонг анх хүртжээ. Б.Цэрэндорж нягт нямбай бичгийн хүн байсан бөгөөд «Хүйтэн уулын бичиг»-ийг хэдэн нөхдийн хамт хятад хэлнээс орчуулалцсан байна. Б.Цэрэндоржийн мэндэлсний 130 жилийн ойгоор 1999 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт дурсгалын хөшөөг нь босгожээ.


ДОГСОМЫН БОДОО /1885-1922/ 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отог, одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. Үндэсний ардчилсан хувьсгалын өмнө Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч, эх зохиох түшмэл, Оросын консулын дэргэдэх орчуулагчийн сургуульд монгол хэл бичгийн багшаар ажиллаж байсан. Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг”-ийн Нийслэл хүрээн дэх төлөөлөгч, “Шинэ толь” ”Нийслэл Хүрээний сонин бичиг”-ийн сурвалжлагч, редактороор ажиллаж, ”Болд илд, Бо гэдэг” нэрээр шүүмжлэлт өгүүлэл бичиж байсан дэвшилт сэхээтний нэг. Д.Бодоо Нийслэл Хүрээнд үүссэн хувьсгалт нууц хоёр бүлгийн нэг Консулын дэнжийн бүлгийг үндэслэн байгуулсан юм. Зөвлөлт Орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор ЗОУ-д явсан долоон хувьсгалчдын нэг. 1921 оны 3 дугаар сараас Гадаад Яамны тэргүүн сайд, 4 дүгээр сараас Засгийн газрын Ерөнхий сайд, 1921 оны 9 дүгээр сараас С.Данзаны хамт ЗОУ-д Найрамдлын Гэрээ байгуулах төлөөлөгчөөр ажилласан. 1922 оны 1 дүгээр сард “эх орноосоо урвасан” гэгч хэрэгт баривчлагдан хилсээр цаазлагджээ. Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 236 тоот тогтоолоор Д.Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.


АНАНДЫН /АГДАНБУУ/ АМАР /1886-1941/ 1886 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт хохь тайж Анандын хүү болон төрж, багадаа харъяат хошууны сургуульд орж монгол, манж, түвд хэл сурчээ. 1923-1924 онд Гадаад яаманд эрхэлсэн түшмэл, сайд, 1927-1930 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын жинхэнэ, орлогч сайд, 1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргын алба хашиж байх үедээ “Монголын товч түүх” хэмээх боть зохиолыг туурвижээ. 1932-1936 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайдаар ажиллаж байсан. Ардын төрийн удирдах албан тушаалд үр бүтээлтэй ажилласан учир А.Амарыг 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор “Байлдааны гавьяаны одон”- гоор шагнасан байна. А.Амарыг улс төрийн хилс хэрэгт баривчлан 1941 оны 7 дугаар сарын 10-нд Москвад хилсээр цаазалсан бөгөөд 1962 оны 1 дүгээр сард цагаатгасан байна. “А.Амар нь төрийг удирдах албан тушаалд олон жил зүтгэсэн даруу, төлөв бусадтай боловсон ялдам харилцдаг, нямбай, асуудлыг нарийн үндсээр нь судалж шийддэг, эх зохиохдоо гарамгай, гадаад улстай харилцах чухал албанд голдуу А.Амарыг томилдог байлаа” гэж тухайн үед үнэлэгддэг байсан байна.


САНЖИЙН ГИВААБАЛЖИР /1891-1938/ 1891 онд Сайн ноён хан аймгийн Пүрэв гүний хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Багадаа монгол бичгийг гэрээр заалган суралцаж бичиг үсэг, манж хэлэнд сайн гэгдэж нутаг хошуундаа нэрд гарсан байжээ. С.Гиваабалжир 1911 оноос Наран хутагтын шавь, Пүрэв гүний хошууны тамгын газарт бичээч хийж байгаад 1921 оноос Хүрээ марал уулын хошууны туслагч, захирагч, түшмэл, Улиастайд суух Баруун таван аймгийн шашны төлөөлөгч, Засгийн газрын төлөөний түшмэл, Цэцэрлэг Мандал уулын аймгийн ерөнхий даргаар ажиллаж байжээ. 1924-1925 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Гадаад явдлын яамны сайдын албыг хашиж байсан. 1938 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн шийтгэдсэн. Гэвч С.Гиваабалжирт холбогдуулсан хэрэг огт үндэсгүй байсан тул 1992 онд цагаатгаж, иргэний нэр төрийг нь сэргээсэн байна.


