Хурдан морины уралдаан

Хурдан морины уралдаан нь Монголчуудын найр хурим, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл юм. Эрт үеэс мал аж ахуй хөдөлмөрийнх нь хамгийн гол салбар болсноор үл барам, уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр сэтгэшгүй байдаг монголчуудын хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.

Тойм агуулга

засварлах

Монголчууд таван хошуу малаа маллан өсгөх, адуулах, хариулах, өвс бэлчээр сонгох талаар бүхэл бүтэн мэдлэг ухааныг буй болгосны дотор сайн морь, хурдан хүлгийг шинжин таних, морь уяж сойх арга, мэдлэгийн тогтолцоог бүрдүүлэн морь уралдуулж наадам хийх журам ёсыг тогтоон бий болгосон юм. Ийнхүү морин уралдаан нь амьдралын хэрэгцээ баяр наадмын гоёл цэнгээний шаардлагаар үүссэн монгол хүний хамгийн дуртай цэнгэл болсон байна.

Хурдан морь уралдах зай

засварлах

Баяр наадамд хурдан морь уралдуулах ёс журам өвөрмөц онцлогтой. Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд бас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Тэгэхдээ уул, ус, замын бартаа, замын өгсүүр зэрэг газар орны онцлогоос шалтгаалан энэ зам нутаг нутагт ялимгүй өөр байх нь бий. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна.

Унаач хүүхдүүд

засварлах

Хурдан морь унаач хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Цамцны ар өвөр, өмдний өвдөг, малгайн урд талд хорол, чандмань, таван хошуу, өлзий зэрэг хээ, шувуу, эрвээхэйн дүрс урласан байдаг нь ялган таних тэмдэг болдгоос гадна баатар чадал, алдар суу, хөнгөн хурдныг бэлэгдсэн зан үйлийн зориулалттай юм. Өөрөөр хэлбэл эрвээхэйн дүрс бол хүүхэд хөнгөн байх, нисч яваа шувуу нь морь хурдан байхыг бэлгэдсэн байдаг.

Хурдан морины гөхөл, сүүлийг үзэмжтэй сайхнаар засч янзлан боодгоос гадна уралдаанд ирэх үед нь хөлс хусах хусуур, сойз мэтийг гоё чимэглэлтэй хийж, хүлгийн хүч чадлыг бэлгэдсэн хээ угалзаар чимэглэдэг байна. Тухайлбал хурдан морины хусуур нь дөрвөн хүчтэн, өлзийт найман тэмдэг зэрэг зөн бэлгэдлийн утга бүхий хээтэй байдаг.

Гийнгоо

засварлах

Наадмын өдөр тогтоосон цагт уралдаанд орох морьдыг бүртгэн жигдэрч гүйцмэгц бүгээн зүстэй жороо буюу хатиртай морь унаж ёслолын дээл хантааз, жанжин малгай өмссөн хүн туг барин уралдах морьдыг манлайлан дагуулж наадмын талбайг гурав тойрох үед морь унасан хүүхдүүд "Гийнгоо" аялан морьдоо сэргээн хөөрүүлдэг.

Хурдан морь гарах үед хөгжим өргөж наадмын их дуу гэж алдаршсан "Түмний эх"-ийг дуулдаг.

Зээ олон жагсаал агтын

Уяаны дотроос

Олж жагсаахуйд

Илүү зохистой

Үсэргээд ирэхийн цагт

Үзэмжтэй морин аль нь вэ? гэсэн үгтэйгээр хурдан морьдыг гарааны газар руу үдэж гаргадаг. Гарааны газар очоод бүх морьдыг эгнүүлэн зогсоож, ахлагчийн тусгай дохиогоор наадмын талбай руу уралдуулна. Хурдан морьд ийнхүү уралдан ирэх хооронд бөх барилдах, сур харвах зэргээр наадмын ажиллагаа үргэлжилж байснаа морьд барианы газар руу ирэх үеэс хөгжимчин, дуучин нар "Түмэн эх"-ийн өөр түрлэгүүдийг дуулж, хөгжимдөх бөгөөд үүнд :

Зээ татаад одохын цагт

Дохин тэмүүлээд

Тавиад ирэхийн цагт

Тасархай ганцаараа түрүүлэгч

Тэр олон түмний эх

Хэний морин бэ?

Зээ олон морьдын түмний эх

Тод магнай торгон жолоо нь

Энэ болмой зээ гэж уг дууг төгсгөхийн хамт залган "Холч морь" хэмээх уртын дууг морь ирэхэд заавал дуулж хуурддаг заншилтай. Уралдаанд түрүүлсэн моринд "Түмний эх", бүх барьсан морьдын хамгийн сүүлчийн буюу тасалгаанд орсон моринд "Бүрэн жаргал" гэсэн цол өгнө

Мөн үзэх

засварлах

Наадам

Наадмын сорилго барилдаан