Хувьсгалт Монгол танкийн бригад
1942 оны I сард хуралдсан БНМАУ-ын ХХҮ бага хурал «Хувьсгалт Монгол улс» нэртэй танкийн цуваа байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх ажил зохион явуулахыг Сайд нарын Зөвлөлд даалгажээ. Энэхүү шийдвэрийн дагуу тус улсын Засгийн газар 2.5 сая гаруй төгрөг нэмэрлэжээ.
Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг ЗХУ-д очсон маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид «Хувьсгалт Монгол улс» танкийн цувааг 1943 оны 1 сарын 12-нд Москвагаас холгүй байлдаж байсан танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд баяр ёслолын байдалтай хүлээлгэн өгчээ. Эл цуваа нь тус бүрийн цамхаг дээрээ оросоор «Хувьсгалт Монгол улс», дээд захаар нь «МАХН-ын Төв Хорооноос», «БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс», «БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс», «Д.Сүхбаатар», «Х.Чойбалсан», «Хатанбаатар Магсаржав», «Г.Бумцэнд», «Монголын малчдаас», «Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдээс» гэх мэтчилэн тус цувааг байгуулахад хөрөнгө нийлүүлсэн нийгмийн бүх давхраа, албан ба олон нийтийн байгууллага, 18 аймгийн нэр бичээстэй Т-34 болон Т-70 маркийн 53 шинэ танкаас бүрэлдсэн байна.
«Хувьсгалт Монгол улс» хэмээх 112 дугаар танкийн бригад нь Курскийн цүлхэнд болсон алдарт тулалдаанд оролцсон бөгөөд гарамгай гавъяа байгуулсан учир «гвардийн» гэдэг хүндэт цол хүртэж, «Гвардийн танкийн 44-р бригад» гэж нэрлэгдэх болжээ. Дараа нь тус бригад 1944 оны I сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлаг тулалдсаны учир Бердичев хотын нэрэмжит болгожээ. Эл бригад тасралтгүй ялалт байгуулсаар Берлиний чигт хийсэн ерөнхий давшилтад оролцож германы цэргийн эсэргүүцлийг няцаан, IV сарын 25-нд Берлинд орж тус хотыг чөлөөлөлцжээ. Бердичевийн нэрэмжит «Хувьсгалт Монгол улс» гвардийн танкийн 44-р бригад Москвагийн дэргэдээс бүтэн 4 жил шахам аян дайны алдарт урт замыг туулж, гарамгай гавъяа байгуулжээ.