ВААНЧИГИЙН ДОРЛИГЖАВ /1893-1937/ 1893 онд Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын нутаг Хангал голд төрсөн. Ардын засгийн жилүүдэд Хошуу тамга эрхэлсэн түшмэл, Улсын Бага Хурлын гишүүн, 1925-1929 онд Гадаад яамны сайд, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, зохиолын эрхлэгч, аймгийн шүүхийн дарга, аймаг хотын намын хорооны дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байжээ. 1928 онд Коментерний Их хуралд оролцож байсан. 1937 онд В.Дорлигжавыг дайчлан баривчилж дээд хэмжээгээр шийтгэжээ. В.Дорлигжавын хэргийг хянан үзээд хувьсгалын эсэргүү хэргийн холбогдолгүй учир цагаатгажээ.

ГАНЖУУРЫН /ЦЭЭЖИД/ ГҮРСЭД /1898-1938/ Гүрсэд 1898 онд Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоогийн Төв аймгийн Цогт-Өндөр суманд өртөөчин ард, хар хэмээгч Ганжуурт үрчлэгджээ. Г.Гүрсэд 1912 оноос Богд Хаант Монгол Улсын Гадаад Хэргийг Бүгд эрхлэн шийтгэх яаманд хэлмэрч, бичээчээр ажиллаж байжээ. А.Амарын хамт Хаант Оросын хөрөнгөтөн хэсэг хүмүүсийг Хүдэр харуулаар хөөн гаргах ажилд сайн оролцсон хэмээн дэд зэрэг жинс шагнуулж байжээ Г.Гүрсэд 1921 оны•ндэсний ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд оролцож байсан. 1923 оноос ГЯЯ-ны Өрнөд хэлтсийн эрхлэгч, 1924-1926 онд Москва дахь ЭСЯ-нд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, түр хамаарагчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа Москва хотноо хуулийн сургуулийг төгсчээ. 1929-1930 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд, Улсын Бага хурлын гишүүний албыг хашиж байсан. Г.Гүрсэдийг 1938 онд хувьсгалын эсэргүү хилс хэрэгт хэлмэгдүүлжээ. 1963 онд түүний нэр төрийг сэргээн цагаатгасан байна.


ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН /1895-1952/ Төрийн зүтгэлтэн, маршал Х.Чойбалсан Цэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн. 1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан консулын дэнжийн хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн байсан. 1920 онд Зөвлөлт Орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулах, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлөө тэмцэж явсан анхны долоон хүний нэг юм. 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжины алба хашиж байжээ. 1928-1930 онд ГЯЯ-ны сайд,1931-1935 онд Мал тариалангийн Яамны сайд, 1935 оноос Ардын СнЗ-ийн орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Цэргийн явдлын яамны сайд, 1939-1952 онд ГЯЯ-ны сайдаар ажиллаж байсан. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсч байгуулагдсан товч түүх” номын зохиогчдын нэг. Х.Чойбалсан гэргий Гүндэгмаа, хүү Нэргүй, охин Сувдаа нарын хамт амьдарч байсан. Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн юм. Тэрээр өвчний улмаас 1952 онд ЗХУ-ын Москва хотод нас баржээ.


ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН /1895-1937/ Сайн ноён хан аймгийн үйзэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 15 наснаасаа өртөөний улаа нэхэж, мал маллаж байжээ. 1922 онд байгуулагдсан МХЗЭ-ийн анхдугаар хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. 1924 онд болсон Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож БНМАУ-ын Бага Хурлын даргаар томилогдон ажиллаж байсан. 1928-1932 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ардын СнЗ-ийн Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ. 1932 онд “Цусан гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор” шагнагдсан байна. МАХН-ын Төв Хорооны өмнөөс Коминтернд хэд хэдэн удаа, ЗХУ-д засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлж дөрвөн удаа 1926, 1929, 1934, 1936 онд айлчилжээ. П.Гэндэн гэргий Д.Донжид, охин Г.Цэрэндулам нарын хамт амьдарч байсан. П.Гэндэн БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулагдсан 20 шахам гэрээ хэлэлцээр, 1934 оны аман хэлэлцээр, 1936 онд байгуулагдсан “Харилцан туслах протокол гэрээ”-нд гарын үсэг зуржээ. МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаад улс төрийн хилс хэргээр баривчлагдан 1937 онд Москвад хүргэгдэн цаазлуулж нас баржээ. П.Гэндэнгийн нэр төрийг 1962 онд сэргээн цагаатгасан байна.


