Хучилт хийх хөрсийг сайжруулах
Нөхөн сэргээлт хийх талбайн хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн үед төлөвлөж буй нөхөн сэргээлтийн чиглэлийг харгалзан хөрс сайжруулалт хийх ба уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг харгалзан үзнэ. Үүнд:
• Нөхөн сэргээлт хийх талбайд хөрс сайжруулалт хийх зайлшгүй шаардлага
• Нөхөн сэргээлтэд хамрагдах талбайг бэлтгэсэн байдал
• Нөхөн сэргээлтээд ашиглахаар нөөцөлсөн шимт хөрсний хэмжээ
• Үржил шимт хөрсний үе давхаргын шинж чанарын үзүүлэлтүүд
• Хөрс сайжруулалт хийхэд шаардагдах материал, түүний олдоц
• Нөхөн сэргээх газрыг цаашид ашиглах чиглэл болон байгаль орчин, нийгэм-эдийн засгийн үр өгөөж зэрэг болно.
Хучилт хийх хөрсний үе давхарга нь хөрс сайжруулалт хийхэд тохиромжтой эсэхийг урьдчилан тодорхойлох бөгөөд уг хөрс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү агууламжтай цацраг идэвхт элемэнт, хүнд металл, пестицидийн үлдэгдэл болон бусад хортой нэгдлүүдийг агуулаагүй, үйлдвэрлэлийн хаягдал, хайрга чулуу болон барилгын материалын хаягдлаар бохирдоогүй байх шаардлагатай.
Хөрс сайжруулах үйл ажиллагааг нийтэд нь эсвэл сонголтоор гэсэн 2 хувилбараар хэрэгжүүлдэг. Нийтэд нь хөрсний чанарыг сайжруулах ажлыг нэг төрлийн хөрстэй газарт явуулна. Харин сонгож хөрсний чанарыг сайжруулах ажлыг хөрсөн бүрхэвч нь хэд хэдэн төрлийн хөрснөөс бүрдсэн, илт мэдэгдэхүйц микрорельеф бүхий эдэлбэр газарт хэрэгжүүлнэ.
Мөн хөрсний үе давхаргын үржил шим, механик бүрэлдэхүүнээс хамаарч, хучилт хийх хөрсний чанарыг сайжруулах үйл ажиллагааг ердийн ба хосолмол гэж 2 хуваадаг. Хөрс сайжруулах ердийн үйл ажиллагааг хучилт хийх хөрсний мөхлөгийн бүтэц болон нөхөн сэргээлт хийж буй газрын хөрсний мөхлөгийн бүтэц маш бага ялгаатай байх нөхцөлд нэг удаагийн үйлдлээр хэрэгжүүлнэ. Харин хөрс сайжруулах хосолмол үйл ажиллагааг дээрх үзүүлэлтүүд ихээхэн ялгаатай байх нөхцөлд 2 үе шаттай хэрэгжүүлдэг. Үүнд:
• 1-р үе шат: Шимт хөрсөөр 10-15 см зузаантай хучилт хийх ба түүнийг сайжруулж буй хөрстэй холих.
• 2-р үе шат: Шимт хөрсөөр нөхөн сэргээлтийн төсөлд тусгагдсан хэмжээнд хүртэл хучилт хийх.