НАМТАЙШИРИЙН ЛХАМСҮРЭН /1917-1990/ Намтайширийн Лхамсүрэн 1917 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Галттай хэмээх газарт төрсөн. Эрхүү хотын Хөдөө аж ахуйн институтийг үр тариалангийн агрономичийн мэргэжлээр, Москва хотод Нийгмийн шинжлэх ухааны Академийг олон улсын харилцааны мэргэжлээр тус тус дүүргэсэн бөгөөд хөдөө аж ахуйн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Н.Лхамсүрэн 1946-1951 онд ГЯЯ-ны орлогч сайд, 1951-1954 онд ГЯЯ-ны сайд, Сайд нарын Зөвлөлийн, Ерөнхий сайдын орлогчийн албыг тус тус хашсан бөгөөд 1961 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Төрөөс түүний гавъяа зүтгэлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хоёр удаа, “Сүхбаатарын одон” болон ойн медалиудаар шагнажээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой.


БАЯРЫН ЖАРГАЛСАЙХАН /1915-2006/ Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуур хэмээх газарт 1915 онд төржээ. Улаанбаатарт Намын төв сургуульд 1930-1933, Москва хотноо Дорно дахины институтэд 1937-1940 онд тус тус суралцаж дүүргэн улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. Б.Жаргалсайхан 1941 оноос Москва дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Засгийн газрын протоколын эрхлэгч, ГЯЯ-ны Протоколын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1950-1953 онд БНХАУ-д элчин сайд, 1953-1955 онд ГЯЯ-ны сайдын албыг хашжээ. Улмаар МАХН-ын Төв Хороонд Гадаад харилцааны хэлтсийн дарга, 1961-1969 онд НҮБ-ын дэргэд БНМАУ-ын Байнгын төлөөлөгч, БНСЧСУ, Египетэд элчин сайд, 1969-1973 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1973-1976 онд Алжирт элчин сайд, 1976-1980 онд ГЯЯ-нд зөвлөх, 1980-1985 онд БНЭУ-д элчин сайдаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Б.Жаргалсайханы гавъяа зүтгэлийг төр засгаас үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор тус бүр хоёр удаа, “Сүхбаатарын одон”, тэмдэглэлт ойн бусад медалиар тус тус шагнажээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой. Б.Жаргалсайхан энэ хугацаанд “Ойрхи дорнодын асуудал”, “Африкийн тэмдэглэл”, “Ганга мөрөн”, “Нэгэн зүйл бодол”, “Олон жилийн хууч”, “Алаг жарны тодрол”, 2004 онд “Хувь тавилангийн эрхшээл” ном туурвиж хэвлүүлсэн байна.


ДАШИЙН АДИЛБИШ /1917-1993/ 1917 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутагт төрсөн. Москвад Дорно дахиныг судлах дээд сургуулийг 1939-1942 онд улс төрийн ажилтны мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Дашийн Адилбиш 1950-1953 онд ЗХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр зөвлөх, 1953-1956 онд ЗХУ-д Элчин сайдын алба хашсан бөгөөд 1956-1957 онд Гадаад явдлын Яамны сайдаар ажиллажээ. 1957-1959 онд БНУАУ-д, 1962-1963 онд БНЭУ-д, 1973-1978 онд ХБНСЮУ-д элчин сайдаар тус тус ажилласан байна. Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, Сүхбаатарын одон болон ойн медалиудаар шагнажээ. Мөн зарим гадаад улсын медалиудаар шагнуулсан байна. Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд дипломат цолтой.


СОНОМЫН АВАРЗЭД /1922-1989/ 1922 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баян-Өндөр хэмээх газар төржээ. С.Аварзад 1937-1941 онд ЗХУ-ын Эрхүү хотод зоо-мал эмнэлгийн техникумд, хожим Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуульд тус тус суралцаж дүүргэн малын бага эмч, олон улсын хууль зүйчийн мэргэжил эзэмшсэн байна. 1941-1944 онд Говь-Алтай аймагт малын бага эмч, 1944-1945 онд Мал аж ахуйн Яаманд малын бага эмч, орчуулагч, 1953-1954 онд Улсын прокурорын орлогч, 1954-1955 онд Засгийн газрын зохион зааварлах хэлтсийн дарга, 1955 -1957 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албыг хашиж байжээ. 1954, 1958 онд Ардын Их хурлын депутатаар хоёр удаа сонгогджээ. ГЯЯ-нд Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар 1952-1953 онд, ГЯЯ-ны сайдаар 1957-1958 онд, БНУАУ-д Элчин сайдаар 1959-1960 онд тус тус ажилласан билээ. С.Аварзэд нутаг заагдан амьдарч байгаад 1989 онд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.


ПУНЦАГИЙН ШАГДАРСҮРЭН /1918-2015/ Төв аймгийн Баянбараат сумын Ташгай хэмээх газарт 1918 онд төрсөн. 1948-1953 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцан төгсч олон улсын эрх зүйч мэргэжилтэй болсон бөгөөд хожим Марксизм-Ленинизмийн их сургуулийг дүүргэжээ. П.Шагдарсүрэн 1953 оноос ГЯЯ-ны Европын хэлтсийн орлогч эрхлэгч, Ёслолын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1955-1958 онд БНАСАУ, БНЭУ-д элчин сайд, 1958-1963 онд ГЯЯ-ны орлогч сайд, сайдын албан тушаалыг хашсан юм. 1963-1971 онд Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1971-1986 онд БНУАУ, БНАГУ, ХБНСЮУ, БНААфгУ, БНХАУ-д элчин сайдаар тус тус ажилласан. 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. П.Шагдарсүрэн Халх голын тулалдаанд биеэр оролцсон ахмад дайчин билээ. Улс эх орны өмнө түүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж “Байлдааны Улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, Ардын хувьсгалын болон Халх голын ялалтын ойн медалиудиар шагнажээ. Түүнчлэн зарим гадаад улсын одон, медалиудаар шагнагдсан болно. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой. 2000 онд “Миний мэдэх маршал Чойбалсан” номыг бичиж хэвлүүлсэн.


МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭН /1922-2002/ 1922 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг “Бор үзүүр” гэдэг газар ард Мангалын 6 дахь хүү болон төрсөн. 1932-1935 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын дунд сургуулийг дүүргэж 1938-1941 онд Улаанбаатар хотод анх байгуулагдсан дээд сургуулийн бэлтгэл ангид орж суралцсан. 1941-1942 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын дунд сургуульд багшаар ажилласан. 1944 оноос МУИС-д элсэн орж суралцаж байгаад 1946 онд ЗХУ-д Олон улсын харилцааны дээд сургуульд шилжин 1951 онд тус сургуулийг төгсч олон улсын хууль зүйн мэргэжилтэй болжээ. Англи, орос хэлтэй. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой. 1951-1953 онд ГЯЯ-нд Европын хэлтсийн орлогч эрхлэгч болон эрхлэгч,1953 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1953-1956 онд Шүүх яамны орлогч сайд, 1956-1961 онд БНМАУ-аас БНЭУ-д элчин сайд, 1962-1963 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1963-1968 онд ГЯЯ-ны сайд, 1968-1972 онд НҮБ-ын дэргэд Байнгын төлөөлөгч,1972-1976 онд НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд Байнгын төлөөлөгч,1976-1988 онд ГЯЯ-ны сайд, 1988-1991 онд НҮБ-ын дэргэд Байнгын төлөөлөгчөөр тус тус ажиллажээ. Улс эх орныхоо өмнө түүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон ойн медалуудаар шагнажээ. Түүнчлэн хэд хэдэн гадаад орны одон, медалиуд хүртжээ. М.Дүгэрсүрэн БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар хоёр удаа томилогдон нийтдээ 17 жил ажилласан түүхтэй хүн юм. 1991 оноос гавьяаныхаа амралтыг эдэлж байна. М.Дүгэрсүрэн, О.Хосбаярын хамт 1998 онд “Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс”, 2000 онд “Олон улсын эрх зүй” ном туурвиж хэвлүүлсэн.


ЛУВСАНДОРЖЫН ТОЙВ /1915-1970/ 1915 онд Баянхонгор аймгийн Жинст сумын Хонгорын тал гэдэг газар Лувсандоржийн тавдугаар хүү болон төрсөн.1929-1934 онд багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгсч 1934-1936 онд Завханд дунд сургуулийн багш, захирал, гэгээрлийн хэлтсийн дарга,1936-1940 онд цэргийн сонины эрхлэгчээр ажилласан.1940-1942 онд ЗХУ-д Лениний нэрэмжит улс төрийн Академи, 1947-1949 онд МУИС-д суралцан төгссөн бөгөөд1947-1950 онд Хэвлэл, утга зохиол хянах газрын даргаар ажиллаж байсан. 1953 оноос дипломат ажилд шилжсэн. Үүнд1953 –1957 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, зөвлөх,1957-1960 онд ГЯЯ-нд Өрнөд хэлтсийн эрхлэгч, 1960-1962 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 1962-1964 онд ЗХУ-д Дипломатын дээд сургуульд суралцан төгсчээ. 1964-1966 онд НҮБ-ын дэргэд Байнгын төлөөлөгч, 1966 оноос ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1968-1970 онд ГЯЯ-ны сайдаар ажиллаж байгаад өвчний учир наснаас нөгчсөн. Л.Тойв ЗХУ-ын уран зохиолчдын хэд хэдэн дорвитой бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлжээ. Л.Тойв нь төрийн байгууллагад удирдах албан тушаалын ажлыг 27 жил гүйцэтгэсэн, гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавин ажилласан хүн. Л.Тойвын хөдөлмөрийг өндрөөр үнэлэн 1939,1965 онд “Алтан гадас” одон, 1937 онд хурандаа цол, 1945 онд “Цэргийн гавьяаны” одон, 1950 онд “Хөдөлмөрийн гавьяаны” одон, 1964 онд “Онц бүрэн эрхт элчин сайд” цолоор шагнажээ.


ЛОДОНГИЙН РИНЧИН /1929-1998/ 1929 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг “Захуй зарман” гэдэг газар төрсөн. 1939-1949 онд Улаанбаатар хотын бага сургууль, үлгэр жишээ 1 дүгээр дунд сургуульд суралцаж дүүргээд 1949-1955 онд ЗХУ-ын Алма-Ата хотын ХАА-н дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. 1955 оноос ХААЯ-нд мэргэжилтэн, 1957 оноос Газар тариалангийн хэлтсийн дарга, ерөнхий агрогомич, 1960 оноос мөн Яамны нэгдүгээр орлогч сайд, 1967-1970 онд Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны Дээд зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1970-1976 онд Гадаад явдлын Яамны сайд, 1976-1980 онд Хөдөө аж ахуйн яамны сайд, 1981-1985 онд ХБНСЮУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1985 оноос МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, 1986 оноос Ардын Их Хурлын даргын хариуцлагатай албыг хашиж байв. Л.Ринчингийн хөдөлмөр, идэвхи зүтгэлийг төр засгаас өндөр үнэлж, түүнийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор 4 удаа, мөн “Алтан гадас” одон, Монгол Улсын “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, “Хүндэт дипломатч” цол тэмдгээр шагнажээ.


ЦЭРЭНПИЛИЙН ГОМБОСҮРЭН /1943-.../ 1943 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг “Уньт” хэмээх газар төрсөн. 1951-1961 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жиоийн дунд сургууль, 1961-1966 онд ЗХУ-ын хэвлэлийн дээд сургууль, 1974-1976 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургууль, 1979 онд ЗХУ-д Дипломатын Академийн тус тус төгссөн. Ц.Гомбосүрэн 1967-1970 онд Улсын хэвлэлийн комбинатад инженер технологч, 1970-1974 онд мөн комбинатын үйлдвэрийн хэлтсийн даргаар ажилласан. 1976-1982 онд ГЯЯ-ны нэгдүгээр хэлтсийн дарга, 1982-1984 онд ГЯЯ-ны орлогч сайд, 1984-1987 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын Яаманд элчин зөвлөх, 1987-1988 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч, 1988-1996 онд Гадаад харилцааны сайдаар тус тус ажилласан. Ц.Гомбосүрэнгийн бүтээлч хөдөлмөрийг үнэлэн төр засгаас “Алтан гадас” одон, “Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолоор шагнажээ.


МЭНДСАЙХАНЫ ЭНХСАЙХАН /1955-.../ 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963-1973 онд Улаанбаатар хотын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг төгссөн. 1973-1978 онд ЗХУ-ын Киевийн их сургуулийг Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. 1984-1986 онд ЗХУ-ын ШУА-д аспирантурт суралцан эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг хамгаалжээ. 1978-1984 онд Гадаад худалдааны Яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1987-1990 онд Гадаад худалдааны Яамны сайдын зөвлөх. 1991-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, 1993-1994 онд Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хороооны дарга, 1996 онд Гадаад харилцааны сайд, 1994-1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд 1998 оноос “Премьер интернэшнл компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2004 оны 8 дугаар сараас УИХ-ын гишүүн , Гадаад бодлогын байнгын хороооны даргаар ажиллаж байсан.


ШҮХЭРИЙН АЛТАНГЭРЭЛ 1951 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969 онд дунд сургууль, 1975 онд Москвагийн Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийг тус тус дүүргэсэн. Орос хэл утга зохиолын мэргэжилтэй. 1975-1980 онд УБДС-д багш,1980-1988 онд ОХДС-д багш,1988-1991 онд ОХДС-д декан, 1991-1993 ГХДС-д проректор, 1993-1996 онд МҮАН-ын суртал мэдээлэлийн хорооны даргаар ажиллаж байсан. 1996-1998 онд Гадаад харилцааны дэд сайд, Гадаад харилцааны сайд,мөн Гадаад харилцааны сайдын улс төрийн зөвлөх,тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдын албыг хашсан. 1999 –2001 онд Бельги Улсад, 2008-2013 онд Франц, 2013-2015 онд ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байв. 1999 онд “Хүндэт дипломатч тэмдэг”-ээр шагнагджээ.


РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ 1961 онд Улаанбаатар хотноо төрсөн. Мэргэжсэн нятлан бодогчдын Үндэсний нийгэмлэгийн анхны Ерөнхийлөгч, Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Үндэсний дэвшлийн намыг үүсгэн байгуулагчдын нэг. 1978-1982 онд ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УААА-н дээд сургууль төгссөн. 1982-1983 онд МҮЭ-ийн төв Зөвлөлд мэргэжилтэн, ТИС-д багшаар ажиллаж байсан. 1983-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд, 1990-1991 ТИС-д багшаар тус тус ажилласан. 1994-1995 онд Английн Брэдфордын Их сургуульд суралцан, Макро эдийн засгийн шинжлэх ухааны мастер хамгаалсан. 1991-1996 онд Эдийн засгийн коллежийн захирлаар ажилласан. 1996 оноос УИХ-ын гишүүн, 1998 онд МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн хоёр дахь Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдаар ажилласан. 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан. 1994 онд “Алтан гадас одон”-гоор шагнагдсан, 1992 онд “Эдийн засгийн ухаан” хэмээх сурах бичиг туурвисан. 2004 оны 8 дугаар сараас 2016 он хүртэл УИХ гишүүнээр сонгогдон ажиллаж байв.


НЯМ-ОСОРЫН ТУЯА 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1965-1975 онд 10 жилийн 23 дугаар дунд сургууль төгссөн. 1975-1980 онд ЗХУ-д Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. 1984 -1985 онд Парисын Сорбонны Их сургуульд суралцаж, Францын соёл иргэншлийн сэдвээр диплом хамгаалсан. 1994 онд Британид Лийдсийн их сургуульд “Ардчилалын онол, үйл явц” сэдвээр суралцаж, улс төрийн ухааны мастерийн зэрэг хамгаалсан. Орос, англи, франц хэлтэй. 1980 -1990 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны гадаад нэвтрүүлгийн албанд редактор, хариуцлагатай редактор, 1990 –1995 онд Стратеги судлалын төвд ажилтан, 1992 –1997 онд МҮАН-ын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга, 1996-1998 онд ГХЯ-ны Нэгдсэн бодлогын газрын дарга,1998 – 2000 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албыг хашсан. Н.Туяа Ази, Номхон далайн аюулгүй байдал, хамтын ажиллагааны Монголын үндэсний хороог тэргүүлэн ажиллаж байв.


ЛУВСАНГИЙН ЭРДЭНЭЧУЛУУН 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972 онд Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургууль, 1988 онд Дипломатын Академийг тус тус дүүргэсэн. Англи, орос хэлтэй. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой. 1972-1980 онд Гадаад явдлын Яамны Олон улсын байгууллагын хэлтэст атташе, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1980-1984 онд НҮБ дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1985-1990 онд ГЯЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга, 1990-1996 онд НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газарт байнгын төлөөлөгчийн орлогч, байнгын төлөөлөгч, 1997-1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2000 оны 2 дугаар сараас МАХН-ын даргын гадаад бодлогын зөвлөх, мөн оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байв. Л.Эрдэнэчулууны хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор шагнажээ. Л.Эрдэнэчулуун 2000–2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг хашсан.


ЦЭНДИЙН МӨНХ-ОРГИЛ 1964 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1982 онд Улаанбаатар хотын 23 дугаар дунд сургууль, 1988 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль, 1996 онд АНУ-ын Харвардын их сургуулийн хуулийн сургууль тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр цолтой. Нью-Йоркийн "БАР"-ын холбооны гишүүн. 1988-1991 онд Гадаад харилцааны яаманд атташе, 1991-1995 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга, 1996-1997 онд АНУ-ын Вашингтон хотноо олон улсын хуулийн пүүст хуульч, 1997 оноос хуулийн зөвлөгөө өгөх “Мөнх-Оргил, Идэш, Линч” компаний ерөнхий захирал, 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан. 2004 -2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажилласан. 2004,2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.


НЯМААГИЙН ЭНХБОЛД 1957 оны 1 дүгээр сарын 6-нд төрсөн. 1979 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд Москва хотын намын дээд сургууль, 1997 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн. Инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Удирдлагын ухааны магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрээр, 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, 1986-1990 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, 1990-1993 онд “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Шадар сайдын зөвлөх. 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 2006-2007 онд Гадаад хэргийн сайдаар ажилласан. 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэр бүл, хүү, охинтой.


САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургуулийг төгссөн, 1987 онд Чехословак Улсын Карлын Их сургуулийг геохимич мэргэжлээр төгссөн, 1996 онд Англи улсын Кембрижийн Их сургуулд Байгалийн Шинжлэх Ухааны доктор цол хамгаалсан. 1988-1990 онд Монгол-Чехийн хамтарсан үйлдвэрт геологич, 1990-1991 онд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрт төслийн нарийн бичгийн дарга, 1996-1998 онд Англи улсын уул уурхайн Рио Тинто компанийн судалгааны төвд төслийн геологчоор тус тус ажиллаж байв. 1998-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004 -2005 онд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Эх Орон-Ардчилал Эвслийн бүлгийн дарга, 2006-2007 онд Мянганы Хөгжлийн Зорилтууд ба ядуурлыг бууруулах дэд хорооны дарга, 2000 оноос одоог хүртэл Иргэний Зориг Намын даргаар ажиллаж байна. 2004-2008 oнд УИХ-ын гишүүн, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн,Гадаад хэргийн сайд. 2008-онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.


НЯМЦЭРЭНГИЙН ЭНХТАЙВАН 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996.08.16-наас Гадаад худалдаа хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн 1999.08.16-2004.04.15 Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II Нарийн бичгийн дарга 2008.04.04-2011.09.23 Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан Зөвлөх,2011.09.23-2012.08.31 Гадаад худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын захирал, 2020.07.08-2021-Гадаад харилцааны сайд, Төгссөн сургууль 4-р 10 жилийн дунд сургууль Эрдэнэт хот Бүрэн дунд боловсрол 1978-1988 Монгол улсын Политехникийн дээд сургуул Улаанбаатар хот, 1988-1989 Бээжин хотын Худалдааны их сургууль, 1988-1993 Шинэ Зеланд, Велингтоны их сургууль Дипломатын дээд курс, 1997-1998 МУИС Улаанбаатар хот Магистр Эдийн засагч 1998-1999. АНУ-ын Стрэйерийн их сургууль,Магистр Бизнесийн удирдлага 2004-2006

Return to "Монгол Улсын Гадаад хэргийн сайд нар" page.